Энэ жил Дуурь бүжгийн эрдмийн театрын 50 жилийн ой тохиож буй. Тус театрын хамт олон ойн баярын өдрүүдээр үзэгчиддээ олон сайхан сонгодог бүтээлээр бэлэг барихаар шийдсэн байна. Тавдугаар сарын 14-ны өдөр буюу маргааш тус театрт эрдэм шинжилгээний бага хурал хийж, “Улаан хивсний ёслол” болохын зэрэгцээ уран бүтээлийн түүхийн үзэсгэлэнг нээж, Монголын сонгодог урлагийн түүхийг өгүүлсэн “Гэгээн оргил өөд” баримтат кино гаргах юм.
Харин тавдугаар сарын 15-нд П.И.Чайковскийн “Евгений Онегин” дуурь, 16-нд Э.Чойдог “Шарилжин дундах цэцэг” балет, Н.Римский-Корсаков “Щехерезада” балет, 17-нд Х.Билэгжаргал “Ламбугайн нулимс” дуурь тоглогдоно. Тавдугаар сарын 18-нд алдарт “Хунт нуур” балетаа толилуулж, 19-ний өдөр “Гала концерт”-оор үзэгч түмэндээ бэлэг барьж, ойн баяраа олон сайхан уран бүтээлээр үзэгчиддээ хамт өнгөрүүлэх нь ээ.

Сэтгэгдэл ( 0 )