БНСУ-ын визний өөрчлөлт өнөөдрөөс эхлэн хэрэгжих юм байна. Тодруулбал БНСУ-аас манай улсад суугаа Элчин сайдын яам өнгөрсөн оны 10 дугаар сараас эхлэн Визний нөхцлийг хөнгөвчлөх ажлыг эхлүүлсэн. Тэгвэл үргэлжлэл болгон өнөөдрөөс эхлэн ЭСЯ-тай харилцах банкны тоог нэмэгдүүлэх, визний хөнгөвчилсөн нөхцөлд хамрагдах иргэдийн хүрээг тэлэх ажил эхлүүлж байгаа юм. Мөн бүрдүүлэх материал танилцуулах аргачлалыг сайжруулах зорилго бүхий “Виз олгох нөхцлийг хөнгөвчлөх” хоёр дахь шатны хэмжээ авч эхэлж байна.
Визний бүрдүүлэх материалын санхүүгийн чадварыг батлах бичиг баримтуудын нэг болох “Визний зориулалттай хугацаат хадгаламж”-ийг зөвхөн Хаан банкинд нээж холбогдох лавлагаа олгодог байлаа. Тэгвэл Худалдаа хөгжлийн банк, Голомт банкны салбаруудад визний зориулалттай хугацаат хадгаламжийг нээх боломж бүрджээ.
БНСУ-ын Элчин сайдын яам визний зориулалттай хугацаат хадгаламжийн мөнгөн дүнг 10-20 сая төгрөгөөр тогтоосон байсан. Харин одоо 7-14 сая төгрөг болгожээ.
Мөн сүүлийн нэг жилийн нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн цалингийн дундаж хэмжээ сард 1,4 сая төгрөгөөс дээш иргэн хялбарчилсан аргаар виз олгох нөхцөлд хамрагдах боломтой. Мөн ЭСЯ-аас тогтоосон банкны VIP үйлчлүүлэгч болон түүний гэр бүл буюу нөхөр, эхнэр, хүүхэд, Эмчилгээний зорилгоор 2-оос дээш удаа зорчсон иргэн “Хялбарчилсан аргаар виз олгох нөхцөл”-д хамрагдах юм байна.

Сэтгэгдэл ( 0 )