Төмрийн хаягдал авах цэгээс мөнгөн ус илэрчээ

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 09

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын нэгдүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Дэлгэрэх” хүнсний захын орчимд иргэн Г нь мөнгөн усаар бариулсан алтыг хайлуулах үйл ажиллагаа явуулж орчныг бохирдуулсан нь илэрсэн тухай өмнө мэдээлсэн. МХЕГ-ын Нэгдсэн төв лабораторийн ахлах шинжээч газар дээр нь ажиллан, орчны шинжилгээ хийж байна. Объектийн ойр орчмын 0-130 метр зайд 12 цэгээс хөрсний дээж, 8 цэгт агаарын сорьц дээж авчээ. Мөн бохирдсон хэсгийн 9.6 м2 талбайн хөрсийг хуулсны дараа дахин хөрсний дээжийг уг талбайгаас конвертийн цуглуулах аргаар 15 см гүнээс 1 дээж авч шинжилсэн байна.

Шинжилгээний дүнгээр хөрснөөс авсан 12 дээжний 1-8 хүртэлх сорьцонд мөнгөн усны агууламж стандартад заасан зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтрээгүй байна. 9-12 хүртэлх сорьцонд мөнгөн усны агууламж зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 4-5 дахин их үзүүлэлтээр бохирдсон байв. Агаарын сорьцуудын бохирдол стандартад заасан хэмжээнээс хэтрээгүй байна гэж дүгнэжээ.

Бохирдсон хөрсийг хуулсны дараа дахин авсан 1 дээж сорьцонд мөнгөн усны агууламж стандартад заасан хэмжээнээс хэтрээгүй гарсан байна.

ОБЕГ-ын Ариутгал халдваргүйжүүлэлтийн бүлэг иргэн Г-ийн 2х4.8 метр талбайтай объектын өрөө, хөрс, гадна хана, дээвэр зэрэг нийт 35 м2 талбайд саармагжуулалтийг хийж хөрс, агаараас дахин дээж авч шинжлэхэд сорьц зөвшөөрөгдөх хэмжээнд гарчээ.

Саармагжуулалтыг хийн явцдаа объект дотор дэвссэн шалны хулдаас, хананы завсар буланд жижиг дусал хэлбэрээр тархсан мөнгөн усныг цуглуулж авсан байна. Дээврийн хэсгийн дулаалгын материал, шалны хулдаас, агааржуулалтын хоолойг бөглөж байсан бохирдолтой эд зүйлийг цуглуулж битүүмжлэн, заримыг зориулалтын бодисоор саармагжуулсан аж.

Төмрийн хаягдал авах цэгээс мөнгөн ус илэрчээ

Энэ сарын 4-ний өдөр Баянхонгор сумын хуучнаар модны үйлдвэрийн хашаанд мөнгөн ус шиг зүйл байна гэсэн Цагдаагийн байгууллагын мэдээллээр газар дээр нь үзлэг хийхэд төмрийн хаягдал цуглуулдаг талбайд тээрмийн тогооны суурийн доор хэсгээс мөнгөн ус илэрсэн бөгөөд хамгаалалтын зурвас тогтоон, нүдэнд харагдах хэсгүүдийг цуглуулан авч байна. Хамгаалалтын зурвас доторхи хөрсний 5 цэгээс сорьц авч шинжилгээнд хамруулахад хөрсөн дэх мөнгөн усны агууламж зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 3.6 дахин их байжээ.

Бохирдсон 2х2м талбайн хөрсийг 20 см хуулж ул хөрснөөс дахин дээж авч шинжилгээнд хамруулахад мөнгөн усны агууламж зөвшөөрөгдөх дээд хэмжээг хангаж байлаа. Төмрийн хаягдал цуглуулдаг 16.5х17.7м2 талбайд /бохирдсон талбай орно/ саармагжуулалтийг хийж давтан хөрс, агаарын дээжийг хийхэд сорьц зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтрээгүй байна.

Тус тээрмийн тогооны улнаас 06-ны өдрийн байдлаар 700 гр мөнгөн ус /бохир жин/ цуглуулаад байна.

Иргэдээс ирүүлсэн мэдээллийн мөрөөр шалгав

Орон нутагт хууль бусаар алтны агуулга бүхий хүдэр бутлан үйл ажиллагаа явуулж байгаа иргэдийн талаар мэдээлэл авах тусгай утас ажиллуулсанаар мэдээллийн дагуу есөн объектын 20 цэгээс хөрсний 12, шламны 7 дээжийг авч лабораторийн шинжилгээнд хамрууллаа. Шинжилгээний дүнгээр мөнгөн ус зөвшөөрөгдөх хэмжээнд байв.

2013 оны 04 дүгээр сарын 09 өдөр “Цацрах гэгээ” халуун усны газар металл хайлуулах зуух ажиллуулж байна гэсэн Цагдаагийн хэлтсийн мэдээллийн дагуу хяналт шалгалт хийж иргэн Ө-ын явуулж байсан үйл ажиллагааг зогсоосон. 2013 оны 05 дугаар сарын 02 өдөр “Цацрах гэгээ” халуун усны газрын орчмоос хөрсний 8, агаарын 4 дээж авч, лабораторийн шинжилгээнд хамруулахад мөнгөн усны агууламж нь стандартын үзүүлэлтийг хангаж байна.

Баян-Овоо сумын нутагт байрлах “Хөх бүрдний эх” ХХК-ийн Хүдэр баяжуулах цехийн лабораторид иргэн Г, Б нар мөнгөн ус худалдан авч, хадгалж, ашигласан гэх мэдээллийн дагуу Цагдаагийн хэлтэс шалгалж, тухайн лабораторийн орчноос хөрсний 1, агаарын 3, шламын 2 дээжийг авч лабораторийн шинжилгээнд хамруулсан. Шинжилгээгээр мөнгөн ус зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтрээгүй дүн гарчээ. Тус компанийн Хүдэр баяжуулах цехийн дарга Г нь 2013 оноос хойш цехээс химийн бодистой шлам, мөнгөн ус ашигласан гэх мэдээллийн дагуу Цагдаагийн хэлтэс шалгалж, тухайн цехийн орчноос хөрсний 2, агаарын 4, шламны 3, Баянхонгор сумын төвд хуучнаар “Барилга трест”-ийн агуулахад хураасан шламнаас 6 дээжийг авч лабораторийн шинжилгээнд хамрууллаа. Эдгээр сорьц дээжээс мөнгөн усны агууламж стандартад заасан хэмжээнээс хэтрээгүй байв.

БОАЖГУУХГ-аас Баянхонгор аймгийн МХГ-аас тухай өдөр хийгдсэн ажлын талаарх илтгэх хуудсыг өдөр бүр авч уг ажиллагааг хэрхэн гүйцэтгэх талаар мэргэжил арга зүйн зөвөлгөө өгч, удирдлагаар ханган ажиллаж байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top