Хаалгаар оров уу, үгүй юу л “Алив, мөнгөө өг” гэж шамдуулж, хиртэй гараараа мөр рүү ёворсон кондукторын ууртайг гайхаж амжаагүй байтал хажуугийн залуу хөл дээр гишгэх нь тэр. Амьхандаа, олон хүний дунд шахцалдаж байгаагаа уучлах шалтгаан болгож, өнөөх “соёлтой” залууг хөлөө авахыг нь хүлээлээ. Гэвч ер санаа нь зовсон шинжгүй, миний хөл дээр гишгэсэн чигээрээ зогсч байтал автобус ч хөдөллөө. Буудлаас хөдөлсөн даруйдаа хурдаа нэмсэн автобусны аясаар амьсгалах ч зайгүй шахалдсан зорчигчид бөөрөнхий мах аятай л ийш тийшээ бөмбөрөх нь тэр. Худалч хүнд, хамгийн хойно зогсч байсан зорчигч урд хаалга хүртэл “нисч” иртэл тоормослох үзэгдлийг хотын түгжрэл ихтэй замд жолоочийн гаргаж буй авьяас чадвар гэж тодотгосон ч болохоор. Хажуугийн эгнээ рүү дайрч, бага оврын автомашинуудыг шахаж зогсохдоо “Замаас зайлахгүй бол хүүхдийн тоглоомыг чинь дайраад хаячихна шүү” гэж гар зангидан түрэмгийлэх жолооч цаанаа л нэг “давуу” эрхтэй. Угтаа бол, нийтийн тээврийн хэрэгсэл хотын замд нэгдүгээр эгнээгээр зорчих ёстойг зааж өгсөн шар зураас хүртэл татаж, тусгаарлах шон тавьсан байгаа. Бүр тус эгнээгээр зорчиж буй эсэхийг нь хянаж, Нийслэлийн замын цагдаагийн газраас тусгай аян хүртэл өрнүүлсэн гээд бод доо. Гэтэл автобусны аагтай жолооч нарт энэ нь огт хамаагүй бололтой. Аль дуртай эгнээгээрээ зорчиж, зам тавьж өгөөгүй мөнөөх “хүүхдийн тоглоом”-уудыг ёстой л нэг дээрэлхэх шиг болно. За, тэгээд чих дөжрөм чанга дээр нь тавьсан нийтийн дуу, нулимс асгартал хоолой аргуулсан жолоочийн тамхины утааг нь тэвчээд “тамын хөлөг”-өөс хурдхан шиг буухын түүс болдог зовлон ганцхан надад ч тохиолдоод байгаа юм биш ээ. Дээр өгүүлсэн бяцхан жишээ маань нийтийн тээврийн хэрэгслээр зорчиж буй хүмүүсийн хувьд, өдөр тутам тохиолддог дасал болсон үйл явдал. Урьд нь бид нийтийн тээврийн чиглэлд үйл ажиллагаа явуулдаг микро автобусны талаар сайн, муу зүйл олныг ярьдаг байсан. Суудлынхаа тооноос илүү хүн суулгах, үйлчилгээний үнээс хэтэрсэн мөнгө нэхэх, зориулалтын бус газарт буулгах, хурд хэтрүүлэн давхих гэх мэт асуудлаас гадна жолооч, кондукторуудын харилцааны болон хувийн соёлын талаар шүүмжлэх хүн даанч олон.
Хүүхэд, хөгшдийг хүний тооноос “хасч” орхисон микро автобусны кондукторууд ойртож харагдсан хэн бүхнийг бараг л гуйх, чирэхийн хооронд хүчээр шахам суулгадаг моод одоо ч бий. Тэгсэн атлаа зорьсон буудалд нь хүргэж чадахгүй, замын түгжрэл энэ тэрээр далимдуулан дуртай газраа хөөж буулгадаг хэвээрээ. Өөрсдөө ч багтах зайгүй болтлоо хүн чихэж суулгачихаад өмхий амаараа үнсэх шахам тулж зогсон, хиртэй мөнгөөрөө нүүр ороолгох дөхдөг увайгүй залуус кондукторын ажил хийдэг болсоор удаж байна. Тэдний хэлдгээр “нугас” буюу жолооч, зорчигчийн суудлын хоорондох зайд хүн суулгах хориотой байдаг ч тэр нь зөвхөн цаасан дээр үлдсэн дүрэм журам гэлтэй. Ихэнх тохиолдолд тус газарт зорчигчдыг чихэж суулгадаг бөгөөд замын цагдаа нарын хяналт чангарсан үед арай өөр арга хэрэглэдэг гэж байгаа.
Тухайлбал, замын цагдаа харагдмагц мөнөөх суудалд буй зорчигчдыг бусад суудал руу шилжүүлэхээс гадна заримыг нь тэнд хэвтүүлэх маягаар нууна. “Нүглийн нүдийг гурилаар хуурав” гэгчийн үлгэрээр замын цагдаа нартай нуугдаж тоглосон микро автобусны жолооч нар энэ ажилдаа харин ч нэг гаршсан бололтой. Мэдээж хэрэг, энэ тоглоомын золиос нь зорчигчид шүү дээ. Танил эмэгтэй маань цагаан өнгөтэй шинэхэн пальтогоор гангарч явахдаа уг тоглоомын “гол баатар” болсон бөгөөд хирэндээ баригдсан халтар суудал дээр нь хэвтэж чадахгүй гэснийхээ төлөө арай л замын дунд шидүүлээгүй гэсэн. Өөр нэг танил маань мөн ингэж татгалзсан ч микро автобусны кондуктор залуу буудал дээр ирмэгцээ үсдэж буулгаад бөөн юм болсон түүхтэй. Гэвч уг хэрэг нь шүүх, прокурорын шатанд хүртэл хүндэрч эхэлмэгц бяд муутай эмэгтэй хүнд ааг омгоо гаргасан дээрэлхүү эр нус нулимстайгаа хутгалдан уучлалт гуйж арчаагаа алдсан юмдаг. Гэсэн хэдий ч, тэдэн шиг улс цөөрнө гэж байхгүй биз. Өнөөдөр нийслэлийн төв замаар зорчихыг нь хориглосон ч “галзуу хулгана”-ууд хийдгээ хийж, даварсаар л байгаа. Харамсалтай нь, зорчигчдийн эрх ашгийг зөрчиж буй иймэрхүү байдал нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй том оврын автобуснуудад ч “нэвтэрчээ”. Арга ч үгүй биз дээ. Техникийн ашиглах хугацаа нь хэтэрсэн, чанарын шаардлага хангахгүй тээврийн хэрэгслүүдийг үйлчилгээнээс хасах журам гарсны дагуу олон жолооч ажилгүй болсон. Тэд тухайн үед Авто тээврийн газрын үүдэнд жагсаал хийж эсэргүүцсэн ч төдийлөн амжилт олоогүй бөгөөд ихэнх нь нийтийн тээврийн автобус компаниудад орсон гэдэг.
Ингэлээ гээд байдал өөрчлөгдсөнгүй, харин ч бүр жижиг “галзуу хулгана”-аа томоор сольсон жолооч нар хотын замд дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэх таатай боломж бүрджээ. Энэ бүхнээс үүдэн сүүлийн жилүүдэд аваар осол шил дараалан гарч, гэмтэж бэртсэн зорчигчид Гэмтэл согог судлалын үндэсний төвийг дүүргэх шахсан нь нууц биш. Өнгөрсөн жил л гэхэд, энэ байдал хэд хэдэн удаа давтагдсан. Сансрын тунелийн замд хурд хэтрүүлсэн давхисан автобусны жолооч өмнөө байгаа бага оврын долоон машиныг мөргөсөн томоохон ослыг хэн хүнгүй л санаж байгаа болов уу. Мөн эгнээ байраа буруу эзлэн улмаар бусад машинтай шүргэлцэх, хурд хэтрүүлэн давхиснаар хүүхэд дайрч, хүн мөргөж гэмтээсэн тохиолдлууд ч олширч буй. Зорчигчдынхоо амь нас, эрүүл мэнд төдийгүй ая тухтай байдлыг бүрэн хангаж үйлчлэх нь нийтийн тээврийн хэрэгслийн жолооч нарын хувьд чухал үүрэг баймаар. Гэтэл замын хөдөлгөөнд оролцох наад захын соёл ч байхгүй, зорчигчдоо юман чинээ үл тоосон бүдүүлэг нөхөд олон байгаа учраас өнгөрсөн жилийн хавар автобус компанийн удирдлагууд Нийслэлийн замын цагдаагийн газартай хамтран сургалт явуулсан байдаг.
Зуны улиралд хэн хүнгүй л амарч, зугаалахаар ийш тийшээ явчихдаг болохоор нийтийн тээврийн хэрэгслийн ачаалал ч энэ хэрээр буурдаг нь ойлгомжтой. Харин хичээлийн шинэ жил эхэлж, албан байгууллагуудын үйл ажиллагаа жигдэрдэг намар, өвлийн улиралд автобусаар зорчино гэдэг ёстой л “Шопрот”-той адил зүйл болох нь. “Сэргээш-3” хошин зохиомж дээр гардаг шиг автобусны хаалга хаагдахгүй болтол чихэлдэж, бие биенээсээ зүүгдсэн оюутнуудын жинхэнэ “амьд” жишээ хаа сайгүй харагдана.
Түрүүнд жолооч, кондукторуудын харилцааны соёлын тухай асуудлыг хөндсөн бол, одоо зорчигдынхоо соёлыг жаахан “магтаад” авмаар санагдлаа. Автобусны хаалга онгоймогц хажуугийн хүмүүсээ түлхэж, үхэн хатан зүтгэх залуусын хөлд үрэгдэхээс айсан хөгшид, хүүхэд багачууд хамгийн сүүлд орох нь элбэг. Арайхийж багтсан бол хаа нэгтээ харагдах бариул, баганаас зуурч авахгүй бол “галзуу хулгана”-ын эрчинд ийш тийшээ шидэгдэх, хөл гараа гэмтээх, суудлын ирмэг болоод цонх мөргөх аюул ойрхон бий. Гайхалтай нь, ийн сэрэмжлэхийн сацуу бусдад төвөг учруулахгүй гэсэн мань мэтийн соёл зарим хүнд огт байдаггүй юм билээ. Чихэвч зүүж дүлий царайлсан оюутан “эрхмүүд” хээвнэг нэг налж зогсчихоод гар утсаараа тоглохыг зөндөө л харлаа. Зарим нь бүр цүнхний оосор, алчуурын үзүүрээс зуурчихаад арай л мөр дэрлэж унтах нь халаг юм болно гээч. Суудалд тухалсан “азтай” нөхөд унтсан дүр эсгэж, буух ёстой газраа ирэхээр гэнэт сэрж таардаг сонирхолтой дүр зургийг олонтаа харна, тэндээс. Хажууд нь тогоон чинээ гэдэстэй жирэмсэн бүсгүй, таяг тулсан хөгшид байвал тэд бүр хурхирч гарна. За, энэ ч яахав. Цонх нь хаалттай, амьсгаа давчдам бүгчим орчинд элдэв төрлийн сүрчиг, хөлс, хирний үнэр хамар нэвт цоргих нь дотор муухайрмаар. Нэг гараараа бариулаас зуурч, нөгөө гараараа цүнхээ дарж яваа нөхцөлд бол хамраа хавчих сиймхий ч гарахгүй.
Гэмгүй царайлсан урт хуруутай нөхдөд мөнгө төгрөг, гар утсаа алдчихгүй юмсан гэхдээ суганыхаа булчирхайг цочтол цүнхээ хавчих хэрэгтэй гэсэн теором тархинд бүр аль эртнээс суусан юм чинь. Гудамж, талбайд ч гэсэн ялгаагүй. Хурдан гүйдэг “элээ”-нүүдэд шүүрүүлэх аюул ойрхон байгаа учраас хүүхэддээ хүртэл энэ аргаасаа зааж өгөхөд гэмгүй. Ямартай ч автобусанд орохдоо халаасаа хоослож, цүнхээ хавчиж орохгүй л бол нэмэргүй. Ингээд өөрийнхөө хэмжээнд тэмцсээр байхад л цүнхний хажуу бөөр, ёроолыг “хөөрхөн” гэгч нь зүсээд модерн маягийн хээ тавьчихдаг хүнд гарууд цөөнгүй. Энэ мэтээр адал явдал, тэмцэл дунд өрнөсөн зовлонт мөч минь замын түгжрэлээс хамааран янз бүрээр үргэлжилдэг юм даа. Буух ёстой газраа ирээд “ард олон”-ыхоо хүчинд түрэгдэж буугаад харвал гадуур хувцасны товч тасарч, бүс тайлагдсан байх нь энүүхэнд. Гутал маань олон янзын хээтэй болсон төдийгүй үс гэзэг ширэлдэж, орооцолдоод эгээтэй л хүн айлгасангүй. Нас биед хүрсэн би ингэж байгаа юм чинь хүүхэд, хөгшид яадаг бол оо. Цүнхээ дааж ядсан балчирхан жаалын толгой дээр тохойлдоод зогсчихдог оюутан охид, таягтай хөгшний цүнхийг ч өвөр дээрээ авах сэтгэлгүй суудалд тухалсан залуусыг хараад хэлэх үг олддоггүй юм. “Хайр аа” гэж хэлээ хазан бие биедээ эрхэлж, нялуурах атлаа хажуу дахь нэгэндээ тусалж чадахгүй яваа тэднийг эх орны минь хөгжлийг үүрэлцэх ирээдүй гэж хэлэхээс ч ичмээр санагддаг.
Тэднээс гадна хогтой уут үүрсэн архичид ямар ч үед “дархлагдсан зорчигч” хэвээрээ гэж мэд. Архи, тамхины эхүүн үнэр хийгээд бохир хувцаснаас нь сэжиглэсэн хүмүүс сайн дураараа зай тавьж өгч байхад автобусны шалан дээр хэвтээд өгсөн ч чадах л улс. Түрийвч нээхийн хооронд үсдэх шахдаг ууртай кондуктор гуай “дархлагдсан зорчигч”-оосоо 400 төгрөг ч нэхэж чадахгүй шүү, аягүй бол “мартчихдаг” биз. Нийтийн тээврийн хэрэгслийн жолооч нарын соёл төдийгүй зорчигчдын үйлчлүүлж буй соёлын тухайд ч асуудал их. Энэ мэтээр бичээд байвал барагдахааргүй “их хотын ичмээр соёл”-ын тухай бичиглэлээ үүгээр төгсгөе. Хэрэв дээрх “аялал”-д оролцохыг хүсвэл та аль дуртай автобусандаа суу. Ялангуяа хотын захын дүүрэгт бол энэ бүхэн жинхэнэ утгаараа өрнөнө дөө.
Р.Мөнгөн
Сэтгэгдэл ( 7 )
zarim avtobus salaglaal yavj yadaj bsnaa daraagiin avtobus ni guitseed irheer uheh gej bga yum shig davhidgii ni yanaa.
mash zov sedviig asuusal bolgoj baigaad bayarlalaa.bid ter namuudaas ter erh barigchdaas amar taivan amidrah erhee neheh yostoi.ene autobus mikriin asuudal ch uund bagtana shdee.tosvii mongo tatvariin mongo haashaa yawaad bnaa gedeg n uneheer aimshigtai.nam namaaraa taltsah bus bid erhee edleh shaardlaga tavih erhtei shuu.
cain bizgee unen chuu
zarim konduktaruud bas mungu dr ajilnaa 5000tugrug ugchuud haruiltaa avie geheer bji bji gecheed yag buuh bolood haruiltaa avie gd dahiad heleheer urdaas zagnaad haruiltiig hcin ugsun mugsun bi shudarga hun chi luivarchin edr gd aimar zevuunee
yag unen avtobusnii joloochiig tysad ni kyrst syylgax xeregtei baruunii ornyyd avtobusnii joloochiig mash ondor shalgyyr udaan kyrst syrgadag ene zarchimiig xeregjuulex xeregtei