Дайны эрсдэлийн даатгал нэрийн дор “МИАТ” ТӨҮК-иас их хэмжээний мөнгө завшсан хэрэгт буруутгагдаад байгаа “Монголиан Эйрлайнес” группийн захирал Ч.Хоролсүрэнгийн биеийн байдал муудсан гэх мэдээлэл дугаар шилжих мөчид ирлээ.
Хувь хүний нууцыг хадгалах үүднээс түүний оношийг олон нийтэд мэдээлэх нь зохимжгүй юм. Гэвч эх сурвалжуудаас авсан мэдээллээс үзэхэд түүний эрүүл мэндийн байдлыг хүндэтгэн үзэхээс аргагүй байгаа аж.
Ч.Хоролсүрэн, түүний төрсөн дүү Ч.Суурьтогтох болон “МИАТ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал асанууд болох Монгол Улсын гавьяат нисэгч Р.Бат-Эрдэнэ, Ц.Орхон, түүний гэргий Ү.Цэцэгмаа, ТӨХ-нд ажиллаж байсан С.Батхишиг нарыг баривчлан хориод байгаа билээ.
Тэдэнд Эрүүгийн хуулийн 166 дугаар зүйлийн 1-ийн 3 буюу мөнгө угаах, тус хуулийн 150-ийн гуравт заасанчлан уг хэргийн улмаас бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэх зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэсэн гэсэн мэдээлэл одоогоор олон нийтэд ил болоод байна.
Хэрэв эх сурвалжийн мэдээлсэнчлэн Ч.Хоролсүрэнгийн бие муудахад хүрвэл “хамсаатанууд” нь түүнд хэргээ хүлээлгэх вий гэсэн айдас ч тэдний гэр бүлийнхэнд төрөөд байгаагаа мэдүүлж эхэлсэн бололтой.
Ямартай ч Монголд урьд хожид дуулдаагүй “Дайны эрсдэлийн даатгал” гэгчээс их хэмжээний хөрөнгө завшсан хийгээд хэзээ ч “улайж” байгаагүй “МИАТ-ийн удирдлагуудын” гэх хэргийн “буглаа”-г анх удаа нээсэн нь олон нийтийн талархлыг хүлээж буй. Харин хэргийг хэрхэн шийдвэрлэх нь мөн л нийтэд ил тод байгаасай гэсэн хүлээлт үүсээд байна.
У.Оргилмаа

Сэтгэгдэл ( 0 )