Микробын эсрэг эм бэлдмэлийг мал аж ахуйд одоогийн түвшинд хэрэглэсээр байвал 2040 он гэхэд антибиотикийн хэрэглээ 30 хувиар нэмэгдэж, улмаар ийм эм, бэлдмэлд тэсвэртэй микроб гарч, дэлхий дахинд 318 тэрбум ам.долларын алдагдалд хүргэнэ гэж НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын /ХХААБ/ тайланд дурджээ.
ХХААБ-ын тооцоолсноор, микробын эсрэг эм бэлдмэлд тэсвэртэй бичил биетүүд гарч ирснээр мал аж ахуйн үйлдвэрлэлд дэлхийн хэмжээнд 318 тэрбум ам.долларын хохирол учруулна. Өсөлтийг түргэтгэгч антибиотикоос татгалзсан тохиолдолд хохирлын хэмжээ 53 тэрбум ам.долларт хүрнэ. Ингэхдээ дэлхийн эдийн засаг болон хүн амын амьжиргаанд илүү хүндээр тусна гэж тайланд анхааруулсан байна.
Ийм төрлийн эм бэлдмэлд тэсвэртэй бичил биет өргөнөөр тархвал 2025-2040 оны хооронд 1.25 их наяд ам.долларын хохирол учрах тооцоол гарчээ. Өсөлт түргэтгэгч антибиотикоос хатуу татгалзвал хохирлын хэмжээ 80 тэрбум ам.доллар байх юм.
Бичил биетүүд антибиотикт тэсвэртэй болоход антибиотикийн үйлчилгээ муудаж, улмаар эмчилгээний уламжлалт аргууд үр дүнгүй болдог. Үүний улмаас хүн, амьтан, ургамлын дунд өвчлөл, эндэгдэл, үхэл нэмэгддэг байна. Хөдөө аж ахуйн салбарт энэ нь үйлдвэрийн алдагдалд хүргэж, хүнсний аюулгүй байдал ноцтой хөндөгдөж, амьжиргаанд сөргөөр нөлөөлдөг байна.
Антибиотикийн хэрэглээ 30 хувь буюу 143.5 мянган тонноор нэмэгдэхийг НҮБ онцгойлон анхааруулсан байна.

Сэтгэгдэл ( 0 )