Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад дэгдээд байгаа Эбола вируст халдварын нөхцөл байдал ноцтой болж байна гэж мэдэгджээ. Халдварт өвчинтэй тэмцэхэд ирэх гурван сард 115 сая ам.доллар шаардлагатай байна.
Тус улсад нийт 344 халдварын тохиолдол батлагдаад байгаагаас 60 хүн нас баржээ. Хөрш зэргэлдээх Уганда улсад нийт есөн тохиолдол батлагдаж, нэг нас баралт бүртгэгдээд байна.
ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Аданом Гебрейесус Эбола вируст халдвар тархсантай холбогдуулан аяллын хязгаарлалт тавьсан улс орнуудад хандан эл арга хэмжээ нь вируст халдвартай тэмцэхэд саад тотгор учруулж байгаа тул цуцлахыг уриалсан байна. Учир нь эл хязгаарлалт нь нийлүүлэлтийн гинжин хэлхээг тасалдуулж, халдварын дэгдэлтэд хариу арга хэмжээ шуурхай авахад хүндрэл учруулж байгаа аж.
Халдвар анх бүртгэгдсэн Итури муж дахь тогтворгүй байдал, лабораторийн шинжилгээний хүртээмж хязгаарлагдмал байгаа нь Эбола вирусийн Бундибужио омгоор үүсгэгдсэн халдварын тархалтыг хянахад хүндрэл учруулж байна. Түүнчлэн, Итури мужид эмнэлгийн ажилтнуудын аюулгүй байдлын асуудал хурцаар тавигдаад байна. Эбола халдвартай өвчтөнүүдийг эмчилж буй эмнэлэгт халдах тохиолдол нэг бус удаа бүртгэгдээд байгаа юм.
Халдварын бүсэд ажиллаж буй эмч нарын ярьснаар, халдвар авагсдын тоо нэмэгдсээр байна. Тус бүсэд хувийн халдвар хамгаалалтын хэрэгслийн нөөц хязгаарлагдмал байгаа талаар Олон улсын сувилагчдын зөвлөл (ICN) анхааруулжээ. Эмч, сувилагчдад халдвар хамгаалалтын хэрэгсэл хүрэлцэхгүй байгаа тул тэдний аюулгүй байдлын асуудал хурцаар тавигдаж байна. Үүний сацуу, оношилгоонд их хугацаа зарцуулж байгаа нь халдвар тархахад хүргээд байна.

Сэтгэгдэл ( 0 )