МОНГОЛД төсөл ЗОВЛОН л болно

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Монголд ер нь ямар ч төсөл зовлон болсоор ирсэн юм. Хамгийн том бөгөөд анхны төсөл бол социализм байгуулах төсөл байлаа. Тэр нь улс даяар хэлмэгдлийн гашуун зовлон болж 70 жил улаан орхимж дунд аж төрсөн юм. Дараа нь ардчилал байгуулах төсөл хэрэгжүүлсэн ч тэмцсэн ардчиллаа өөрсдөө яйруулахыг нь бид харсаар сууна. Энэ хооронд жижиг төслүүд ч хэрэгжсэн зүйл алга. Эгийн голын УЦС-ыг социализмаас л хойш ярив. Одоо ч сураг үгүй. “ДЦС-5”-г ч олон жил ярилаа. Алга. Газрын тосны үйлдвэрийг арав илүү жил ярилаа. Байхгүй. Метрог хорь илүү жил, Богд уулаа нүхэлнэ гэж хэчнээн ч жил маргав, бас л байхгүй. Түгжээ гэж хэдэн ч жил улиглав. Одоо ч шийдэгдсэн юмгүй л сууна. Уншигч та бодоод үзээрэй дээр дурдсан жижиг төслүүдээс хэд нь хэрэгжээд амар сайхандаа жаргав...

Нэг ийм гунигтай тооцоолол байна. Монгол дахь төслүүдэд улс төр, амбиц, ашиг сонирхол хэт оролцохын хэрээр зардал, сөрөг үр дагавар нэмэгдэж, төсөл явцдаа биш анх эхлэхдээ л бүтэлгүйтсэн байх нь олонтаа. Судалгаанд дурдсанаар том төслүүдийн дөнгөж 0.5% нь төсөв, цаг хугацаа, үр өгөөжийн амлалтаа биелүүлдэг. Эсрэгээрээ 99.5% нь төсөв хэтэрч, цаг хугацаа, үр өгөөжөө алддаг гэж тооцоолжээ. Үүнийг мөхөс би цээжний пангаар бичээд байгаа бус Монголбанкны эдийн засагчдын тооцоолол юм. Яг үүний үлгэрийг та бид бүгдээрээ хардаг юм даа. Өчигдөр “Тэнгэр ТВ”-гээр гарсан хэлэлцүүлгийг үзэв үү. “Туулаа хамгаалдаг” улсууд, “Туулаа сүйд хийдэг” улсуудтай мэтгэлцэв. Төслөө хамгаалагчид нь ч гэж хамгаалагчид юм. Сөрж эсэргүүцэж байгаа улсууд нь ч гэж таарсан юм. Төслийн бодит үр өгөөжийг ярихын оронд Туул гол хэрхэн ширгэх вэ, Туулын хурдны зам шиг хэрэггүй зүйл үгүй гэж баахан манупляц хийсээр дуусав аа. Дуусахдаа, “Туулын хурдны замыг дэмжихгүй гэсэн байр суурь илэрхийллээ” гэсэн том дүгнэлтээр дуусав. Хоржоонтой нь энэ ТВ-ийн цаад эзэн нь “Ноён Талх” гэж байгаа. Талх нь МАН-ын гишүүн гэж байгаа.

Судалгаанд дурдсанаар том төслүүдийн дөнгөж 0.5% нь төсөв, цаг хугацаа, үр өгөөжийн амлалтаа биелүүлдэг. Эсрэгээрээ 99.5% нь төсөв хэтэрч, цаг хугацаа, үр өгөөжөө алддаг гэж тооцоолжээ.

Уг нь байна аа, долоо хоногтоо арав илүү цагийг түгжирч өнгөрөөдөг манайх шиг улсад хамгийн хэрэгтэй төсөл нь “Туулын хурдны зам” байсан юм. Манайх шиг хотод хөндлөн болон хэвтээ чиглэлд авто замаар холбосноор түгжээ гэдэг чагтган гацаанаасаа гарна. Үүнийг аль 20-иод жилийн өмнө “JICA” бодож тооцоолсон байдаг. Үүнийг нь тэр үед ч, одоо ч тоож харах хүн алга. Өөрийгөө судлаач гэсэн хялар хүүхэн, антропологч гэж гөрддөг “токсик” хүүхэн, сэтгүүлч байснаа лайвчин болсон нэгэн этгээд оройлоод Туулын хурдны замыг зогсооё гэж уриа хашхиралдаж байна. Эдгээр хүмүүсийг төрх, царайг уншигч та тогтоогоод аваарай. Түгжирч гацах болгондоо, 00 зогсохдоо эдгээр хүмүүсийг л харааж зүхээрэй, өөр хэнийг ч биш.

Туул гэдэг бол Хан Хэнтийн нуруунаас эх авдаг. Үндсэндээ Хан Хэнтийн мөсөн голоос эх авч урсдаг гол юм. Одоо энхрий хайрт Туулаа аврагчдыг эрс үгүйсгэх нэг баримт хэлье. Одоогоос 2300 жилийн өмнө Архимед 1-р хуулиа бодож олоод “Эврика” гэж шалдан гүйж байлаа. Тэр чухамдаа “усанд хийсэн биеийн эзлэхүүнтэй тэнцүү хэмжээгээр ус дээш түрнэ” гэдгийг бодож олсон нь энэ юм. Манай жишээн дээр бол хөрсний усны төвшин Туулын усанд хийсэн баганын хэмжээгээр дээш түрнэ гэсэн үг. Түүнээс биш бидний өнгөн дээр тасарч, татрахгүй. Мөсөн гол байж л байвал ажлаа хийсээр Туул ширгэхгүй гэсэн үг. Хэрвээ Туулаа аврагчдын хэлж ярьж буй нь үнэн бол одоогийн Хууль зүйн сайд сэлмээ эргүүлж бургас хядсан 2018-2019 оны орчимд ширгэчих байлаа. Туулын ай савд авлигын сүлжээ цементэн ширэнгэ босгоход ч ширгэчих байлаа. Золоор байгаль эх ажлаа хийсэн тулдаа өнөө хэр нь биднийг ундаалсаар байгаа юм. Хэрэйд аймаг Туулын хар түнэдэд нутагладаг байхад ч ордон харш босгосон. Туулаа аврагчдын тооцооллоор 13-р зуунд ор мөргүй татрах байв. Гэвч тэгээгүйг та бид мэднэ. Золоор 1.6 сая Улаанбаатарчуудын баас, шээсийн 167 мянган тонн усыг хоногт арай гэж цэвэрлэхтэй үгүйтэй байхад ч ширгээгүй юм. Заяагаар Заамар орчимд гар аргаар алт угааж гольдролыг нь сэндийчиж байхад ч ширгээгүй.

Туулаа хамгаалагчдын төрх, царайг уншигч та тогтоогоод аваарай. Түгжирч гацах болгондоо, 00 зогсохдоо эдгээр хүмүүсийг л харааж зүхээрэй, өөр хэнийг ч биш.

Туулаа хамгаалагчдын муу амласнаар мөхөх хэд, хэдэн шалтгаан байна. Хур бороо 70% татарч, эх дэлхий дараагийн сүйрэлдээ бэлдэх мөчид татарч мэднэ. Хан Хэнтийн нурууны бүх Тунгускийн солир унасан шиг нэг шөнийн дотор алга болбол ширгэхгүй ч дундарч мэднэ. Хан Хэнтийн мөсөн голыг нэг шөнийн дотор хайлуулаад хаявал урсац тасарч ширгэнэ. Сүүлийн 800 жил шиг байгаль энэ хэвээрээ үргэлжилбэл татрахгүй. Татрах нөхцөл ч үүсэхгүй. Муу амласан харанхуй бүдүүлгүүд ч цөөрөхгүй. Улс шиг улс бол шүлсээ үсчүүлж, муу амлагчдыг ардаа хийгээд бодлогоо боловсруулаад, аливаа төслөө шинжлэх ухаанчаар тайлбарлаад цааш явдаг юм. Даанч манайх сошиал дагаж намирсаар энэ хүрлээ. Түгжээтэй, утаатай, хэрүүлтэй, талцалтай Улаанбаатар хэдэн жил навсайхыг Туулаа хамгаалагчид ч үл мэднэ...

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хувь(43.242.242.131) 57 минутын өмнө

Монголчууд бүгд усны, барилгын инженерүүд, төсөвчид болсон байна. Энэ Туулын замын төсөл хийгдэх ёстой нэн тэргүүний төслийн нэг. Хэн ч сэрүүн байх цаг хугацааныхаа 50 хувийг зам дээр өнгөрүүлэхийг хүсэхгүй биз дээ.

0  |  0
Top