Монгол Улсаас Индонез улсад суугаа Элчин сайд Д.Энхтайван Индонезийн худалдаа, аж үйлдвэрийн танхимын дарга Аниндя Новян Бакри болон танхимын удирдах албан тушаалтнуудтай уулзлаа.
Уулзалтаар Элчин сайд Д.Энхтайван Монгол Улс Бүгд Найрамдах Индонез Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаандаа өндөр ач холбогдол өгдөгийг тэмдэглээд энэ 2026 онд хоёр улс дипломат харилцаа тогтоосны түүхт 70 жилийн ой тохиож буйг онцлов. Ойн хүрээнд Монгол, Индонезийн харилцаа, хамтын ажиллагааг бүхий л чиглэлд өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө хоёр талаас хамтран ажиллаж байгааг мэдээлж, энэ хүрээнд хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, үүнд бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгж хоорондын хэлхээ холбоог бэхжүүлж, тэдгээрт шинэ зах зээлийн боломж олгох нь чухал байгааг онцлон тэмдэглэв.
Индонезийн худалдаа, аж үйлдвэрийн танхимын дарга Аниндя Н. Бакри хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн ба талууд хамтран ажиллах боломжтой салбар, чиглэлийг тодорхойлох, Монгол, Индонезийн бизнес форумыг зохион байгуулах талаар санал солилцож, үүнд оролцох боломжтой бизнесийн байгууллага, аж ахуйн нэгжүүдийн талаар үргэлжлүүлэн мэдээлэл солилцож ажиллахаар тогтов. Эдгээр зорилтын хүрээнд МҮХАҮТ-тай цахим уулзалт хийх саналыг Индонезийн худалдаа, аж үйлдвэрийн танхимын дэвшүүллээ.
Үүнтэй холбогдуулан Элчин сайд Д.Энхтайван МҮХАҮТ, Индонезийн Худалдаа, аж үйлдвэрийн тахим хооронд 2024 онд байгуулсан хамтын ажиллагааны баримт бичгийг түвшин ахиулан шинэчлэх саналыг дэвшүүлж, хамтын ажиллагааны харилцан ойлголцлын санамж бичгийн төслийг гардуулав.
Уулзалтын төгсгөлд Элчин сайд Д.Энхтайван, танхимын дарга Аниндя Н. Бакри нар хамтран хэвлэл мэдээлэлд товч ярилцлага өгч, хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэв.

Сэтгэгдэл ( 0 )