Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар тэргүүтэй төлөөлөгчид 2026 оны нэгдүгээр сарын 22-23-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Хятад Ард Улсад ажиллана. Томилолтын бүрэлдэхүүнд БОУАӨ-ийн сайдын зөвлөх Ч.Мөнхжаргал, БОУАӨЯ-ны Нэгдсэн бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Бат-Өлзий, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрын дарга З.Батбаяр, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрын дарга Н.Оюунсанаа нарын албаны хүмүүс багтаж байна.
Энэ удаагийн албан томилолт нь Монгол Улс 2026 онд зохион байгуулах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын бэлтгэл ажлыг хангах, уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтол, цөлжилттэй тэмцэх чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, санхүүжилт, хөрөнгө оруулалт, технологийн дэмжлэг татах зорилготой юм.
Энэ хүрээнд Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх чиглэлээр хоёр улсын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, Ногоон санхүүжилт, нүүрстөрөгчийн зах зээл, нөхөн сэргээлт, ойн аж ахуй, цэвэр технологийн чиглэлээр хамтарсан төслүүдийг хэлэлцэх хүрээнд БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар БНХАУ-ын Экологи, хүрээлэн буй орчны сайд болон Усны нөөцийн сайдтай хоёр талт уулзалт хийнэ.
Мөн Монгол Улсын уур амьсгалын бодлого, олон улсын үүрэг амлалтын хэрэгжилтийг хангах, ногоон хөрөнгө оруулалт татах, бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор Бээжинд Монгол Улсыг хавсран суугаа орнуудын Элчин сайдуудад Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ыг танилцуулах арга хэмжээг зохион байгуулна.
Түүнчлэн Монгол Улсын уур амьсгалын бодлого, олон улсын үүрэг амлалтын хэрэгжилтийг хангах, ногоон хөрөнгө оруулалт татах, бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх хүрээнд Базелийн конвенцийн Ази, Номхон далайн бүсийн төв (Basel Convention Regional Center-China) болон Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулахаар төлөвлөөд байна.
Мөн Монгол Улсын уур амьсгалын бодлого, олон улсын үүрэг амлалтын хэрэгжилтийг хангах, ногоон хөрөнгө оруулалт татах, бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх хүрээнд БНХАУ-ын байгаль орчны чиглэлээр ажилладаг төр хувийн хэвшлийн компаниудын төлөөллүүдтэй уулзалт хийхээр товлоод байна.

Сэтгэгдэл ( 0 )