“Уул уурхайн салбарын 7 хоног” арга хэмжээ Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төвд зохиогдоно

З.Энхлэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Монгол Улсын Засгийн газрын бодлогын хүрээнд уул уурхайн салбар дахь хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, хөрөнгө оруулагчдын хууль ёсны эрх ашгийг хамгаалах, төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор “Уул уурхайн салбарын 7 хоног” арга хэмжээг Эдийн засаг, хөгжлийн яам, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, АМГТГ, ГҮА, УУҮАссоциаци зэрэг байгууллагууд хамтран Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төвд зохион байгуулна.

Тус арга хэмжээнд төрийн байгууллагууд, уул уурхайн салбарын хөрөнгө оруулагчид, аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцож, уул уурхайн салбарын өнөөгийн нөхцөл байдал, бодлого, эрх зүйн орчны шинэчлэл, салбарт тулгамдаж буй асуудал, цаашдын хамтын ажиллагааны боломжийн талаар хэлэлцэх юм.

7 хоногийн хүрээнд дараах гол арга хэмжээнүүд зохион байгуулагдана.

Үүнд:

  • Уул уурхай, геологи, хайгуулын салбарын өнөөгийн байдал, цаашид баримтлах бодлогын танилцуулга
  • Хүнд аж үйлдвэр, газрын тосны салбарын бодлого, эрх зүйн шинэчлэлийн хэлэлцүүлэг
  • Геологийн судалгааны ажлын үр дүн, мэдээллийн системийн танилцуулга
  • Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, татварын асуудлаарх чөлөөт хэлэлцүүлэг, бодлогын санал солилцоо
  • Төлөвлөгөө, тайлангийн маягт бөглөх сургалт, хөрөнгө оруулагчдад зориулсан зөвлөгөө
  • Хөрөнгө оруулагчдад тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх чиглэлээр 7 хоногийн турш зөвлөгөө, мэдээлэл өгөх үйл ажиллагаа болно.

“Уул уурхайн салбарын 7 хоног” арга хэмжээ нь 2026 оны 1 дүгээр сарын 26-30-ний өдрүүдэд Засгийн газрын XI байрны 1 давхарт зохион байгуулагдах бөгөөд хөрөнгө оруулагчдын дуу хоолойг төрд шууд хүргэх, асуудлыг эрт шатанд шийдвэрлэх, уул уурхайн салбарт ил тод, тогтвортой, таатай хөрөнгө оруулалтын орчныг бүрдүүлэхэд чиглэнэ.

Дэлгэрэнгүй мэдээллийг 51-263700 дугаараас авна уу.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top