Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч М.Мөнхбат Монголын Эмнести интернэшнлийн гүйцэтгэх захирал Б.Алтантуяа, компанит ажлын зохицуулагч Я.Цэцэнзаяа нарыг 2026 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар талууд хүний эрхийг хамгаалах, хуульчдын мэргэжлийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр дараах дөрвөн үндсэн чиглэлд хамтран ажиллахаар болов. Үүнд:
-Хэлэлцүүлэг зохион байгуулах: Хот дахин төлөвлөлт, газар чөлөөлөлтийн явцад иргэдэд олгох “Шударга нөхөн олговор”-ын асуудлаар салбарын мэргэжилтнүүд, хуульчид болон иргэний нийгмийн төлөөллийг оролцуулсан хэлэлцүүлэг зохион байгуулна.
-Мэргэшсэн хуульчдыг бэлтгэх: Газрын эрх зүйн чиглэлээр нарийвчлан мэргэшсэн хуульч, сургагч нарыг бэлтгэх сургалтын хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлж, мэргэжлийн боловсон хүчнийг чадавхжуулна.
-Төрийн албан хаагчдын чадавхыг бэхжүүлэх: Төрийн байгууллагын албан хаагч нарт зориулж, газар чөлөөлөх үйл ажиллагааны явцад хүний эрхийг хангах, хууль тогтоомжийг олон улсын стандартад нийцүүлэн зөв хэрэглэх талаар арга зүйн сургалт орно.
-Олон улсын эрх зүйн нөлөөллийг бэхжүүлэх: Олон Улсын хүний эрхийн шинэ гэрээ, конвенцын төсөл боловсруулах, хэлэлцэн батлах үйл явцад Монгол Улсын идэвх, оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр талууд хамтран ажиллана. Энэ хүрээнд олон улсын эрх зүйн баримт бичгийн төслүүдэд мэргэжлийн санал, дүгнэлт өгөх хуульчдын экспертүүдийн багийг байгуулж, үндэсний байр суурийг тодорхойлоход дэмжлэг үзүүлнэ.
Энэхүү хамтын ажиллагаа нь хот төлөвлөлтийн явцад иргэдийн өмчлөх эрх зөрчигдөхөөс сэргийлэх, хүний эрхэд суурилсан хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгоход чухал ач холбогдолтой юм.

Сэтгэгдэл ( 0 )