Олон улсын монгол судлалын хурал Варшав хотод зохион байгуулагдлаа

Я.Болор | Zindaa.mn
53 минутын өмнө

Бүгд Найрамдах Польш Улсын Варшавын Их Сургуулийн Ази, Африкийн факультетээс хоёр жил тутамд уламжлал болгон зохион байгуулдаг “Mongolia and the Mongols: Past and Present – Монгол улс ба монголчууд: Өнгөрсөн ба өнөө үе” сэдэвт олон улсын Монгол судлалын тавдугаар хурал амжилттай болж өндөрлөлөө.

Хурлыг Польш дахь Монгол Улсын ЭСЯ, Варшавын Их Сургуулийн Ази, Африкийн соёлын салбар, Монгол Улсын Их Сургууль хамтран зохион байгуулсан бөгөөд хурлын нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсаас Бүгд Найрамдах Польш Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Оюундарь, БНПУ-ын Варшавын их сургуулийн ректор, доктор профессор Alojzy Z. Nowak, МУИС-ийн ректор Б.Очирхуяг, Варшавын Их Сургуулийн Ази, Африкийн соёлын факультетийн эрхлэгч, профессор Agata Bareja-Starzyńska, Олон Улсын Монгол Судлалын Холбооны тэргүүн Д.Заяабаатар нар үг хэллээ.

Элчин сайд Н.Оюундарь Монгол судлалын хөгжил, судалгааны салбарт үнэтэй хувь нэмэр оруулж буй эрдэмтэн судлаачдад баяр хүргэхийн зэрэгцээ Монгол, Польш хоёр улсын хамтын ажиллагаа, түншлэлийн ололт амжилтыг онцлон тэмдэглэж, цаашид эдийн засаг, бизнес, боловсрол, соёл, шинжлэх ухаан зэрэг салбарт хамтын ажиллагааны хүрээг өргөжүүлэх өргөн боломжтой талаар танилцуулан хурлын үйл ажиллагаанд амжилт хүслээ.

Хурлын эхний илтгэлийг Францын Шинжлэх Ухааны Үндэсний Төвийн профессор Isabelle Catherine Charleux “‘Buddhist Revolution’ in Funerals and the Tombs of the Mongol Nobles in the Northern Yuan and Qing Periods” сэдвээр танилцуулсан бол Чингис хаан Үндэсний музейн захирал, академич С.Чулуун Польшийн Краков хотын Ур чадварын академи болон ШУА-ийн архивт хадгалагдаж буй XVII зууны тод үсгийн ховор захидлын талаар илтгэл тавив. Мөн МУИС-ийн эрдэмтэн профессор Б.Эрдэнэцогт “Mineral Resources of Mongolia: Impact on Mongolian Economy”, МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн эрхлэгч доктор, дэд профессор Т.Эрдэнэ-Очир “Romanized Mongolian in Public Announcements: Linguistic and Educational Challenges in a Cyrillic Script Society” зэрэг өргөн хүрээний сэдвүүд бүхий илтгэлүүд хэлэлцүүлэгдлээ.

Энэхүү хуралд хэл шинжлэл, шашин судлал, археологи, геологи, анагаах ухаан, соёл судлал, антропологи, эдийн засаг, урлаг судлал зэрэг олон салбарыг хамарсан 10 гаруй улсын (Польш, Франц, Австри, Унгар, ХБНГУ, Их Британи, Монгол, БНХАУ, БНЧУ, Бельги, Эстон гэх мэт) 70 орчим монгол судлаачийн 59 илтгэл хэлэлцэгдсэн нь хурлын цар хүрээ, ач холбогдлыг илтгэнэ.

Хурлыг амжилттай хамтран зохион байгуулсан Варшавын Их Сургуулийн Ази, Африкийн соёлын факультетийн эрхлэгч, профессор Agata Bareja-Starzyńska, Варшавын Их Сургуулийн Дорно дахин судлалын факультетийн Дотоод Азийн ард түмэн ба Түрэг судлалын тэнхимийн эрхлэгч доктор Jan Rogala болон тус тэнхимийн оюутан, хамт олонд гүн талархал илэрхийлье.

Хурлын хаалтын хүндэтгэлийн хүлээн авалтыг Монгол Улсаас Бүгд Найрамдах Польш Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Оюундарь, Польш Улсын Сеймийн гишүүн, парламент дахь Польш–Монголын парламентын бүлгийн дарга ноён Горчица нар нээж, хүндэтгэлийн үг хэллээ.

Хүлээн авалтын үеэр Польш Улсад үйл ажиллагаа явуулж буй “Монгол Аялгуу” хамтлаг, хөөмийч, морин хуурч, МУСТА Б.Есөн-Эрдэнэ, Герман Улсаас хүрэлцэн ирсэн ятгачин, морин хуурч Н.Хулан нар хүндэт зочдод үзүүлбэр толилуулж, арга хэмжээний уур амьсгалийг улам баяжууллаа.

Эл арга хэмжээний хүрээнд Элчин сайд Н.Оюундарь Краковын Шинжлэх ухааны академийн Архивын захирал доктор Адам Корчиньскид Монгол Улсын шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийг хэрэгжүүлэх, хөгжүүлэх үйлсэд оруулсан үнэтэй хувь нэмрийг нь үнэлж, Монгол Улсын Засгийн газрын шагнал болох “Шинжлэх ухааны тэргүүний ажилтан” хүндэт тэмдгийг гардуулан өргөмжлөв. Мөн Польш Улсад амьдарч буй салбар бүрийн төлөөлөл болсон иргэдэд төрийн шагнал гардуулах ёслол болж,

• Монгол Улсын спортын мастер Батын Цолмонд Монголын олимпын хөдөлгөөнийг сурталчлан дэлгэрүүлэх, спортын хөгжилд оруулсан хувь нэмрийг үнэлж Монголын Үндэсний Олимпын Хорооны “Алтан медаль”,

• Шаравын Гиваабалд Алтан гадас одон,

• Төмөрбаатарын Энхжаргалд Алтан гадас одон,

• Лүндэндоржийн Сэржмядагт Алтан гадас одон,

• Райдангийн Гэрэлд Алтан гадас одон,

• Луузаншаравын Бямбаад Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон тус тус гардуулсан нь арга хэмжээний чимэг болсон юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top