“Арьс ширний үйлдвэрлэлийн шинэ технологи, цаашдын чиг хандлага” сэдэвт хэлэлцүүлэг боллоо

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 12 сарын 01

 

“Арьс ширний үйлдвэрлэлийн шинэ технологи, цаашдын чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлгийг 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр ХХААХҮЯ, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн төв, Хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн хүрээлэн, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо хамтран зохион байгууллаа.

Тус эрдэм шинжилгээний хурал нь

  • Арьс ширний үйлдвэрлэлд хэрэглэгдэж буй технологийн шинэчлэл, инновацын шийдлийн бодит боломж, эрсдэлийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хэлэлцэх;
  • Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, техникийн зохицуулалт, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагын хэрэгжилтийг үнэлэх;
  • Салбарын үйлдвэрлэл эрхлэгчид хуулийн хүрээнд тогтвортой үйл ажиллагаа явуулах нөхцөлийг бүрдүүлэх бодлогын зөвлөмж гаргах;
  • “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хүрээнд нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, экспортын хэмжээг нэмэгдүүлэхэд шаардлагатай дэмжлэг, зохицуулалтыг тодорхойлох гэсэн зорилгын хүрээнд "Арьс шир боловсруулах технологи, олон улсын чиг хандлага", "Арьс ширний салбар дахь хууль болон техникийн зохицуулалтын хэрэгжилт", "Тогвортой үйлдвэрлэл, салбарын өрсөлдөх чадвар", "Дүгнэлт, зөвлөмж" гэсэн 4 хэсгийн хүрээнд болж өнгөрлөө.

 

 

Тус хуралд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Оюуны өмчийн газар, Стандарт хэмжилзүйн газар, салбарын эрдэм шинжилгээний хүрээлэн, их дээд сургуулиуд, эрдэмтэн судлаачид, Монгол улсын зөвлөх инженерүүд, боловсруулах үйлдвэрийн төлөөлөл, салбарт ажиллаж буй технологич инженерүүд зэрэг 50 орчим төлөөлөгчид оролцлоо.

 

 

Эрдэм шинжилгээний хурлын хүрээнд эрдэмтэн судлаачид доорх сэдвүүдээр илтгэл тавьж, өргөн хэлэлцүүлэг өрнөж салбарын эрдэмтэн, судлаачид, Монгол улсын зөвлөх инженерүүд, салбарт ажиллаж буй технологич инженерүүд маань санал, зөвлөмжөө хэллээ.

  • "Арьс шир боловсруулах технологийн олон улсын чиг хандлага" сэдвээр Монгол Улсын зөвлөх инженер, доктор, (Ph.D) С.Дашбал,
  • “Монгол хонины арьсыг хром агуулаагүй идээлгийн бодисоор идээлэх технологи” сэдвээр ШУТИС-ийн харьяа Хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн захирал, доктор (Ph.D) Т.Төрмөнх,
  • “Цагаан алт” хөдөлгөөн ба арьс ширний салбарын нэмүү өртгийн сүлжээ: Экспортын өсөлтийн боломж сэдвээр ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Ш.Цэнд-Аюуш,
  • Арьс ширний салбар дахь патент, ашигтай загварын талаархи мэдээлэл сэдвээр Оюуны өмчийн газрын ахлах мэргэжилтэн Б.Оргилмаа,
  • Засгийн газрын 2013 оны 300 дугаар тогтоол “Арьс, ширний үйлдвэрлэл, худалдаанд мөрдөх техникийн зохицуулалт” ба Арьс, шир, үслэг боловсруулах үйлдвэрт тавих ерөнхий шаардлага MNS 5480:2014 стандартын хэрэгжилтийн тухай сэдвээр Стандарт хэмжилзүйн газрын ахлах мэргэжилтэн Ч.Пүрэвдулам,
  • Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ ба арьс ширний үйлдвэрийн тусгай зөвшөөрлийн зохицуулалт, арьс ширний салбарын тогтвортой нэмүү өртгийн сүлжээнд үзүүлэх нөлөөлөл: Зөрчил, шийдэл сэдвээр МАШҮХ-ны ерөнхийлөгч А.Даваасүрэн,
  • Арьс ширний үйлдвэрлэлд шинээр нэвтэрч буй эко химийн материал, технологи сэдвээр Мон-Ирээдүй ХХК-ийн менежер С.Батдаваа,
  • Инновацын технологийн эрсдэлийн үнэлгээ ба салбарын тогтвортой хөгжлийн бодлогын зөвлөмж сэдвээр ХХААХҮСХТ-ийн Эрдэм шинжилгээ судалгаа туршилтын хэлтсийн дарга (Ph.D.), Монгол Улсын Зөвлөх инженер М.Мөнхбат

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top