Монгол Улс-Европын Холбооны Ойн Түншлэлийн хүрээнд "Монголын ойн салбарын мэргэжлийн холбоодын нэгдэл" ТББ болон салбарын бусад байгууллагын төлөөлөлтэй хамтран "Монгол Улсын ойн салбарын бодлого, эрх зүйн шинэчлэлт" хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийн үеэр Европын Холбооны Ойн засаглал ба нэмүү өртгийн сүлжээ хөтөлбөрийн мэргэжилтэн, хуульч Мариа Пахта:
“Дэлхий дахинаа ой модыг экологийн өв сан төдийгүй тогтвортой өсөлтийн хөдөлгөгч хүч хэмээн дахин тодорхойлж байна. Монгол Улсын хувьд Ойн тухай хуулиа шинэчлэх үйл явц нь ойн салбарын алсын хараа, бодлого, стратегийн чиг баримжааг шинэчлэх, илүү тодорхой болгох түүхэн боломж юм. Засаглал найдвартай бол хөрөнгө оруулагчид ойг эрсдэлтэй хөрөнгө бус харин ногоон хөгжил, хөдөөгийн хөгжил цэцэглэлтийн урт хугацааны боломж гэж үздэг. Хөрөнгө оруулагч бүр тогтвортой байдлыг чухалчилдаг.
Үүнд баталгаатай, ил тод засаглал, зөвшөөрөл олголт, шударга бөгөөд урьдчилан таамаглаж болохуйц мод бэлтгэлийн хэмжээ, бизнесийн болон нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх нөхцөл бий болгох зэргийг дурдаж болно. Яг ийм тогтвортой байдлын үндэс суурь нь хууль эрх зүйн болон бодлогын зөв тогтолцоо юм.
Мод тарихын тулд 10, магадгүй 20 жилийг урьтан харах хэрэгтэй. Харин Ойн тухай хууль батлахад зуун жилийг урьтаж харах шаардлагатайг онцоллоо.


Сэтгэгдэл ( 0 )