Монгол Улсын Ерөнхий сайдын “ИЛГЭЭЛТ ЗАХИДАЛ”

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 09 сарын 01

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар шинэ хичээлийн жил эхлэж буйтай холбогдуулан мэндчилгээ дэвшүүлжээ. Мэндчилгээнд,

"Сурах бол баяр баясгалан

Хичээлийн шинэ жилээ угтан, сургуульдаа ирж буй эрхэм дүүдээ баярын мэндийг хүргэн, мэндчилье.

7 настай бяцхан суралцагч чи өнгөрсөн жил уншиж, бичиж, тоо бодож, олон шинэ зүйл сурсан. Энэ жил илүү ихийг сурч мэдэх, ахиц амжилт гаргах, өөртөө итгэх, найз нөхдөөсөө суралцах, өөрийгөө илэрхийлэх, ном унших чадваруудаа сайжруулж, сурах их үйлсийг баяр баясгалантайгаар үргэлжлүүлээрэй.

Зураг зурах, будах, амьтан тэжээх, хайрлах, хайртай дотны хүмүүстэйгээ хамтдаа аялах, ном унших зэргээр чөлөөт цагаа хөгжилтэй өнгөрүүлэх нь чиний ирээдүйн мөрөөдөлд хүрэх замын эхлэл юм шүү.

Иймд зорилготой, хүсэл мөрөөдөлтэй суралцаарай.

Өнөөдөр бяцхан дүү минь чи ном, сурах бичиг, таблет, гар утас зэрэг орчин үеийн техник хэрэгсэлтэй төвөггүйгээр харьцаж, түүнээс суралцаж, тоглож, шинэ шинэ зүйлийг мэдэж авсаар байгаа. Гэхдээ бие биенээ хүндэтгэх, эелдэг зан чанартай байх, эрдэм номд дурлах, үнэнч шударга байх, монгол өв соёл, зан заншлаасаа суралцах, найз нөхдөдөө туслах нь монгол хүүхэд бүрийн хамгийн чухал үнэт зүйлс гэдгийг санаарай.

“Малгүй газар усгүй, номгүй хүүхэд оюунгүй.” Тиймээс өдөр бүр сурахдаа урам зоригтой байж, бага багаар амжилтаа бүтээж байхыг эрхэм дүүдээ зөвлөе.

Ертөнцийг танин мэдэх нэгээхэн хэсэг сурахуйн хоёр дахь аялалд тань хөгжилтэй, дурсамжтай, мэдлэгээр дүүрэн байхын ерөөл өргөе" гэжээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top