Үерхэж буй бүсгүйдээ сүйн бэлэг болгож "Chanel" брэндийн үнэтэй цүнх, бөгж бэлэглэсэн Ерөнхий сайдын хүү О.Тэмүүлэнгийн хөрөнгө орлогыг шалгаж тогтоох ёстойг улс төрийнхний зүгээс ч, иргэдийн зүгээс ч шаардаж, Сүхбаатарын талбайд “Огцрох амархан” уриатай жагсаал арав гаруй хоног үргэлжилж буй. Бүр МАН-ын Бага хурал хуралдаж, Хамтарсан Засгийн газар тарах, огцрохдоо ч тулж буй. Үүнээс улбаалан АН-ыг Засгийн газраас гаргахаар болж, АН хариу тайлбар шаардаж буй. О.Тэмүүлэн гадаадаас ирж орлогоо нотлохоор болсон тухай ч яригдсан. Өнгөрсөн баасан гараг буюу тавдугаар сарын 23-ны орой тэрбээр АТГ-т мэдүүлэг, тайлбар өгч, олон нийтийн сүлжээгээр түүний АТГ руу орж яваа зураг тэр дороо цацагдав.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ талаар МАН-ын Бага хурал дээр хэлэхдээ "Миний хүү сүйн бөгж өгсөн нь үнэн. Өөр үнэтэй бэлэг өгсөн гэдэг нь худлаа. Би орлогоо нотлуулна, гэхдээ үүнд цаг их орно, улс төр яваад байна. Би нэрээ цэвэрлэнэ, та нар битгий санаа зовоорой. Надад итгэж болно" хэмээж байв.
О.Тэмүүлэнгийн АТГ-т мэдээлэл өгсний дараа өдөр буюу бямба гарагт “Орлогоо нотолж чадсан” гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд гарсан юм. Орлогоо хэрхэн нотолсон, Ерөнхий сайд, Засгийн газрын асуудал хэрхэх нь энэ долоо хоногт тодорхой болно.
Сэтгэгдэл ( 0 )