Монгол Улс, Австри улсын нийгмийн хамгааллын хэлэлцээрийг дэмжлээ

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 05 сарын 23

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдөр /2025.05.23/-ийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газраас яаралтай горимоор өргөн мэдүүлсэн Монгол Улс болон Бүгд Найрамдах Австри Улс хоорондын нийгмийн хамгааллын хэлэлцээрийн төслийг хэлэлцэж, дэмжлээ.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан танилцуулгадаа Монгол Улсын Засгийн газраас хилийн чанадад оршин сууж байгаа иргэдийнхээ нийгмийн хамгааллын баталгааг хангах зорилгоор "Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын Зорилт 3.1-т “Нийгмийн даатгалын хамрах хүрээг өргөжүүлнэ” гэж, мөн "Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр"-ийн 2.1.3.6-д “Гадаад улсад ажиллаж, амьдарч байгаа Монгол Улсын иргэний нийгмийн баталгааг хангах үүднээс нийгмийн хамгааллын хэлэлцээрийг үргэлжлүүлэн байгуулах” зорилт дэвшүүлж, Монгол Улсын иргэд олноор оршин суудаг улс орнуудтай нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах хэлэлцээрийг байгуулан хэрэгжүүлж байгааг онцоллоо.

Мөн энэ хүрээнд Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс, Унгар Улс, Бүгд Найрамдах Польш Улс, Бүгд Найрамдах Турк Улс болон Бүгд Найрамдах Чех Улстай нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах хэлэлцээр байгуулан, иргэдийн шимтгэл төлсөн хугацааг нэгтгэн тооцож тэтгэвэр тогтоох эрх үүсгэх, шимтгэл төлсөн хугацаанд ногдох тэтгэврийг харилцан шилжүүлэх, нийгмийн хамгааллын тогтолцоонд давхар хамрагдахаас урьдчилан сэргийлэх, зарим богино хугацааны тэтгэмж олгох талаар харилцан тохиролцон, хэрэгжүүлж байна гэлээ.

2023 оны байдлаар БНАУ-д Монгол Улсын 2,577 иргэн оршин сууж байгаагаас 1,670 иргэн ажил хөдөлмөр эрхэлж байгаа бол Гадаадын иргэн, харьяатын газрын 2024 оны мэдээллээр Монгол Улсад БНАУ-ын 31 иргэн оршин сууж байна. Хэлэлцээрийн төсөл батлагдсанаар 2 улсын иргэдийн нийгмийн баталгаа хангагдаж, шимтгэл төлсөн хугацааг нэгтгэн тооцож тэтгэвэр тогтоох эрх үүсгэх юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu