Ч.Номин: Аялал жуулчлалын салбарынханд бага хүүтэй ЗЭЭЛ ОЛГОНО

2025 оны 05 сарын 21

Засгийн газрын өнөөдрийн /2025.0521/ хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа.


Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин: "Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар урт хугацааны хөгжлийн бодлого Алсын хараа- 2050 " дээр хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа эдийн засгийг солонгоруулах, аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн тэргүүлэх чиглэл болгох, цаашлаад Монгол Улсад дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлд уялдуулан 2023-2028 оныг Монголд зочлох жил болгон зарласан. Энэ хүрээнд бид бүхэн ажлаа эрчимжүүлэхээр төлөвлөж аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор Засгийн газраас тогтоол гарлаа. Аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд бага хүүтэй, урт хугацаатай, хөнгөлөлттэй зээлийг бий болгох суурийг тавьсан. Ингэхдээ 6 жил хүртэлх хугацаанд 6 хувийн хүүтэй зээл гаргана. Монгол Улсын Засгийн газраас олон улсын томоохон аялал жуулчлалын салбарт зөвлөгөө өгдөг томоохон компани болох Boss Consalting групптэй өнгөрсөн жил хамтран ажиллаж Монгол Улсын аялал жуулчлалын нөхцөл байдлын судалгааг гаргаж 2030 он хүртэлх стратегиа тодорхойллоо. Ингэхдээ бид 2030 он гэхэд бид нийтдээ 2 сая жуулчин хүлээн авахаар зорилт тавьж байна. Ингэснээр Монгол Улсын ДНБ-ий 10 орчим хувийг аялал жуулчлалын салбараас бүрдүүлэх, цаашид эрчимтэй хөгжиж буй олон улсын зах зээлийг Монголд илүү төвлөрүүлэх  боломжийг бий болгоно гэж үзсэн" гэв. 

 

ШУУД ҮЗЭХ: 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu