Ч.Алтанбагана: Уул уурхайн удирдлага, менежментийг ЭТТ компани бүрэн хариуцна

Ч.Үл-Олдох | Zindaa.mn
2025 оны 05 сарын 21

Гашуунсухайт-Ганцмод боомтын  хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтын ажил энэ сарын 14-15-наас албан ёсоор эхэлж, нээлтийн сурвалжилгыг бид өмнөх дугааруудаар хүргэсэн билээ. Энэхүү төмөр зам нь нэгдүгээр зэрэглэлийн, 1520 мм өргөн цариг, 1435 мм нарийн царигийн хос замтай, гол замын урт 19.5 км, 8-31 метр өндөр дан болон хос зам бүхий 9.4 км урт гүүрэн байгууламжтай, өргөн царигаар жилд 30 сая.тонн, нарийн царигаар жилд 10 сая.тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай байх юм. Тус төслийн нийт өртөг 902 тэрбум төгрөг бөгөөд  батлахдаа 840 тэрбумд  тооцож баталсан. УИХ-ын 2023 оны 68 дугаар тогтоолын дагуу “Эрдэнэс Тавантолгой” ХК санхүүжүүлнэ. Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр зам нь Монгол Улсын нүүрсний экспортын хэмжээ, тээвэр логистикийн чадавх, эдийн засгийн өсөлтөд томоохон түлхэц болно. Энэ талаар Нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх дэд ажлын хэсгийн ахлагч, "Эрдэнэс Тавантолгой" компанийн Уул уурхай, технологийн газрын дарга Ч.Алтанбаганаас тодрууллаа.

 

-Засгийн газар хоорондын хэлэлцээрээр байгуулсан Гашуунсухайт-Ганцмод төмөр замын боомтын хил холболтын бүтээн байгуулалтын ажлын хүрээнд “Эрдэнэс Тавантолгой ХК, БНХАУ-ын “Чайна Энержи” групптэй Нүүрс худалдах, худалдан авах урт хугацааны гэрээ, Уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны ерөнхий гэрээг байгуулсан. Гэрээнд ямар асуудлыг  онцолж тусгав?

-Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу Гашуунсухайт-Ганцмодны боомтын төмөр замын хил холболттой холбогдуулан нүүрсний урт хугацааны гэрээ, уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх гэсэн гурван гэрээ байгуулагдаж байгаа. Уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх гэрээний дэд ажлын хэсгийг ахалж ажиллалаа. Энэ хүрээндээ “Эрдэнэс Тавантолгой” 2023 онд ордын нөөцөө шинэчлэн баталж, 29 хувиар буюу 8.3 тэрбум тонн болгосон бол уурхайн хүчин чадлаа нэмэгдүүлэхээр ажиллаж байна. 2030 оноос 20 сая тонноор олборлолтыг нэмэгдүүлэх гэрээг “Чайна Энержи” компанитай байгууллаа.

-Гэрээгээр "Эрдэнэс Тавантолгой” компани ямар үүрэг хүлээж байгаа вэ?

-“Эрдэнэс Тавантолгой” компани нь уурхайн удирдлага, менежментийг бүрэн хариуцна. Харин “Чайна Энержи” нь туслан гүйцэтгэгч зарчмаар явах юм. Эхний тендер сонгон шалгаруулалт наймдугаар сарын 31-нээс өмнө хийгдэнэ. Тавантолгойн ордын Ончхараат, Бортолгойн ордыг өмнө хийсэн буюу 1988 оны хайгуулын тайланд үндэслэн нөөцийг бүрэн тогтооно. Дэд бүтэц болон хайгуул судалгааны ажлыг “Чайна Энержи” компанийн охин компани бүрэн хийх юм. Олон улсын гэрээгээр явна гэж ойлгож болно.

-Нүүрсний нөөцийг хэрхэн тооцоолж байна вэ?

-1988 онд хийгдсэн эрэл үнэлгээний шатанд байгаа хоёр талбай буюу тэрбум тонн нүүрсний нөөцтэй гэсэн урьдчилсан дүнтэй байгаа. Нарийвчилсан хайгуул судалгааны ажил хийснээр “Чайна Энержи” операторын ажил хийж, 220 сая дээр олборлолт хийх юм. Үлдсэн хэсэг дээр нь “Эрдэнэс Тавантолгой” компани олборлолтоо хийгээд явна гэсэн үг.

-Одоогоор хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтыг л ярьж байна. Дэд бүтцийн бусад асуудлыг гэрээнд зааж өгсөн үү?

-Хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээн дээр дэд бүтцийн төслүүд давхар орсон. “Эрдэнэс Тавантолгой” компанийн цаашдын санхүүгийн эх үүсвэрээс шалтгаалж төмөр замтай холбох, ачих, нүүрс баяжуулах, химийн бүх төслүүд тусгагдана.

-Энэ төслүүд хэрэгжих, тасалдахгүй байх  боломж хэр бол?

-Эдийн засгийн үр өгөөжөө тооцоод төслүүдийг цаашдаа хэрэгжүүлээд явна. Нүүрс худалдан авах гэрээний төлбөр ам.доллароор орж ирээд “Чайна Энержи”-гийн охин компани дээр хийгдээд явна. Олборлолтын гэрээнд хамтарсан аж ахуйн нэгж дотоодод байгуулагдаж, төлбөрийг төгрөгөөр авна. Баруун, зүүн Цанхи дээр явж байгаа зарчмаар явна. Ордын нөөцийн 30-40 хувь нь эрчим хүчний нүүрс байгаа. Эрчим хүч, коксжих нүүрс өөрөө хоёр өөр зах зээл. Нэг нь энерги, нөгөөх нь ган үйлдвэрлэх. Тэгвэл “Эрдэнэс Тавантолгой” компани бодлогын хүрээнд эрчим хүчний нүүрсээ экспортлох чиглэлийг илүүтэй анхаарч байгаа.

-Төслийн ач холбогдлыг товч дүгнэвэл?

-Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын төсөл хэрэгжсэнээр төмөр замаар экспортлох ачааны хэмжээг жилд 30 сая.тн-оос дээш давуулан, Тавантолгойн ордын нүүрсний экспортын хэмжээг жилд 70 сая.тн хүртэл өсгөж, нүүрс борлуулалтын орлогыг жилд 1.5 тэрбум ам.доллароор нэмэгдүүлэх боломж бүрдэж байгаа юм.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu