ХЭН ЮУ ХЭЛЭВ I Хөгжлийн банк 2011-2022 онд 4.36 тэрбум ам.доллар татан төвлөрүүлсэн

2025 оны 05 сарын 20

“Хэн юу хэлэв” булангийн энэ удаагийн дугаарт Сангийн сайд Б.Жавхлан, Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч З.Нарантуяа, УИХ-ын гишүүн, Засгийн газрын сайд, “20 минутын хот” Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн нарын байр суурийг хүргэе.


Сангийн сайд Б.Жавхлан:

-Засгийн газрын төсөл гэж байхгүй, хэн нэг гишүүний төсөл гэж байхгүй, Монгол Улсын төсөл л гэж бий. Ялангуяа 14 мега төсөлд багтсан төслүүд бол Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд тэсрэлт хийх төслүүд байхгүй юу. Тийм учраас эдгээр төслүүдийнхээ санхүүжилтийн шийдлийг эхнээс нь арай ядан гаргаж байна. Зарим нь тодорхойгүй байна. УИХ-ын гишүүдийн  дүн шинжилгээ хийгээд Parliament.mn дээр тавьсан байгаа төслүүдийг харваас гурван том төсөл байна. Нефть боловсруулах үйлдвэрийн төсөл, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Сэлбэ дэд төв төсөл. Энэ гурван төслийг харахад том шалгуур давсан гурван төслийг сонгожээ. Нэгдүгээрт, 14 мега төсөлд хоёр нь орсон байна. Сэлбэ дэд төв төсөл өмнө нь УИХ-аар яригдсан, Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах, утаанаас салах маш чухал тулсан гурван төсөл. Энэ гурван төсөл дээр эх үүсвэрээ шийдсэн. Нефть боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэгийн УЦС төсөл дээр гадаадаас зээл авна гээд. Нефть боловсруулах үйлдвэр дээр 1.7 тэрбум ам.доллар буюу Монгол Улсын нэг төсөл дээр авч байсан хамгийн том гадаад зээл.  Мөнгөн дүнд шилжүүлэх юм бол 5.6 их наяд төгрөг. Одоо энэ яригдаж байгаа асуудлын хүрээнд эрүүл ажиллаж байна гэж харж байна. Парламент бол мэтгэлцээний талбар. Эндээс зөв шийдэл гарч байх ёстой.

Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч З.Нарантуяа:

-Хөгжлийн банк хөгжлийн төсөл, хөтөлбөр, экспортыг дэмжих санхүүжилтийг хослуулан олгоно. Өнгөрснийг харвал Монгол Улсын Хөгжлийн банк 2011-2022 онд 4.36 тэрбум ам.долларыг татан төвлөрүүлж, төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлжээ. Санхүүжилтийн 33 хувийг Засгийн газрын санаачилсан төсөл, хөтөлбөр, 22 хувийг төрийн өмчит компаниуд эзэлж байгаа бол 45 хувийг нь хувийн хэвшлийг дэмжихэд зориулан олгосон байна. Санхүүжилтийг бодлогын чиглэлээр нь харвал, 47 хувь нь импортыг орлож, экспортыг нэмэгдүүлэх, 24 хувь  нь нийслэлийн эдийн засаг, нийгмийн хөгжил,  17 хувь  нь орон нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжилд том түлхэц болох санхүүжилт хийсэн байна.

УИХ-ын гишүүн, Засгийн газрын сайд, “20 минутын хот” Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн:

-Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга нь найман бүлэг, 54 зүйлтэй бөгөөд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх хот, тосгоны удирдлага, зохион байгуулалтын эрх зүйн үндсийг тодорхойлж, тэдгээрийг байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах нийтлэг журам, хотын зэрэглэл тогтоох шалгуур, хот, тосгоны удирдлагаас засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага болон аж ахуйн нэгж, байгууллага, оршин суугчидтай харилцах харилцааг зохицуулж 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр баталсан. Түүнчлэн Монгол Улсын Их Хурлаас 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр “Хот байгуулах тухай” 72 дугаар тогтоолыг баталсан бөгөөд уг тогтоолоор Дархан, Эрдэнэт, Зуунмод, Хархорум, Багануур, Налайх гэсэн улсын зэрэглэлтэй 6 хот, орон нутгийн зэрэглэлтэй 43 хот (үүнээс 14 нь нийслэлд), дагуул 4 (үүнээс 3 нь нийслэлд) хотыг байгуулсан. Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль болон “Хот байгуулах тухай” УИХ-ын 2024 оны 6-р сарын 05-ны өдрийн 72 дугаар тогтоолд заасны дагуу дээр дурдсан 52 хотын /Хархорумаас бусад/ эдэлбэр газрын хэмжээ, заагийг тогтоох асуудлаар УИХ-ын шийдвэрийн төсөл боловсруулж, өргөн мэдүүлэх, харьяалах засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн өмч, хөрөнгө, төсөв, байгууллагын бүтэц, орон тоог шилжүүлэх зэрэг ажлыг орон нутагтай зөвшилцөх болон зохион байгуулахад багагүй хугацаа хэрэгтэй байна. Иймд Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ыг дагаж мөрдөх хугацааг хойшлуулах шаардлагатай.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.41.4) 2025 оны 05 сарын 20

Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch

0  |  0
Close menu