Монгол Улс Ази тивээс анх удаа Үнэлгээний чадавхын индекс тогтоолгоно

2025 оны 05 сарын 16

 

Монгол Улс Ази тивээс анх удаа Үнэлгээний чадавхын индекс тогтоолгож буй нь онцлох үйл явдал болж байна.

Энэхүү индексийг тогтоосноор Монгол Улсын үнэлгээний чадавхын суурь түвшинг тодорхойлж, түүнд үндэслэн олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн үнэлгээний арга зүй, аргачлалыг нэвтрүүлэх, үнэлгээний мэргэжилтнүүдийг бэлтгэх чиглэлээр сургалт, зөвлөмж авах боломж бүрдэх юм. Үнэлгээний тогтолцоог бэхжүүлснээр хөгжлийн бодлогын үр дүн сайжирч, гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, дотоод, гадаадын хөрөнгө оруулалтын таатай нөхцөл бүрдэх ажээ. Өчигдөр Төрийн ордонд болсон Монгол Улсын хөгжлийн бодлогын үнэлгээний чадавхын индекс/INCE/-ийг тогтоох үнэлгээний үр дүнг танилцуулах үндэсний чуулган дээр энэ тухай танилцууллаа.

Монгол Улсын Засгийн газар хөгжлийн бодлогын үр дүнгээ бодитой, үнэлж, цаашдын бодлогоо оновчтой тодорхойлж хэрэгжүүлэхэд анхаарч, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө “Олон улсын үнэлгээний цогц систем (DME)-ийг хөгжүүлж, бодлогын баримт бичгүүдийн хэрэгжилтийн үнэлгээг боловсронгуй болгох” зорилтыг дэвшүүлсэн бөгөөд энэ хүрээнд олон арга хэмжээ хэрэгжүүлж эхлээд байгаа билээ. Түүний нэг нь Монгол Улс хөгжлийн бодлогын үнэлгээ хийх чадавхын түвшингээ тогтоож, нотолгоонд суурилсан дүгнэлтэд үндэслэн хөгжлийн бодлогынхоо үнэлгээг хөгжүүлэх явдал юм.

Д.Цэцэг

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu