ХЭН ЮУ ХЭЛЭВ I Гадаад эрсдэлээс үүдэлтэй сөрөг нөлөөлөл хүчтэй байна

2025 оны 05 сарын 16

Энэ дугаарын “Хэн юу хэлэв” буланд УИХ-ын гишүүн, Шадар сайд С.Амарсайхан, УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү нарын үгийг онцоллоо.


УИХ-ын гишүүн, Шадар сайд С.Амарсайхан:

-2025 онд гадаад эрсдэлээс үүдэлтэй эдийн засаг дахь сөрөг нөлөөлөл хүчтэй байна. Монгол Улсын экспортын гол бүтээгдэхүүн болох нүүрсний үнэ 2025 оны эхний улирлын байдлаар өмнөх оны мөн үеэс 40 орчим хувиар унаснаар нийт экспортын орлого өмнөх оны мөн үеэс 17 хувиар буураад байна. Улсын нэгдсэн төсвийн нийт орлого 2025 оны эхний улиралд өмнөх оны мөн үеэс 16 хувиар бага байна. Түүхий эдийн үнэ буурсны улмаас бий болсон энэ нөхцөл байдал 2025, 2026 он дамжин үргэлжлэх төлөвтэй байна. Хөрөнгө оруулалт, бизнесийн орчныг сайжруулах замаар УИХ-аас баталсан Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан том төслүүдийг оновчтой үе шаттайгаар хэрэгжүүлснээр эдийн засгийн өсөлтийг зургаан хувиас дээш түвшинд хадгалах боломж байна.

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар:

-Монгол, Хятадын Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын нээлтэд оролцлоо. Тэртээ 1955 онд манай улс өмнөд хөрштэй холбогдох 700 км төмөр замыг барьж байгуулж байсан түүхтэй. Өнөөдөр 70 жилийн дараа БНХАУ-тай холбогдох хоёр дахь төмөр замыг байгуулах түүхэн бүтээн байгуулалт эхэллээ. Ингэснээр Монгол Улсын нүүрсний олборлолт, экспортын хэмжээ нэмэгдэж, улмаар Монгол-Хятадын бусад гурван боомтыг төмөр замаар холбох, бусад томоохон төслүүдийг хамтран хэрэгжүүлэх боломж нээгдэх юм. Үүний үр дүнд Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилт эрчимжиж, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд тэгш, шударга хүртээх боломж бүрдэнэ.

УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү:

-Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар объектын гал түймрийн 2070 тохиолдол бүртгэгдснээс 309 буюу 15 хувийг өнжмөл шар өвсний түймэр эзэлж байна. Объектын гал түймрийн дуудлага, мэдээллийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн тоо 26.8 хувиар өссөн бол гал түймэрт өртөж нас барсан хүний тоо 31.2 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Өнжмөл шар өвс шатсан дуудлагын 79.3 хувь нь Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт бүртгэгдлээ. Нийт 12 аймгийн 58 сум, нийслэлийн гурван дүүрэгт нийт 87 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 34.5 хувь өссөн дүнтэй байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu