В.Оюумаа: Нийслэлийн өмчийн бүртгэлийг цахимжуулж байна

2025 оны 05 сарын 08

Нийслэлийн өмчийн барилга байгууламжийг олон жил үнэ төлбөргүй ашиглаж, өнгө үзэмжийг доройтуулсан тохиолдлууд сүүлийн жилүүдэд цөөнгүй гарч байна. Үүнийг нийслэлийн Өмчийн харилцааны газрын хяналт шалгалтаар илрүүлж, яагаад өмч хөрөнгө үнэгүйдэх болсон суурь шалтгаануудыг тодруулж, сайжруулах чиглэлд анхаарч ажиллаж байна. Эдгээр асуудлаар нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга, хууль зүйн ухааны доктор (Ph.D), профессор В.Оюумаагаас тодрууллаа.


-Нийслэлийн өмчийг хувьдаа хууль бусаар ашиглаж байгаа асуудал Төв цэнгэлдэх хүрээлэн, Ж.Хатанбаатарын эмнэлэг гээд ойрын жилүүдэд нэлээд яригдаж байна. Энэ асуудал яагаад үүсэх болов?

-Нийслэлийн өмчийг хууль бусаар ашиглаж байгаа асуудал нь 10-аас дээш жил буюу урт хугацаандаа үргэлжилсэн ужгирсан асуудал байдаг. Ийм олон жил нийслэлийн өмчийг үнэгүйдүүлсэн болон үнэ төлбөргүй ашиглаж ирсэн тохиолдлууд байна. Хамгийн ойрын жишээ нь НЗД-ын дэргэдэх Уламжлалт анагаах ухааны клиник төв, Төв цэнгэлдэх хүрээлэн, Сэлбэ үйлчилгээний төвийн Ж блок гэх мэт  нэрлэж болно. Миний хувьд 2024 оны нэгдүгээр сард нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргаар томилогдоод, нийслэлийн өмчийн барилгуудаар явж үзсэн.

Гэтэл маш олон барилга дандаа өнгөрсөн цаг дээр, нийслэлийн өмч байсан л гэж яригдаж байсан. Бид барилгын асуудлыг судалсан, хяналт шалгалтууд хийсэн. Эхний ээлжид зөвхөн түрээсийн зориулалтаар нийслэлийн өмчийг ашиглуулж байгаа газруудад шалгалт хийхэд нийт 20 гаруй зөрчил илэрсэн. Эдгээр зөрчлийг иргэний болон эрүүгийн хэргийн журмаар хянан шалгуулж байна.

-Нийслэлийн өмчийг түрээсэлсэн газруудад ихэвчлэн ямар зөрчил илэрсэн бэ. Ер нь нийслэлийн өмчийг хэдий хэр үнээр түрээсэлдэг юм бэ?

-Нийслэлийн өмчийг түрээслэх асуудлыг НИТХ-ын тэргүүлэгчдийн 2014 оны 65 дугаар тогтоолоор баталсан журмын дагуу түрээсэлдэг. Нийслэлийн өмчийн түрээсийн тариф зах зээлийн үнээс хамаагүй бага. Тиймээс өнгөрсөн жил дүгнэлт хийгээд түрээсийн үнийг 50 хүртэл хувиар нэмэгдүүлж ажилласан. 2025 онд Засгийн газрын бодлого, шийдвэртэй уялдуулан түрээсийн үнийг огт нэмээгүй. Өмнөх хяналт шалгалтаар олон жил нийслэлийн өмчийн байр талбайг ашигласан боловч нэг ч төгрөгийн орлого төвлөрүүлээгүй аж ахуйн нэгж, хувь хүн байсан. Бид тэдний төлөөгүй түрээсийн төлбөрийг өнгөрсөн жил нөхөн төлүүлэх ажлыг эрчимтэй явуулсан. Өнөөдрийн байдлаар нийслэлийн өмчийг ашиглаж, эзэмшиж байсан 210 гаруй хуулийн этгээд, хувь хүнээс нийслэлд 310 сая төгрөгийн өр төлбөр үлдээсэн баримт байна. Нийслэлийн Өмчийн харилцааны газрын албан хаагчид эдгээр байгууллага, иргэдтэй холбогдож, өр төлбөрийг барагдуулахаар ажиллаж байгаа боловч өр төлбөрөө төлөхгүй, хүлээн зөвшөөрөхгүй байх тохиолдлууд гарч байна. Ийм тохиолдолд бид хууль хяналтын байгууллагаар шалгуулна.

-2025 онд мөн эдгээр хяналт шалгалт үргэлжлээд явах уу?

-Энэ жилээс хяналт шалгалтыг тодорхой чиглэлд төрөлжүүлэн явуулж байна. Тухайлбал, өнгөрсөн дөрөвдүгээр сард нийслэлийн зургаан дүүргийн эмнэлгүүдийн байр ашиглалттай холбоотой асуудлыг шалгахад багагүй зөрчил илэрч байна. Энэ сараас ерөнхий боловсролын сургуулийн байр талбайн ашиглалтыг хянан шалгаж эхэллээ. Бидний зүгээс нийслэлийн өмчийн байр талбайн ашиглалтад хяналт тавьж байгаа нь аливаа байгууллагын үйл ажиллагааг доголдуулах гэсэнгүй. Нийслэлийн өмчийн байр талбайг хэрхэн хуулийн хүрээнд ашиглаж байна, илүүдэлтэй байр талбайг хуулийн дагуу гэрээ байгуулж, нийслэлд орлого төвлөрүүлж байна уу гэдгийг л шалгаж буй үйл явц. Шалгалтаар нийслэлийн өмч хөрөнгө алдагдсан, бусдын өмчлөлд шилжсэн, олон жилээр үр ашиггүй ашигласан, үнэ төлбөргүй эсвэл маш бага үнээр ашиглахдаа ямар ч сэтгэлгүй нуранги, балгас болгочихсон ийм дүр зураг угтаж байгаа нь үнэхээр харамсалтай.

-Нийслэлийн өмчийг хууль бусаар ашигласан этгээдүүдэд эрүүгийн хэрэг үүссэн талаар та дээр дурдсан. Хэрэг, зөрчлийн талаар тодорхой жишээгээр тайлбарлаад өгөөч?

-Асуудлууд хууль хяналтын байгууллагаар шалгагдаж байгаа тул хэргийн талаар дэлгэрэнгүй ярих боломжгүй байна. Нийслэлийн Өмчийн харилцааны газарт 360 орчим түрээсийн гэрээ байдаг. Үүнээс таван түрээслэгчид давуу эрх олгосон байсан. Өөрөөр хэлбэл, бүх түрээслэгчтэй жил бүр гэрээ хийж, гэрээг дүгнэж сунгаад явдаг бол эдгээр таван түрээслэгчдэд таван жилээр барилгыг түрээсэлсэн байсан.

-Тэгвэл нийслэлийн өмчийг яаж ашиглавал зөв болох вэ. 2021 оноос хуралдаагүй байсан Өмч хувьчлалын комисс сая хоёр ойрхон хуралдлаа. Энэ нь нийслэл өмчдөө анхаарч байгаа бас нэгэн жишээ болов уу?

-Нийслэлийн Өмч хувьчлах комиссын хоёрдугаар хуралдаан тавдугаар сарын 2-нд болсон. Урьд өмнөх НИТХ-аас баталсан өмч хувьчлах жагсаалтад орсон 28 барилга байгууламжийг хувьчлах эсэхийг хэлэлцэж, 12 барилгыг хувьчлах жагсаалтаас хасахаар шийдвэрлэлээ. Гурван барилгыг актлан нурааж, газрыг нийтийн эдэлбэр газар буюу олон нийтэд зориулсан ногоон байгууламж бүхий талбай болгох зэргээр шийдсэн.Өмч хувьчлалын арга хэлбэрүүдийн хувьд дуудлага худалдаа, сонгон шалгаруулалт, хувь хөрөнгөөр хувьчлах, нийслэлийн өмчит хуулийн этгээдийг татан буулгаж эд хөрөнгийг хувьчлах, менежментийн гэрээний үр дүнгээр хувьчлах, давуу эрхтэй тусгай төрлийн хувьцааг гаргах зэрэг хэлбэр бий л дээ. Нийслэлийн зүгээс өмч хувьчлалыг олон нийтэд нээлттэй, ил тод дуудлага худалдаагаар явуулах чиглэлд илүү анхаарч байна.

-Нийслэл өмчдөө эзэн болж, хяналт шалгалтаар зөрчлүүдийг илрүүлж, өмчийн бүртгэлийг цахимжуулснаар орлого төвлөрүүлэлт хэр нэмэгдсэн бэ?

-Нийслэлийн Өмчийн харилцааны газар нийслэлд орлого төвлөрүүлэх үүрэгтэй байгууллагуудын нэг. Орлого төвлөрүүлэх төлөвлөгөөг тухайн жилд НИТХ-аас баталдаг. Манай Өмчийн харилцааны газар нь өнгөрсөн 2024 онд 7.3 тэрбум төгрөгийг нийслэлийн төсөвт бүрдүүлээд байна. 2024 онд өмч хувьчлал явагдаагүй, зөвхөн нэг хувьцаат компанийн 34 хувийн нээлттэй хувьчлал явагдсан. Тиймээс 2024 оны орлого төвлөрүүлэлтээс 1.4 тэрбум төгрөг тасрах төлөвтэй байсан ч бид орлогыг давуулан биелүүлсэн. Энэ нь өнгөрсөн жилүүдэд бид энэ хэмжээний боломжоо алдаад явжээ гэсэн үг. Айл гэр ямар эмх цэгцтэй байдаг билээ түүнтэй л адил Улаанбаатар хот ч гэсэн тийм эмх цэгцтэй байх ёстой. Бидний зүгээс нийслэлийн өмчид өөрийн юм шиг ханддаг хүмүүстэй хамтарч ажиллахад хэзээд бэлэн байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zo(49.96.238.73) 2025 оны 05 сарын 08

iim emgen nar ayultai ichehgui hulgai hiij hudlaa yarij thag nuhthuugch baihdaa iim emgen songoj baisnii chadvarlag bolovsroltoi zaluus gargah heregtei dee

0  |  0
Close menu