Цахим орчинд "Богд уулын баруун ширээт, Дугуй цагаан дээр гарсан гал түймэр хяналтаас гарч, Онцгой байдлын албан хаагч нарт хүн хүч яаралтай хэрэг болсон тул ууланд хайртай мөн уулын спортын залуус 23.00 цагт Кувейтын ам руу өгсөөд, засмалын төгсгөлд ирнэ үү. Аюулгүй байдлаа хангаж хувийн бэлтгэлээ сайтар бэлдэнэ үү! Хүн бүр таван литрийн устай ирнэ үү! Түгээгээд өгөөрэй цааш нь” гэсэн иргэний пост, уриалгад нийслэлийн залуус нэгджээ.
Дэлгүүрээс 3-5 литрийн савлагаатай уснуудыг бөөн бөөнөөр нь авч, суудлын машины ард ачсан, гэрийнхээ ундны усыг аваад заасан газарт нь хүрч очиж, дэм тус хүргэсэн залуусаараа бахархлаа. Тэдний авч очсон ус хоёр тонн болж, Онцгой байдлын алба хаагчид тун удалгүй түймрийг цурамд оруулан, манаж хонож байгаа тухай мэдээлсэн. Манай залуусын дотор уулын спортын мастер, эрч хүчтэй сайхан залуус олон байлаа.
Хөгжлийн бэрхшээлтэй, ар гэртээ гурван нялх хүүхэдтэй ч амьдралын төлөө өөдрөг сэтгэлтэй, гэртээ байгаа ундныхаа усыг аваад хаа байсан гэр хорооллын мухраас Богд уул руу давхиж хүрсэн нэгэн ч байлаа. Залуусын хүчийг зөв залж хамтарсан, мэргэжилдээ эзэн болсон Онцгой байдлын мэргэжилтнүүд ч бас бахархмаар, хүндэлмээр байлаа. Үүний өмнө буюу 2020 оны дөрөвдүгээр сарын 26-нд Богд ууланд мөн түймэр гарахад нийслэлийн залуус гинжин хэлхээгээр ус дамжуулан зөөж, гал түймрийг унтраалцаж байв. Жинхэнэ эх оронч гэдэг ийм л байдаг. Тэд чимээгүй хайрлаж, чин сэтгэлээрээ гоёдог юм.
Сэтгэгдэл ( 0 )