Буурь нь байж байна, бусад нь таны тархинд буй

2025 оны 04 сарын 29

Дэлхий дэмийрч, дэнж дэлчигнэх үед биднийг юу аврах вэ. Хүнээрээ үлдэх, хөх байгальтайгаа шадарлан амьдрах. Хүүхэд багачуудад хүссэн бүхнийг нь бүтээж өгөөд байвал хүн биш болно.

Хөрсөн дээр хөлийг нь тавиулж хүн ёсоор хөлийг дөрөөнд, гарыг ганзаганд хүргэх нь чухалтай. Ирээдүй маань ихэд бүрхэг дээ гэж эмзэглэн бодохын төдийд энэ бодол бүтдэг тулыг мэдэх ахул бүгд дор бүхнээ Монголоороо соёрхож монгол идээгээ хүртэж монгол соёлоо дээдэлж монгол морио унаж, монгол ахуйдаа уусан жарган амьдрах буй за. Буурь нь байж байна, бусад нь таны тархинд буй тухайтад айл бүр алсаа харж ажилч хөдөлмөрчийг эрхэмлэн ардаг ярдагийг хойш тавин хэн юу чадахаа үзүүлж, хөнжлийнхээ хэрээр хөлөө жийж, адууныхаа хэмээр исгэрч агуу энгийнийг бүтээнэ.

Бүгд хөрөнгөжих гэж адгах хэрэггүй. Хөл дүүжлэх морьтой хөндлөн гулд давхих төмөр хүлэгтэй, хүсэмжит ажилтай, хөлөө жийж хэвтэх гэртэй байхад болдог хорвоо. Хүнээс зальдаж мөнгө авч, заавал дэлхийн дээвэрт гарна гэж байхгүй. Авсан мөнгөө буцаагаад өгчих авлига гэнэ үү, авлага гэнэ үү хамаагүй. Хэнд ямар өглөгтэй вэ өг, өг. Урьд нь түүнд тус болж байсан барьцаа байвал байна л биз.

Баруун солгойгоор наймаалцдаг болсон цагт ганц арилждаггүй зүйл бол хүнээрээ байх, хүрэн зүрх нь ариун байх. Хүнд мууг үл санах гээд монголчууд ярьдаг. Энэ нь хүн хүндээ хайртай бай гэж номлохоосоо илүү зөв амьсгал, зөв бод, зөв урагшил гэсэн л санаа шүү дээ. Буруу бодол, бузартай буруу үйлдэл бухимдалтай л гээд байна.

Бурханаа бургасаар гуядаж, бузартай нөхцөж буй цөвүүн цагт цөлх монголчууд тэвчээрээр давж, тэргэлээр бодмоглож, тэрсэлж биш тэсэж давсан түүхтэй. Гэхдээ өвгөдийн 13-14 дүгээр Монголын зуунд өөр амьсгал байсан. Өөд уруугүй эрхшээх тэнхэлтэй байв. Өдийд бол өл залгах төдий, өөр хоорондоо хэмлэлдээд өеөдөж хэцүүдсэн цаг шүү дээ. Хэлээд яах вэ дээ, хэцүү бүхнийг. Нүүдэлчин ахуйтай минь харь дайсан нөхцөлдөж, үл дийлэх тул нөмөр минь, нөөлөг минь, аврал минь, алс минь юм шүү дээ. Сайхан бодол тээж, сайхан үйлс дэлгэж яваарай, дэнжийн Монгол ахан дүүс мину. 

Н.Дуламсүрэн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu