ХЭН ЮУ ХЭЛЭВ I Хүнс, эмийн агентлаг байгуулах шаардлагатай гэж үзсэн

2025 оны 04 сарын 26

“Хэн юу хэлэв” булангаараа энэ удаад УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан:, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан нарын хэлсэн үгийг хүргэж байна. 


УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн:

-Хүнс, түүний аюулгүй байдал, эм, эмийн судалгаа, лавлагааны чиглэлээр судалгаа хийж байна. Татан буугдсан мэргэжлийн хяналтынхантай адил хүнсний аюулгүй байдлаа, эм, эмийн бүтээгдэхүүнээ хянадаг бодлогын тогтолцоо буюу агентлаг байгуулах шаардлагатай гэж үзсэн. Тус агентлагийг ХХААХҮЯ-ны дэргэд байгуулах нь зөв гэж урьдчилсан байдлаар дүгнэсэн. Нэн тэргүүнд бие даасан хөндлөнгийн судалгааны байгууллагаар тусдаа агентлаг байх эсэхээр судалгаа гаргуулна.

Өөрөөр хэлбэл, хүнс, эмийн агентлаг ямар зохион байгуулалтай байх хийгээд давуу болон сул талыг тодорхойлох юм. Өнөөдрийн байдлаар нийслэл, дүүрэг, аймгуудад хүнсний хяналт хэвтээ тогтолцоотой ажиллаж байна. Ер нь бол бодлогын хувьд  тусдаа  бүтэц байх шаардлагатай гэдэгт ажлын хэсэг болон дэмжих баг нэг байр суурьтай байгаа. Манай ажлын хэсэг төлөвлөгөөний дагуу ажиллаж чадвал хаврын чуулганаар үр дүнгээ УИХ-д танилцуулж,  эрх зүйн өөрчлөлт хийхээр зорьж байна.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан:

-Дөрөвдүгээр сарын 22-ны өдрийн байдлаар уул уурхайн бүтээгдэхүүний экспортын биет хэмжээ өссөн дүнгээрээ өмнөх оны мөн үеэс давсан үзүүлэлттэй харагдаж байна. Нэгдүгээр сарын 1-ээс өнөөдрийг хүртэл хугацаанд улсын хэмжээнд 22.9 сая тонн нүүрс экспортод гарсан байна. Мөн барилгын улирал эхэлж байгаатай холбоотойгоор импортын бүтээгдэхүүн өссөн. Монгол Улсын валютын нөөц 5.2 тэрбум ам.доллар хэвээрээ хадгалагдаж байна.

Валютын үнийн өсөлттэй холбоотойгоор Монголбанк валют борлуулах арга хэмжээг бодлогын дагуу авч хэрэгжүүлж байна. Сүүлийн үед экспортыг нэмэгдүүлэх чиглэлд Бичигт боомтоор эрчим хүчний нүүрсний экспорт 2.9 дахин нэмэгдэж 2.1 сая тонныг экспортод гаргаад байна. БНХАУ-ын зах зээл рүү нийлүүлэгдэж буй эрчим хүчний нүүрсний эрэлт хэрэгцээ нэмэгдэж байгаа нь бидэнд 2025 оны үлдэх хугацаанд гурван сая тонн нүүрс нэмж экспортолж 100 сая ам.долларын нэмэлт орлого олох боломжийг нээж өгч байна.

Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан:

-БНХАУ болон Монгол Улсын хооронд хийгдэх хил дамнасан бүтээн байгуулалтын бэлтгэл ажлын талаар гэрээгээ хийх ажлаа үргэлжлүүлж, хэлэлцлээ. Зам тээврийн яаманд өгөгдсөн үүргийн дагуу гэрээгээ хийх ажлаа үргэлжлүүлж байна. Хил дамнасан гүүр байгуулах ажлыг хийж байна. Энэ гэрээ зурагдсаны дараа урд хөрштэйгээ ярьсны дагуу Тавантолгой ажлын хэсэг гараад ажиллана. Төлөвлөгөөний дагуу "Чайна Энержи" болон БНХАУ-д суугаа Элчин сайдын яам, Хөгжлийн хороо хамтран нээлтийн үйл ажиллагааны бэлтгэл ажлыг хангаж байна.

Нээлтийн дараа бүтээн байгуулалтын үйл ажиллагаа шууд эхэлнэ. Хоёр талынхан өөр, өөрийн газар нутаг дээрх бүтээн байгуулалтаа хийж эхэлнэ. Ганцмод-Гашуунсухайт боомтыг төмөр замаар холбох ажлыг ирэх сарын 14-нд эхлүүлнэ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(202.9.47.27) 2025 оны 04 сарын 26

Хүнс, эмийн агентлаг байгуулах шаардлагагүй............................баахан хоолны савнууд нэмэгдэнэ...эмя нь хариуцаг

0  |  0
Top