ОЛОН ӨНГӨ I Туулай цаг

2025 оны 04 сарын 15

Арван таван жилийн өмнө гэнэт сэрсэ(э)н хө. Сэрээд харсан чинь анх ханьтайгаа суухад босгосон гэр хаачсан бүү мэд, айлд бариулсан. Авдарнууд хаа ч явдаг юм бэ, бүү мэд амбаарт хураалгасан. Авдарт байсан юмнууд хаачсан санах юм алга.

Ээжийн минь урлаж өгсөн гэрийн бүрэн ширмэл ширдэгнүүд хаана байгаа, мэдэх юм алга, пингээс дэлссэн. Авсан хүн нь дэмий л юм хийж байгаагаа дэнсэлж яаж мэдэх. Дэнсээнд дэнжигнэн амьдрахаа ч эс таних. Нэгэнт сэрсэн болохоор нэхээд нэхээд, хайгаад хайгаад хагас дутуу ч гэсэн олоод авлаа. Ямартаа ч гэрийн яс мод байж байх шиг байна. Бүрээс эсгий хагас дутуу хам хум. Авдарт байсан юмнууд ажин түжин.

Авдар дээр байдаг хаалгатай толинууд хаачсан бүү мэд. Альбом минь айлд хагас хугас урагдаж навтарсан явах. За юүхэв, тавь хүртлээ ямар ч байсан таг унтчихаж.

Тааваараа гэрээ эмхлэв. Эхлээд голомт гэрээ сайхан цоохорлов. Эсгий бүрээсээ шинэчлэв. Гадуур дотуур цавагаа солив. Гэрийн гадуур дотуур бүснүүдээ дахин сэлбэв. Гэхдээ дээсэн хялгасан хошлон бүслүүр. Тасарч үжрэхгүй удаан эдэлгээтэй. Ханаа дахин үдэж амирлуулав. Үдэхдээ бүр гангалж тэмээний үдээрээр бэхэлж гуулиар бөгжилж гоёв. Модоор хаяавч урлуулав. Дөрвөлжин босгож дөмөг тодосгов. Голомт гэрээ эмхэлж авсны дараа амьдрал ч сэргэв. Ажил төрөл ч гялалзав. Ам хэлний зөрөө ааш араншин ч аядуусав. Ай даа удаан л унтаж, сэрсэн л яамай. Туулай цаг л болж байна даа хө.

Н.Дуламсүрэн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top