ОЛОН ӨНГӨ I Дурсамж хуучирдаггүй

2025 оны 02 сарын 16

Миний бие Өмнөговь аймгийн захиргаанд ажиллаад дөрвөн жил болж байсан үе, 1968 онд Шадавын Ёнхор аймгийн Утга зохиолын дугуйлангийн эрхлэгчийн ажлыг надад хариуцуулж өгөөд нийслэлд алба хаахаар явж билээ.

Ингээд 1968 оны есдүгээр сард Монголын зохиолчдын хорооны дарга С Удвал гуай тэргүүлэн зохиолч С.Дашдэндэв, Б.Бааст, Д.Пүрэвдорж, Б.Явуухулан, С.Эрдэнэ Ш.Дулмаа нарын зохиолчид хүрэлцэн ирж анхны уран үгсийн чуулганыг Өмнөговь аймгаас эхлүүлсэн түүхтэй билээ. Улмаар уг арга хэмжээ олон түмний таашаалд нийцсэн сайхан арга хэмжээ болсон доо.

Зохиолчид маань Баяндалай, Сэврэй сумдаар аялаад буцсан. Дараагийн уран үгсийн чуулган 1979 онд хоёр дахь удаагаа болж С.Удвал, Б.Явуухулан, Д.Пүрэвдорж, С.Дашдооров, С.Эрдэнэ, Д.Цэдэв, П.Пүрэвсүрэн, Э.Хархүү, С Наран, Якутын зохиолч В.Санги, Казакын зохиолч О.Сулиманов нарын бүрэлдэхүүнтэй зохиолчид оролцож билээ. Бас л Хонгорын элс хүртэл аялаад буцсан. Харин хамгийн сүүлд 2О22 онд гурав дахь удаагийн уран үгсийн чуулган Даланзадгад хотод боллоо. Энд зохиолч Л.Дашням, Д.Төрбат, Э.Хархүү, Д.Энхболд, С.Байгалсайхан, Н. Гантулга, Ш.Лхамноржмаа, Х.Сүглэгмаа, М.Эрдэнэбат, Ц.Галбадрах, Бүргэд, В.Сэлэнгэ, гэрэл зурагчин Д.Цэрэннадмид нарын бүрэлдхүүнтэй бас л сайхан ара хэмжээ болж өндөрлөлөө.

Дашрамд энэхүү гурван удаагийн уран үгсийн чуулганд миний бие оролцож байсны учир үл мартагдах сайхан дурсамж болж үлдлээ.

Өнөөгийн Өмнөговь аймгийн утга зохиолын нэгдлийн залуу зохиолчид бас л цог хийморьтой авьяаслаг сайхан залуус өсч өндийж байгааг харахад бахархалтай сайхан байлаа.

Миний бие 1968, 1972 он хүртэл утга зохиолын дугуйлангийн эрхлэгчээр ажиллаж байхад зохиолч Э.Хархүү, М.Жавган, утга зохиол судлаач Д.Хүү морин хуурч ардын жүжигчин Ц.Цэрэндорж гээд бас л багтаж ядсан авьяастнууд байж билээ. Дугуйлангийнхан маань аймгийн радиогоор үе үе уран бүтээлээ сурталчлахын зэрэгцээ Говь гурван сайхан гэсэн хамтын бүтээлээ хэвлүүлж, уг номыг Бөхийн Бааст гуай хотоос ирж ариутган шүүж байлаа. Бас монголын зохиолчдын говийн тухай бичсэн шүлгүүдийг эмхэтгэж, яруу найргийн “Алтан говь” гэсэн эмхэтгэл хэвлүүлж байлаа. Миний бие амьдралын шаардлагаар өмнийн говиос өргөө хотод шилжин ирснээс хойш 50 гаруй жил өнгөрчээ.

Ийнхүү 50 жилийн дараа 2022 онд Даланзадгад хотод ирэхэд миний ажиллаж амьдарч байсан Даланзадгад хаана байна гэж хашгирмаар өөрчлөгдөн хөгжсөнийг үзээд бахархан биширлээ. Өнөөгийн Өмнөговь аймаг өөрсдөө бие даан хөгжихийн хажуугаар улсын төсвийн чамгүй хувийг бүрдүүлдэг болсны гадна дөнгөж сая төр захиргааны байгуулагынхаа ажилтан ажилчдын цалинг 100 хувь нэмэхээр боллоо гэсэн мэдээ сонслоо. За тэгээд иймэрхүү товчхон дурсамж үлдээлээ, дурсамж хуучирдаггүй.

З.Ядмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top