Мексикийн ерөнхийлөгч Доналд Трампад баяр хүргэжээ

Л.Батбаяр | Zindaa.mn
2025 оны 01 сарын 21

Мексикийн ерөнхийлөгч Клаудиа Шейнбаум АНУ-ын ерөнхийлөгчийн албан тушаалд орсон Доналд Трампад баяр хүргээд, хоёр улсын хооронд яриа хэлэлцээ өрнөж, хамтын ажиллагаа хөгжинө гэдэгт итгэж байгаагаа илэрхийлжээ.

“АНУ-ын 47 дахь ерөнхийлөгчийн хувьд тангараг өргөсөн Доналд Трампад Мексикийн засгийн газрын нэрийн өмнөөс баяр хүргэе. Яриа хэлэлцээ, хүндэтгэл болон хамтын ажиллагаа нь хөрш бөгөөд ажил хэргийн түнш манай хоёр улсын харилцааны билэг тэмдэг байх болно” гэж Шейнбаум Х хуудастаа бичсэн байна.

Доналд Трамп АНУ-ын Конгрессын төв танхимд ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол дээр үг хэлэхдээ Мексиктэй залгаа хил дээрх нөхцөл байдалтай холбоотойгоор онц байдлын горим нэвтрүүлэх, хил рүү нь цэрэг илгээх тухай зарлиг гаргана гэж мэдэгдсэн юм. Түүнээс гадна Америкийн төрийн тэргүүн Мексикийн мансууруулах бодис наймаалагч бүлэглэлүүдийг гадаадын террорист байгууллагуудын жагсаалтад оруулахаар төлөвлөж байгаагаа мэдэгдсэн билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top