Их Британи улс Украинд цэргийн бааз болон батлан хамгаалах дэд бүтэц байрлуулах боломжийг хэлэлцэж байгаагийн зэрэгцээ цэргийн нэгдмэл хэрэгцээг Украинтай хамтран тодорхойлох, хамтдаа бүтээх боломжтой зэвсгийн технологийн цар хүрээг өргөжүүлэх чиглэлд хамтран ажиллана гэж Их Британи болон Умард Ирландын нэгдсэн хаант улс болон Украины хооронд зуун жилийн түншлэл тогтоох тухай тунхаглалд өгүүлжээ.
Их Британийн Ерөнхий сайд Кир Стармерын Украинд хийсэн айлчлалын дараа тус улсын засгийн газрын хэрэг эрхлэх газраас уг тунхаглалыг нийтэлсэн байна. Тунхаглалд оролцогч талууд цэргийн бааз, логистикийн агуулах, цэргийн нөөц тоног төхөөрөмжийн агуулах зэрэг батлан хамгаалах дэд бүтцийг дэлгэн байрлуулах, үйл ажиллагааг хангах хувилбаруудыг судлах ажээ. Уг баримт бичиг тэмдэглэснээр, батлан хамгаалах болон аюулгүй байдлыг хангах салбарт олон төрлийн үйлчилгээг харилцан үзүүлэх цэргийн анги нэгтгэлүүд, тусгай хүчнийг байгуулах, ажиллуулах, хамтран ашиглах зэрэг түргэн хариу үйлдэл хийх уян хатан механизмуудыг бүрдүүлэх чиглэлд хамтран ажиллах юм байна.
Түүнээс гадна Украинд F-16 сөнөөгч онгоц нийлүүлэх Өрнөдийн эвслийн үйл ажиллагаанд оруулах хувь нэмрээ Их Британи нэмэгдүүлэх аж. Урт хугацааны түншлэлийн хүрээнд Лондон Киевтэй тэнгисийн цэргийн хамтарсан сургуулилт хийж байхаар төлөвлөж байгаа бөгөөд алсдаа талуудын тэнгисийн боомтууд руу цэргийн хөлөг онгоцнуудыг оруулдаг болох юм байна. Их Британи 2030/2031 он хүртэл болон түүнээс хойш ч Украинд жил бүр 3 тэрбум орчим фунтын цэргийн тусламж үзүүлэх үүрэг хүлээж буйгаа нотолжээ. Украин НАТО-д элсэх нь тус улсын аюулгүй байдлын баталгаа болно гэж тунхаглалд тэмдэглэсэн байна. Их Британи болон Украин улс тогтоон барих чадавхаа бэхжүүлэхийн тулд агаараас болон пуужингаас хамгаалах цогцолбороор алсын зайд цохилт өгөх хүчин чадлын салбарт хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлжээ. Уг тунхаглал нь 100 жилийн турш үйлчлэх бөгөөд талуудын хамтын шийдвэрээр түүнд дуртай үедээ өөрчлөлт оруулж болох юм байна.
Сэтгэгдэл ( 1 )
ЭНЭ 2 100 ЖИЛ ОРШИН ТОГТНОЖ ЧАДНА ГЭЖ ҮҮ ДЭЭ.....................