Н.Сувд: Үзэгчдийн хайр, хүндэтгэлийг 30 жил мэдэрнэ гэдэг бол их аз завшаан

2024 оны 12 сарын 11


Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Намсрайн Сувдыг “Өглөөний зочин”-оор урьж ярилцлаа.


СУРГУУЛЬД ЯВАН ЯВТЛАА ТЕАТРЫН ӨРӨӨ ТАСАЛГАА, ЖИЖИГ ХЭРЭГЛЭЛИЙН ӨРӨӨНҮҮДЭЭР Л БУЖИГНАЖ 10 ЖИЛЭЭ ТӨГССӨН

 

-Та бол Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, БНМАУ-ын Төрийн шагналт, Ардын жүжигчин Л.Цогзолмаа, БНМАУ-ын Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт сэтгүүлч, орчуулагч, дипломатч Ц.Намсрай хэмээх эрхэм сайхан хүмүүсийн охин. Тухайн цагийн Монголын элит гэр бүлд төрж өссөн хүн. Таны бага насны дурсамж их л нандин сайхан байх даа гэж бодогддог юм?

-Миний бага нас одооны хүүхдүүдийнхээс нэг их ялгагдах юм байхгүй дээ. Гурван нас хүртлээ гэртээ, буурай маань бид нарыг өсгөж хүмүүжүүлсэн. Тэгээд гурван настайгаасаа тэр үеийн орос цэцэрлэгт явж байлаа. Тоглодог хүүхдүүд маань орос, монгол хүүхдүүд байсан. Цэцэрлэгт байхаасаа Цасан охин, Цасан ширхэг болцгоогоод, өвлийн өвгөн аавыг дагаж бүжиглээд л, хөгжим, дуу, бүжиг заалгаж өссөн дөө. Одоо ч гэсэн цэцэрлэгийн үнэр авахаар надад нэг зүйл санагддаг юм. Өглөө бүр бидэнд какао, загасны тос өгнө. Тэр үеийн какао ч тийм байсан юм уу, аяганы ёроолд шороо шиг тунаад үлддэг. Тэгээд манай нэг ширээнд суудаг хүүхэд “Энэ талбайн ард талд байдаг цэцэрлэгийн модны ёроолоос энийг чинь авдаг юм ш дээ” гэж хэлэхээр нь шороо юм болов уу гэж бодоод л аягүй дургүй хүрдэг байлаа.

-Сургуулиа мөн л орос сургуульд төгссөн үү?

-Сургуулийн хувьд II 10 жилийн сургуулийг төгссөн. Тэр үед найман настайдаа сургуульд ордог байсан ч бид нарын ихэнх нь долоон настайдаа сургуульд орж байсан даа. Шагдармаа гэж нэгдүгээр ангийн багш маань байлаа. Дөрөвдүгээр ангийг Идэрсүрэн багш, долоодугаар ангийг Дамдинжав багш, 10 дугаар ангийг Очир багш, ийм дөрвөн багш удирдаж манай ангийг төгсгөсөн. Манай сургууль улсын хэмжээнд тэргүүний сургууль байсан юм. Жамбаанямдаг захирал, Бат-Өлзий захирал ажиллаж байлаа. Багш нар, захирлууд маань их нэр хүндтэй. Бид нарыг сургуульд орсны дараахан Пионерын ордон ашиглалтад орж, тэнд төрөл бүрийн дугуйланд явдаг болсон. Монголын Пионерын байгууллагын 40 жилийн ойн концертыг би их сайн санадаг юм. Тэр үед 1000 хүүхдийн концертыг Л.Ванган гуай найруулж байлаа. Тэр концертод дөрөв таван бүжиг орж байсан. Би тэр бүжигт л бүжиглэдэг ажилтай. Тэгж концертод анх удаа тоглож байсан юм. Нанжид багш, Нэргүй багш гээд л ийм мундаг багш нараар бүжгийн хичээл заалгаж байсан. Пионерын ордонд “Аз жаргалын эрэлд“ гэдэг хүүхдийн дуурь тавьж, тоглож байсныг санадаг юм.

-Та хамгийн анх ямар жүжиг үзэж байснаа санадаг уу?

-Санадаг юм. Одоо ч миний санаанд тодхон байдаг. Анх миний үзсэн жүжиг бол “Жаргалын зам” дуурь.

-Л.Цогзолмаа гуай гол дүрд нь тоглож байсан шүү дээ?

-Тоглож байсан. Тэгээд манай ээжийн концертмейстер орос авгай намайг өвөр дээрээ суулгаад л үзээд сууж байтал ээж гарч ирээд, японууд буу шийдэм болоод дайрахаар зэрэг би “Ээж ээ” гэж уйлаад л. Намайг хумьж аваад л тэр зрителээс гаргадаг байсан.

-Тоглолтын үеэр үү?

-Бүр тоглолтын үеэр. Хамгийн анх жүжиг үзэж байсан тэгж санаанд ордог юм.

-Театрт, ээжийнхээ ажил дээр байнга очдог байсан байх. Таны мэргэжил сонголтод театрын орчин л их нөлөөлсөн байх даа?

-Намайг жаахан байхад бүх театр хамт байдаг байлаа. Дуурь, балет, драм, хүүхэд гээд бүгд нэг дор. Бид нар өглөө очоод тайзны ард талын жижиг хэрэглэлийн өрөөнд л байдаг. Билэгийн Дамдинсүрэн хөгжмийн зохиолчийн дүү Б.Цэрэндорж гэж хүн жижиг хэрэглэлийн эрхлэгч. Тэнд гүйж яваад л “Бужигналаа, чимээгүй бай” гээд загнуулна. Энд л өсөж өндийсөн дөө. Өлгийтэй байхад бол буурай маань биднийг асарна. Тэр үед ээж төрсний дараа 14 хоноод л ажилдаа орчихдог байсан учраас бид нарыг буурай маань авчирч тайзны хажууд хөхүүлдэг байсан гэдэг. Арай том болсон хойноо Ино (Ө.Эрэнцэнноров) эгчийн охин Туяа бид хоёр л энд ирнэ. Тэр үед Шаравдоо гуай жижиг хэрэглэлийн эрхлэгч байсан юм. Театраас ер холдоогүй. Театр дараа нь одоогийн Драмын театрын байранд нүүж ирсэн. Ээж маань Ардын дуу бүжгийн чуулгад уран сайхны удирдагч байлаа. Энд чинь “Цэнхэр заал” гээд бүжгийн танхимд нь нийтийн бүжиг явдаг. Янз бүрийн улсууд орж ирнэ. Тэр үеийн нийтийн бүжигт чинь гоё хувцастай, зангиатай, гутлаа арчсан тийм улсуудыг л оруулдаг байсан. Тэгээд бүжиглэж байгаа улсуудын хөдөлгөөнийг дуурайж тоглоно. Энэ хоёр театрын байшинд л бидний хичээлийн бус цаг өнгөрдөг байлаа. Тэгээд л сургуульд яван явтлаа театрын өрөө тасалгаа, жижиг хэрэглэлийн өрөөнүүдээр л бужигнаж 10 жилээ төгссөн. Тийм учраас өөр мэргэжил сонгож мэдэхгүй байсан л даа.

 

 

-Аав тань бичгийн хүн. Тэр чиглэл рүү хөтлөөгүй гэж үү?

-Үгүй. Ер нь ээж ч, аав ч тийм чиглэлээр мэргэжлээ сонго гэж хэлж байгаагүй. Манайхан, одоо ч хүүхдүүдээ тэг, ингэ гэж хэлж чиглүүлдэггүй, нэг л тийм дураар нь байлгадаг юм уу даа. Бүгдээрээ толгой даагаад өөрсдийнхөө амьдралыг аваад явчихдаг. Тийм л айл байгаа юм. Нэг нэгнийхээ амьдралд ер нь нэг их оролцдоггүй. Тэр л жамаараа. Гэхдээ ээж маань, аавын мэргэжил учраас орчуулагч болох уу, сэтгүүлч болох уу гэж нэг асууж байсан. Тэгэхдээ театр нь илүү жин дарж байсан байх л даа.

 

БАГШИЙН ШИРҮҮН ШААРДЛАГА, ЗАН ААШИЙГ ДААГААД ГАРЧ ИРСЭН БОЛОХООР АМЬДРАЛЫН ЯМАР Ч ХЭЦҮҮ БЭРХИЙГ ТУУЛААД ГАРАХ ТЭВЧЭЭР БИЙ БОЛСОН БОЛОВ УУ ГЭЖ БИ БОДДОГ

 

-Жүжигчний ангид орох шалгалтыг тэр үед яаж авдаг байв?

-Аравдугаар анги төгсөхөд манай ангийн багш намайг физик-математикийн чиглэлээр сургуульд оруулах хуваарь дээр нэр тавьчихаад, би “Үгүй ээ, тийм мэргэжлээр сурахгүй. Би өөрөө кино урлаг, театрын урлагийн чиглэлээр л сурна” гээд хувийн хэргээ барьж Соёлын яаман дээр очоод, кино судлаач гэдэг мэргэжлээр шалгалтад орж байсан. Түдэвийн Чимэд гэж судлаач бий. Тэр бид хоёр шалгалтад тэнцээд Москвагийн кино урлагийн дээд сургуульд сурах болсон. Очсон даруйдаа би ректор дээр нь ороод “Танай жүжигчний ангид шалгалт өгье” гээд шалгуулж жүжигчний ангид орж байлаа. Тэр үед манай багш Борис Андреевич Бабочкин гэж Чапаевын дүрд тоглосон алдартай жүжигчин, Хөдөлмөрийн баатар хүн. Тэр багшийн ангид надаас гадна Ази, Африкийн хоёр оюутан, ингээд бид гурав нэг ангид орсон. Харин төгсөхдөө гадаад оюутнуудаас би ганцаараа төгссөн дөө.

 

 

-Та Монголдоо театрын орчинд хүүхэд насаа өнгөрөөсөн. Оросын тэр том сургуулийн танд өгсөн школ, театрын орчны хувьд ямар ялгаа анзаарагдаж байсан бэ?

-Манай театр үүсэхээсээ авахуулаад л орос школ, орос багш нарын тавьсан тэр л суурь дээр орчин үеийн мэргэжлийн театр бий болсон гэж үздэг шүү дээ. Тийм учраас нэг их ялгаа байгаагүй. Манай багш бол Орост төдийгүй дэлхийд нэртэй жүжигчин хүн. Тэгээд зөвхөн кинонд биш бас театрт ажиллаж, Малый театрт жүжигчин, найруулагч хийдэг хүн байсан. Тэгээд бид нарыг театртаа очиж тоглолт үз гээд авч явна. Бид бас багшийн сургуулилтыг харна. Элина Быстрицкая гээд “Дөлгөөн Дон”-ы Аксиньяд тоглосон гайхалтай жүжигчинтэй манай багш сайн найз нөхөд учир их ойрхон байж, сургуулилтыг нь харах тийм нөхцөл бидэнд байсан. Тэр нь их олзуурхууштай. Тийм учраас театрын ч, дэлгэцийн ч тоглолтыг аль алийг нь сурахад их дөхөмтэй байлаа. Манайх киноны сургууль учраас дэргэдээ кино авдаг студитэй байсан нь том давуу тал байжээ.

-Оюутан байхдаа та кинонд тоглосон уу?

-Бид гуравдугаар курсээс эхлээд пeреддипломный буюу урьдчилсан хамгаалалтаа хийж, дөрөвдүгээр дамжаанд дипломын ажлаа хийдэг байсан юм. Тэр үед Оросын телевизэд Вячеслав Шишков гэж том зохиолчийн “Краля” гэдэг өгүүллэгийг Инсценировка болгоод тэнд гол дүрд нь ажиллах боломж надад олдож байсан юм. Зөвлөлтийн жүжигчид гадаад орны кинонд тоглохыг зөвшөөрдөггүй ч, манай багшийн нэг шавь Канад, Финландын кинонд, мөн үлгэрийн кинонд их тоглодог О.Видов гэж жүжигчин байсан. Тэр бид хоёр гол дүрд тоглодог байлаа. Тэр нэг өдрийн сургуулилт миний санаанаас ер гардаггүй юм. Бид чинь багш дээр очиж шалгуулахаасаа өмнө сургуулилт хийх ёстой шүү дээ. Надад тэр хүн олдохгүй. Тэгээд сайн сургууль хийж чадаагүй л багш дээр очиж таарсан. Манай багш хэвтэрт байгаа мөртлөө л гэртээ бид нарыг дуудаж аваачаад сургууль хийлгэдэг байсан. Украин зочид буудлын араасаа ордог хэсэгт гэр нь байдаг. Тэгээд тэнд очиж хоёулаа үхтлээ загнууллаа. Тэр өдрөөс өмнө багш намайг нэг ч загнаж үзээгүй байсан. Ер нь бол айхтар загнадаг, хурц зантай хүн байсан юм. Өөрийнх нь сэтгэлд хүрээгүй улсууд, тийм тоглолт, сургуулилтыг бол зүгээр бужигнуулаад л, тачигнатал нь загнаад л, хөөж гаргаад л сүйд болдог. Гэтэл намайг “Өө, Сувдаа, чи сайн байна” гээд л байдаг. Надад яагаад ч юм нэг л гомдолтой, анхаарал дутуу тавиад ч байгаа юм шиг санагддаг байсан. Тэгээд тэр сургуулилтын өдөр гэрт нь очоод толгойгоо эргэтэл загнуулаад, нөгөө жүжигчинг маань “Юун чиний тэр алдар цол, чиний тэр гадаадын кинонд тоглодог хамаа байхгүй” гээд. “Сувд чи ингэж ажиллах юм бол чи хэзээ ч жүжигчин болохгүй” гээд л баахан загнуулсан. Тэндээс гараад явсан чинь бүр инээд хүрээд л, хачин гоё санагдаад.

Энэ бол жүжигчин хүнд маш их хэрэгтэй байдаг юм гэдгийг, надад багш маань тэгж бусдаас ялгаварлаж хандаагүй юм байна гэдэг нь мэдрэгдсэн. Би бүр хачин их баярласан. Тэгээд ангийнхаа хүүхдэд хэлсэн чинь “Хүүе, загнуулчихаад баярлаад байдаг чи нээрээ ямар сонин хүн бэ” гэж байлаа. Чин сэтгэлээсээ хандаж байгаа хүн л хайр найргүй загнадаг байх. Багшдаа загнуулснаар их юмыг ойлгож авна шүү дээ. /инээлдэв/ Би тийм багшийн хажууд байсан учраас ер нь барагтай хүний үгийг даагаад гарах чадвартай төгсөж ирсэн шиг байгаа юм. Багшийн тэр айхтар ширүүн шаардлага, зан аашийг даагаад гарч ирсэн болохоор ер нь амьдралын ямар ч хэцүү бэрхийг туулаад гарах тийм тэвчээр бий болдог юм болов уу гэж би дотроо боддог. Тэрнээс биш, алган  дээрээ бөмбөрүүлээд л, тоосыг нь үлээгээд хүн болгосон бол амьдралын энэ ширүүн нугачаан дунд бас сөхрөх, гундах асуудал гардаг байх даа гэж би хардаг юм. Амьдрал гэдэг чинь дандаал магтаал, шагнал, жаргал гэдгээр биш зовлон бэрхшээл, муу сайн бүгд л эрээлж байдаг хорвоод аль алийг нь даагаад гарах ухаантай, тэвчээртэй байх хэрэгтэй юм байна даа л гэж боддог юм шүү дээ.

-Бүх холбоотын Кино урлагийн дээд сургууль оюутнуудаа ямар арга барилаар сургадаг байсан бэ?

-Станиславскийн систем гэж ярьдаг тэр системийн л дагуу, тэгэхдээ онолыг бол дадлагын хажуугаар дагалдуулж сургана уу гэхээс биш, лекцийн журмаар заадаггүй. Дадлага хичээлийн хажууд тэр онолыг ярина, заана. Тэрийгээ бичиж авах эсэх нь тухайн оюутны л асуудал. Ер нь 10 жил төгсөхөд хүүхдийг бие дааж сурах, бие дааж ажиллах ийм чадварт сургаж дадлагажуулж байх хэрэгтэй юм даа гэж би одоо боддог юм. Манай сургууль киноны сургууль учраас жүжигчний ангийг бол театр, киноны жүжигчин гэж төгсгөдөг. Диплом хамгаалахдаа тайзан дээр жүжигт, мөн экраны ажил гэж тийм хоёр чиглэлээр дипломоо хамгаалдаг л даа.

-Таны оюутан үеийн зураг хэд хэдэн социалист орны урлагийн сэтгүүлийн нүүрэнд, мөн Оросын Огонёк сэтгүүлийн нүүрэнд ч хэвлэгдэж байсан. Өнөөгийн ойлголтоор бол, одууд л сэтгүүлийн нүүрийг чимдэг. Та бүр оюутан байхаасаа од болчихсон байсан юм биш үү?

-Одооны ойлголтоор бол, тийм л юм байх. Тэр үед бол нэг их тэгж ойлгодог ч үгүй байж л дээ. Анх намайг наймдугаар ангид байхад Төв музейд олон ястан үндэстний үзэсгэлэн тавигдах болсон юм. Тэр үед надад Дарьганга эхнэрийн хувцас өмсүүлж байгаад, өдөржин нэг зураг авахуулсан. Тэр нь сүүлд ил захидал болоод гарсан. Дараа нь тэр музейд миний бүр том зураг тавигдсан байсан. Тэрнээс хойш улс хувьсгалын ойн үеэр “Огонёк” сэтгүүлийнхэн ирж тэр зургийг авсан юм. Польшийн киноны сэтгүүл дээр, Германы болон Югославын сэтгүүл гээд оюутан байхад сэтгүүл сонин дээр зөндөө л зураг гардаг байсан. Кино урлагийн сургуульд сурч байсан маань ч нөлөөлж байсан байх. Тэр Польш, Герман, Югославын 2-3 сэтгүүл дээр гарсан нь бол Москвагийн Олон улсын кино фестивалийн үеэр авсан зургууд л даа, ихэнх нь.

-Та сургуульдаа очоод анх хуваарийн дагуу авсан мэргэжлээ өөрчилсөн. Ямар нэгэн асуудал гараагүй юу?

-Өөрөө толгой мэдээд мэргэжлээ сольж, жүжигчний мэргэжлээр сураад л төгсөөд ирсэн. Манай сургууль киноны сургууль учраас жүжигчний ангийг бол театр,киноны жүжигчин гэж төгсгөдөг. Тэгээд диплом хамгаалахдаа тайзан дээр жүжигт, мөн экраны ажил гэж тийм хоёр чиглэлээр дипломоо хамгаалдаг л даа. Тэр үед бол оюутнуудыг чинь албан газрууд захиалж сургадаг байсан шүү дээ. Судлаачийн ангид явсан хоёр оюутан Кино үйлдвэрийн нэр дээр суралцаж байсан. Сургуулиа төгсөж ирээд Кино үйлдвэрт жүжигчин болж очиход, манай Цэнд-Аюуш эгч (ягаан Гажид), Осор гуай, Элбэгсайхан ах, Дамчаа гуай, Дамдинбазар гуай гээд ёстой томчууд байсан даа. Бадамгарав гуай, Довчин эгч гээд л энэ хүмүүстэй хамт ажилласан. Тэгээд гол нь орчуулгын кинонд дуу хийдэг байлаа. Уран сайхны кинонуудад туслах ажил хийнэ.

 

 

НЭРТЭЙГЭЭР НЬ ЧИ ЦААД ЗҮЛЭГ ЗУЛГААГААД ШӨЛ ХИЙХГҮЙ ЯАВ ГЭЭД Л НАМАЙГ ЗАГНАЖ БИЛЭЭ

 

-Дөнгөж төгсөж ирээд үү?

-Тийм. Намайг төгсөөд ирэхэд кино концертыг Ичинноров гэж найруулагч хийж байсан юм. Тэгээд “За энд жүжигчид цуглуулах ажлыг чи хариуцна” гээд, тэндээс бүжигчин олоод ир, эндээс дуучид аваад ир, эндээс хөгжимчид аваад ир гэхэд нь автобустай жүжигчид зөөгөөд л явна. Тэгээд анх удаа натур гэж киноны хөдөө зурганд очиж байгаа юм. Бүгдээрээ зургандаа явчихна. Намайг хоол хий гэлээ. Миний ганц хийж чаддаг хоол маань ногоотой шөл. Тэгээд л баахан ногоотой том тогоо дүүрэн шөл хийгээд л тавьчихлаа. Зургийнхан хүрээд ирсэн чинь Цэдэн-Иш гэж мундаг гэрэлтүүлэгч байсан. Тэр ирж үзчихээд, нэртэйгээр нь чи цаад зүлэг зулгаагаад хийхгүй яав гээд л намайг загнаж билээ. Учиргүй их ногоотой харагдсан байх л даа. Уртнасан гуай оператор, тэгээд л тэнд анх хөдөө орон нутагт натурт гарч байгаа нь тэр. 

-Тэр үед ямар ч сургууль төгссөн, бага албан тушаалаас дадлагажуулж байж жинхэлдэг байсан. Та хэдэн оноос кинонд тоглож эхлэв? Таны залуудаа тоглосон киноны их хөөрхөн дүрүүд байдаг шүү дээ...

-Энд ирээд “Эхлэл” кинонд тоглосон. Жигжидсүрэн найруулагч, Баатар оператор, Лхамсүрэн гэж хүн зохиолыг нь бичсэн, Холбооны салбарын 50 жилийн ойд зориулсан кино байсан. Ёстой нэг далайд аваад шидүүлчихсэн юм шиг л байсан даа, би чинь. Морь мал унаж мэдэхгүй, натурт цагаан сарын өмнөхөн явж байсан. Мандал өртөөн дээр буугаад мод хийж байгаа газар уулын таг руу явах ёстой. Айлаас хоёр морь олж аваад л намайг дагуулж яваа хүн нэгийг нь унана. Нэгийг нь би унах ч гэж дээ хөтлүүлээд л уулын таг руу очсон. Маргааш өглөө нь бүр гишгэж чадахааргүй болтлоо агсрагдчихсан байсан. Тэгж л анх удаа морь унаж натур дээр очиж байлаа. Тэр үед уран сайхны зөвлөлийнхөн, кино сайн болоогүй гэж их загнасан. Их ч муулуулсан. Киног яахав тэгээд нэг юм дунд дүнтэй хүлээж авлаа. Төв кино театруудаар бараг гаргаагүй. Тэгээд сүүлд тэр киногоо харсан чинь, үгүй ээ бас яахав ээ. Мэргэжлийн ажлыг багшгүйгээр, бас найруулагчтайгаа ажиллаж сураагүй байхдаа бие дааж ажилласан анхны бүтээл юм даа.

-Жигжидсүрэн найруулагч чинь тэр үед залуухан байсан байлгүй?

-Залуухан байлгүй яахав. Ерөөсөө “Анхны алхам” гэж киногоороо дипломоо хамгаалсан. Их сайн гэж үнэлэгдэж, дилломын ажил нь өндөр үнэлгээ авч байсан. Энд үзэгчид бас асар өндөр үнэлсэн. “Эхлэл” гэж кино хоёр дахь бүтээл нь байсан, яаруу ч хийсэн байх. Нэг тийм захиалгын кино л миний анхны уран бүтээл байсан юм. Тэгээд би кино зургаа ч дуусгаагүй байхдаа “Дайсны цэргүүд ээ, сонсоцгоо”  киноны зурганд хойшоогоо яваад өгсөн. “Дайсны цэргүүд ээ, сонсоцгоо” киног оросуудтой хамтарч хийхэд хэлмэрч-эмнэлгийн ажилтны дүрд тоглосон. Дайны сэдэвтэй, Сумхүү найруулагчийн кино. Оросын талаас ч, манай талаас ч шилдгүүд нь найруулсан, зургийг нь авсан, анхаарал их тавьсан, том хэмжээний хамтын уран бүтээл байсан.

 

 

-Таны гол дүрд нь тоглосон “Хань” кино бас хүмүүст их үнэлэгддэг шүү дээ?

-“Хань” киног бол Гомбо гуай зохиолыг нь бичсэн юм. Тэгээд Сумхүү гуай найруулсан. Намайг дуудаж тэр зохиолоо өгөөд, “За, чи энийг унш. Энэ зохиолыг гол нь чамайг харж бичсэн юм” гэж билээ. Тэгээд л тэр кинонд тоглосон доо.

-Та бас “Моторын дуу” кинонд дуучны дүрд тоглосон. “Галбын говийн манхан дундуур...” гээд л дуулдаг даа?

-1984 онд юм уу, 1983 оны сүүлчээр тэр концертын тоглолтын зургийг авахад цас орчихсон байсан юм. Тэр чинь зуны хувцастай, зуны зураг. Намар хүйтэн жавартай, цас орсон өдөр тайзны хувцастай, зуны улиралд болж байгаа үйл явдлын зураг авалтад орсон.

-Тийм үү? Ёстой тэгж харагдаагүй дээ?

-Спиртээр л биеийг минь арчиж байгаад дуулуулсан юм. Би нэг хэсэг ханиасан. Сар гаруй болсны дараа манай ээж сүртэй нь аргагүй Сүрьеэгийн больницод дагуулж очоод шинжилгээ өгсөн чинь, “Хатгаа болчихсон хүүхдээ дагуулаад юу хийж яваа юм бэ?” гэж хөөгдөөд, нэгдүгээр эмнэлэг дээр пенициллин 10 тариулж, бумба тавиулаад эдгэж байсан юм. Би театрт дөнгөж ирчихээд байсан үе. Тэгээд л “Сүрьеэгийн больниц дээр Сувдаа явж байна” гэхээр зэрэг нүд нь орой дээрээ гарцгаагаад, “Ийм айхтар нийгмийн халдварт өвчинтэй жүжигчин ирж байгаа юм уу?” гээд, тэр больницоос нь “эрүүл” гэдэг бичиг авч, театрт өгч байлаа.

 

ХАМГИЙН АНХ ДРАМЫН ТЕАТРЫН ТАЙЗАН ДЭЭР АЖИЛЛАСАН ЖҮЖИГ МААНЬ Н.ОСТРОВСКИЙН “ИНЖГҮЙ ХҮҮХЭН” БАЙСАН

 

-Бас л их адал явдал туулж театрт иржээ. Драмын театрт таныг ямархуу хүлээж авсан бэ?

-Намайг ирэхэд Долгорсүрэн гуай, Хандсүрэн гуай, Цэрэндулам гуай, Цэвээнжав гуай, Долгор гуай гээд нэг өрөөнд дандаа Ардын жүжигчин, гавьяатууд суудаг. Тэд нар маань намайг “Миний хүү нааш ир, нааш ир” гээд л бүгдээрээ дуудаад, тэд нартаа эрхлээд, будгаар нь будаад л, ширээн дээр нь суугаад л эхэлж байсан. Ёстой өнөө, хар нялхаас минь мэдэх ийм ахмадууд угтаж авсан даа. Залуучуудын хувьд бол хачин санагдаж байсан байх л даа. Сүүлд л бодоход, ангийн дарга гэж хүн байсан, тэр нь өрөө хуваарилдаг байсан байгаа юм. Тэд нар маань бол намайг алган дээрээ ёстой өндөг шиг тосож авсан. Надад цай чанаж өгнө, хооллоно, тэгээд будаг шунх гээд зөндөө тусална. Цэвээнжав гуай тэр үед хүнд өвчтэй, эмнэлэгт удаан хугацаагаар хэвтэж байлаа. Долгорсүрэн гуай, Хандсүрэн гуай хоёрын ширээн дээр эд нартайгаа хамт би суудаг. Цэвээнжав гуай хүрч ирээд “Миний хүү, битгий ингэж суу. Миний ширээ сул, би суллаад өгье. Чи энд суу” гээд ширээгээ суллаад надад өгөөд явж байсан юм. Гэтэл одооны залуучуудыг харахад, ахмадуудыгаа “ширээгээ өгч байна” гээд л хадаг бариад л байна. Тэгэхэд би ёстой нэг бодож санах юмгүй, эрхлээд л явж байж дээ.

 

-Театрт та олон дүр бүтээсэн. Ер нь тайзан дээр тоглох, дэлгэцийн өмнө тоглох хоёрт ямар гол ялгаа байдаг юм бэ?

-“Техникийн л ялгаа бий, арга ажиллагааны хувьд бол ижилхэн” гэж бид нарт заадаг. Би тэрийг нь хүлээн зөвшөөрдөг юм. Техникийн хувьд, татаад зургийг нь авчихаж байгаа болохоор их өөр. Харин тайзан дээр бол бүр эхний эгнээнээс эхлээд сүүлийн хорин хэд дэх эгнээний үзэгчдэд хүргэх ёстой. Тэгэхээр тоглолтын техникийн хувьд л өөрчлөгдөнө.

-Театрт тоглолтын ур чадвар илүү их шаардагддаг байх нь ээ?

- Тийм. Кинон дээр бас аргалж болно. Тайзан дээр бол аргалж болохгүй шүү дээ.

-Театрын тайзан дээр бүтээсэн ямар дүрдээ та илүү их хайртай вэ?

-Хамгийн анх Драмын театрын тайзан дээр ажилласан жүжиг маань Н.Островскийн “Инжгүй хүүхэн” жүжиг байсан. Лариса бол эмгэнэлт, сонгодог том дүр л дээ. Тэр дүр дээр ажиллахад найруулагч нь Маамхүү гуай, зураач нь Доржпалам гуай байсан. Хамтран тоглогчид маань Гомбосүрэн гуай, Цэрэндулам гуай, Жарантав, Латиф, Шагдаржав гээд л манай томчууд. “Эхлэл” кинон дээр хамтран тоглогч байсан Баатархүү маань театрт ирчихсэн байлаа. Гантөмөр гуай миний хамтран тоглогч. Үнэхээр муу тоглох аргагүй, тэдэнд чирэгдэж тоглож байгаа юм. Э.Оюун гуай орж ирж загнана, ажиллана. Хо.Нацагдорж гээд манай мундаг судлаач бас тусална. Гомбосүрэн гуай, Цэрэндулам гуай нартай яаж муу тоглох вэ дээ. Үнэхээр гайхалтай хүмүүс. Цэрэндулам гуай гэхэд, миний ээжид тоглож байсан. Надаас ер нь намхан хүн шүү дээ. Тэгэхэд чинь бүр налчийтал намхан болчихоод л “Ээж ээ, болиоч ээ” гэж хашгирмаар болж байгаа юм чинь. Гомбосүрэн гуай бүр албаар хажууд ирээд л уруулаа хачин болгоод, “хмм хмм хммм” гэхээр нь зэрэг л миний нуруу руу хүйт оргиод явчихна. Үнэхээр тэр дүрдээ тэгж шингэж орж байгаа юм. Гантөмөр гуай ямар гоё биетэй, ямар жавхаатай, тайзны араас гараад ирэхэд л өөрийн эрхгүй биширмээр. Үнэхээр тийм улсууд хажууд байгаа юм чинь, тэд нар өөрсдийнхөө тоглолтоор намайг өргөөд, миний хийж чадахгүй байгаа юмыг хийлгэх хэмжээнд хүртэл нь тоглодог байлаа. Би үнэхээр их азтай. Үнэхээр ховор аз.

-Тэр сайхан хүмүүстэй хамт том дүр бүтээж байхдаа та театрын жүжигчин болчихсон байсан уу?

-Тэр жүжиг дээр ажиллахад би театрт байгаагүй, Кино үйлдвэрт байсан юм. Тэнд орчуулгын киноны дуу хийнэ. Урлагийн гавьяат зүтгэлтэн Доржпалам гуай манай уран сайхны удирдагч, “За, чамайг театрт ажиллуулна. Чамайг монгол болгож хүмүүжүүлнэ” гэдэг байлаа. Тэгэхээр нь би “Монгол болгож хүмүүжүүлнэ гэж яадаг юм бэ? Би чинь монгол л хүн юм чинь” гэхээр дуу оруулахад хүртэл, өнөө тайзнаас ярих урлагийн хичээлийг орос багшаар заалгасан нь их нөлөөлдөг юм шиг байна л даа. Тэгээд “Чамайг монгол болгоно оо” гээд Хүүхдийн театрт “Болд хэрхэн хатаагдсан нь” жүжиг дээр ажиллуулаад, дараа нь “Инжгүй хүүхэн”-д Драмын театр дээр авчирч ажиллуулж байгаа юм. Уран сайхны удирдагчийнхаа яв гэсэн газар нь яваад л, суу гэсэн газар нь суугаад, хий гэсэн ажлыг нь л хийж яваа хүн чинь бодож санах ч юм байхгүй. Тэгээд сүүлд бодоод байх нь ээ, нээрээ л ярих, хэлэх нь хүртэл болж өгөхгүй байсан байх л даа. Дараа нь “За тайзны яриаг бол монгол багш заах ёстой юм байна аа” гэж Соёлын яаманд хүсэлт тавьж байж ГИТИС-т нэг курс явуулсан нь одоо энэ Жаргалсайхан, Урнаа нарын жүжигчид төгссөн анги л даа. Уран сайхны удирдагч байсны хувьд, миний тэр туршлага хэрэг болсон л байх.

-Та ер нь хэдэн жүжигт тоглож, хэчнээн дүр бүтээсэн бол гэж тоолж үзэв үү?

-Монголын театрын тайзнаа У.Шекспирийн “Гамлет” жүжгийн Офелия, Г.Ибсений “Нора” жүжгийн Нора, Н.В.Гоголийн “Байцаагч түшмэл” жүжгийн Анна Андреевна, У.Шекспирийн “Макбет” жүжгийн хатагтай Макбет, А.П.Чеховын “Цахлай” жүжгийн Аркадина, “Анна Каренина” жүжгийн хөгшин Анна, Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэнгийн “Атга нөж” жүжгийн Өүлэн эх зэрэг үндэсний болон дэлхийн сонгодог нэлээд хэдэн дүр, “Хань” киноны Наран, “Мандухай сэцэн хатан” киноны Мандухай, “Мөнх тэнгэрийн хүчин дор”, “Үхэвч үл болно, Чингис хаан” киноны Өүлэн эх зэрэг дэлгэцийн хорь гаруй дүрийг бүтээсэн дээ.  Би чинь 1981 оноос уран сайхны удирдагч гээд 1992 он хүртэл удирдах ажилд байхдаа тэр бүр өөрөө тоглоод байж болдоггүй байлаа.

 

МАНДУХАЙ ТОМ ДҮР ШҮҮ ДЭЭ. ТЭР ТУСМАА “СУВДАА ЧАДАХГҮЙ, ЕВРОП ХҮМҮҮЖИЛТЭЙ. МОНГОЛЫН АМЬДРАЛ САЙН МЭДЭХГҮЙ” ЭНЭ ТЭР ГЭСЭН ЯРИА НАДАД ИХ ТУС БОЛСОН

 

-Таны бүтээсэн дүрүүдээс монголчуудын сэтгэлд зүрхэнд хэзээ ч мартагдахааргүй хоногшсон том дүр бол Мандухай сэцэн хатан. Бид чинь ийм бахархам түүхтэй, өөр хүмүүс юм байна гэдэг тэр хүчтэй мэдрэмж, бахархал омогшлыг өгч байсан анхны кино шүү дээ?

-Энэ кино бол дан ганц киночдын хувьд ч биш, ерөөсөө монгол хүний хувьд, Монгол Улсын хувьд хариуцлагатай бүтээл байсан учраас Сайд нарын зөвлөлийн тогтоол гарч, бэлтгэл ажлыг бүр жилийн хугацаанд хийж, энэ киног хийхэд манай Жигжид гуай үнэхээр хүчин зүтгэсэн. Бүр 1970-аад оноос эхлээд л энэ киног хийх гэж хөөцөлдсөн байдаг юм.Тэр үед чинь янз бүрийн зөвшөөрлийг главлит өгдөг, бүх юм үзэл суртлын хэмжүүрээр хэмжигддэг байсан үе. Тэгээд л маш их удаан хугацаанд хөөцөлдсөний хүчинд энэ киног хийх зөвшөөрөл гарсан. Нэгэнтээ зөвшөөрсөн учраас улс их анхаарсан. “Цогт тайж”- ийг ч гэсэн хийхэд улсаас онцгой анхаарсан байдаг. Зургийн дарга нь гэхэд л Намын Төв  хорооны хэлтсийн эрхлэгч хүн байсан гэдэг. “Мандухай сэцэн хатан” гэхэд л морь мал, хүн хүч, цэрэг армийн байлдагчдыг оролцуулах асуудал Засгийн газрын хэмжээнд шийдвэр нь гарч, оролцож, бүр онцгой анхаарал тавьж хийсэн кино шүү дээ.

-Их сонин шүү. Монголын хоёр том түүхэн кинонд ээж, охин хоёр гол дүрд тоглож, хоёулаа энэ бүтээлээрээ Төрийн шагнал хүртсэн. Цогзолмаа гуай 1945 онд, та 1989 онд. Үнэхээр гайхалтай тохиолдол. Та Мандухайн дүрд хэрхэн сонгогдсон бэ?

-Киноны дүрүүдийн сонголтыг маш удаан хугацаанд хийсэн. Дан ганц жүжигчид биш, хөдөө орон нутгийн театр, чуулга, жирийн улсуудын дотор ч маш их эрэл хайгуул хийсэн. Тэгж байж дүр батлагдсан. Эхний үед бол намайг ерөөсөө Мандухайн пробод ч оруулаагүй. Шихэр хатны дүрд тоглуулна гээд бараг шийдчихсэн байсан. Тэгээд Мандухайг л сураглана. Олдохгүй эрээд л байсан юм шиг байна лээ. Бараг 200-аад хүнийг пробод оруулсан ч гэдэг билүү. Сүүлд нь намайг дуудсан, Мандухайд. Тэгээд намайг очиход Дарханаас ирсэн цэргийн хувцастай их гоё хүүхэн байсан. МУИС-ийн багш С.Цэндсүрэн, өөр нэг хүүхэн гээд гурав дөрвөн хүн байсан. Тэгээд л “За энэ хэсгийг чи тоглоод энэ улсуудад үзүүл” гэсэн. Миний тоглосныг тэд нар хараад тоглож үзүүлэх юм байх л даа. Тэгэхэд нь би “Үгүй ээ, энэ чинь 2-3 сери кинонд би ингээд дагаад л тоглоод явж байх юм уу?” гэж асуусан. Цэрэнпагма, Мягмарнаран бид хамт очсон юм. Мягмарнаран, Цэрэнпагма хоёр, “За, дуугай чи наадхыг нь хийгээд л үзүүл” гээд байсан. Удалгүй надад “Чамайг тоглуулах боллоо” гэж хэлсэн. Тэгээд Жигжид гуай кино зураг авалтаа эхлүүлсэн юм.

-Зураг авалт нь хэзээ эхэлсэн юм бэ?

-Туул голын хавьд тавдугаар сарын үед зураг авалтаа эхлүүлсэн юм. Тэгэхэд би Польшид соёлын өдрүүдийн нээлтэд уригдаад, заавал явах шаардлагатай гээд явсан. Эргээд ирэхэд Жигжид гуай өвдөөд эмнэлэгт хэвтчихсэн байлаа. Намайг явсны дараа л сэтгэл нь үнэхээр их зовсон юм шиг байна лээ. Тэгээд Сувдаа явчихлаа, хэзээ яаж эргэж ирэх юм бэ гээд л санаа нь зовоод бүр өвдчихсөн байсан. Уран бүтээлчийн уран бүтээлийнхээ төлөө гэсэн тэр сэтгэл бол үнэхээр их хүчтэй байдаг юм байна. Тэгээд би онгоцны буудлаас шууд эмнэлэг рүү гүйгээд очсон л доо. “Жигжид гуай, би ирчихсэн. Та одоо битгий санаа зов оо. Маргаашаас ажилдаа ороход бэлэн” гэсэн чинь намайг харснаа “Өө, чи хүрээд ирсэн бол одоо миний санаа амарлаа. Хөлөө мэнд газарт тавьснаас хойш одоо би санаа зовохгүй ээ” гэж байсан шүү, хөөрхий. Эмч нар нь эрүүл мэндийн хувьд үнэхээр дийлэхээргүй болчихлоо л гэсэн л юм шиг байна лээ. Тэгээд Балжинням найруулагч руу шилжүүлээд, Жигжид гуай зөвлөх найруулагчаар ажилласан. Зохиол дээрээ, жүжигчний сонголт дээрээ Балжинням найруулагч шинэчилсэн л дээ. Намайг бол өөрчлөөгүй. Өнөболдод Лхасүрэн байсан юм. Сүүлд нь Дашпэлжээ болсон. Мандуулд Пүрэвдорж гуай байсан юм. Тэгээд Нямсүрэн болсон гэх мэтчилэн жүжигчид нэлээн их солигдсон. Шихэрт би тоглох байсныг Цэрэнпагма тоглох болсон. Дамчаа гуай бид хоёр л солигдоогүй байх.

-Та Мандухайн залуу насны дүр, 18 настай охины төрхийг маш гоё гаргасан. Охид 18-тайдаа л нэг ийм байдаг даа гэмээр?

-Нүүр хувиргагчид маань их сайн мэргэжлийн хүмүүс байсан. Найданжав, Бадамсүрэн гэж хоёр хүн нүүр будаж байсан. Тэгээд л залуу болгох гээд нүүрийг жартайтал нь татаад л, үгүй бол хөгшрүүлж гүзээ шиг болтол нь сунгаад л байна. Тэгэхэд би “Нүүр төлж өгөөрэй” гэж хошигнодог байсан юм. Нүүр будаг хийж байгаа хүмүүс маань хичээнэ, зураглаач хаанаас нь яаж зургаа авах вэ, гэрэл тавьж байгаа улсууд нь яавал залуу болгож харагдуулах вэ гээд бүгдээрээ л үзнэ шүү дээ. Нямсүрэн маань хүртэл “Би яах вэ, яамаар байна” гээд л бүгд хамтдаа хичээсний үр дүн юм даа.

-Мандухайн дүр морь унаж давхихаас эхлээд дайн тулааны сцен ихтэй. Та өмнө нь бэлтгэл хийгээд моринд нэлээн сайн болчихсон байсан уу. Аль эсвэл киноны үед л суралцсан уу?

-Ер нь би одоо ч морь унаж чадахгүй шүү дээ. Гэхдээ яах вэ, мориноосоо арай шидэгдээд уначихгүй. Зургийн үед бол шидэгдэж л байсан. Сургууль хийнэ. Дөрөвдүгээр сарын сүүлч, тавдугаар сарын эхээр бид нар Хөгнө ханы урд талд натурт гарлаа. Даваасүрэн гэж адуучин залуу хоёр хурдан азарга авчирч өгч байсан. Өглөө зургаан цагаас орой нар жаргах хүртэл зурагтай ч бай, зураггүй ч бай намайг дагаад л унуулаад, сургууль хийгээд л явдаг байсан. Уран бүтээлч хүн чинь уран бүтээлд нь хэрэгтэй бол тэр зүйлийг нь хийхээс өөр арга байхгүй шүү дээ.

-Та кино зураг авалтын натурын үед яг тэр дүрээрээ амьдраад явчихдаг уу?

-Үгүй ээ, яг тухайн үед дүрдээ орохыг хичээж, аль болох болгохыг л хичээнэ. Тэр дүрийнхээ амьдралд итгэж, өөрөө түүндээ үнэмшиж, тэр дүрдээ орох л гэж хичээдэг юм. Тэгээд л заримдаа сайхан болно. Заримдаа болж өгөхгүй. Янз бүр л байна шүү дээ.

-Мандухайн дүрд тоглосныхоо дараа та юу мэдэрсэн бэ?

-Үзэгчдийн хайр, хүндэтгэл гэдэг их үнэтэй юм байдаг. Гучин хэдэн жил тэр л хайр хүндэтгэлийг мэдэрнэ гэдэг бол үнэхээр аз. Тийм азтай. Тэр болгон жүжигчинд олдоод байдаг зүйл биш л дээ. Үнэхээр ховор заяа л гэж залбирахаас аргагүй.

-Монголд ардчилсан өөрчлөлт шинэчлэлтийн уур амьсгал орон даяар бүрэлдэхэд, үндэсний сэргэн мандалтын уур амьсгал бий болоход маш хүчтэй нөлөө үзүүлсэн кино шүү дээ?

-Тийм, цаг үе нь тэгж таарсан. 1945 оны “Цогт тайж”-аас хойш түүхэн сэдэвтэй кино гэж бараг байсангүй. Ер нь ардын хувьсгалаас өөр түүхэн сэдэв бараг хөндөгддөггүй байлаа шүү дээ. Тийм учраас энэ бол үзэгчдийн гэхээсээ илүү нийт ард түмний хүлээлт байсан гэж боддог юм даа. Ерөөсөө киног хийх боллоо гэсэн цагаас нь авахуулаад л хүн болгон оролцох гэсэн их хүсэл эрмэлзэл байсан. Малчид, батлан хамгаалахын цэрэг армийнхан, ер нь хүн болгон. Эмэгтэйчүүдийн хориход хоригдож байсан эмэгтэйчүүд тэр хуяг дуулгыг өдөр шөнөгүй сууж оёж өгч байсан. Гар урчууд бол нойр хоолгүй ажиллаж бэлдэж байсан шүү дээ. Үнэхээр хүн болгон сэтгэл зүрхээрээ оролцож байсан. Мандухайд Сувдаа тоглож чадна, чадахгүй гэж хүртэл хоорондоо маргаж, үнэхээр их сэтгэл зовж байсан учраас сэтгэл зүрхээрээ хүртэл оролцож байсан.

-Жанцанноров гуайн бичсэн хөгжим бол үнэхээр гайхамшигтай, тийм ээ?

-Тийм. Үнэхээр уран бүтээлч, шинэ хэлбэр загвар, шинэлэг сэтгэлгээний хөгжим байсан. Тэнд уртын дуу, симфони оркестр, ардын хөгжим, язгуур урлаг гээд бүхнийг уялдуулж, хөг юуг нь гаргаж чадсан гэж л би боддог юм.

-Кино дөнгөж олны хүртээл болмогц Элдэв-Очирын нэрэмжит кино театрт гэр бүлээрээ үзэж байсан тэр сэтгэгдлийг юутай ч зүйрлэшгүй. Тэндээс би тэс өөр хүн болоод гарч билээ. Анх удаагаа тийм мэдрэмж авч, монгол хүн болж төрснийхөө бахархал омогшлыг жинхэнэ утгаар нь мэдэрч байсан юм.

-Үнэхээр зөвхөн кино группийн төдийгүй, нийт хүн ардын бүтээлч уур амьсгал “Мандухай”-г бүтээсэн гэж хэлж болно доо. Хөдөө аж ахуйн дээд сургуульд очоод уулзалт хийгээд сууж байхад нэг хүн сурагчийн дөрвөлжин шугамтай дэвтрийн хуудсан дээр Мандухайн хуяг дуулга, хөхөн тушаа нь жадны зэв шиг юмтай зураг зурж надад явуулсан юм. Би тэрийг ерөнхий зураачдаа өгөөд, яг тэрүүгээр нь хийсэн хуяг дуулгатайгаар Дөрвөн Ойрадыг буулгаж авахад тоглож байсан. Тэр зураг зурж өгсөн хүн нь үздэг л байх даа. Тийм учраас ерөөсөө бүх хүмүүсийн бүтээлч уур амьсгал тэр кинонд нөлөөлсөн нь тэгж хүчтэй мэдрэгдсэн болов уу. Мандухай том дүр шүү дээ. Тэр тусмаа “Сувдаа чадахгүй, европ хүмүүжилтэй. Монголын амьдрал сайн мэдэхгүй” энэ тэр гэсэн яриа надад их тус болсон. Нээрээ л үнэн. Тэрийгээ бодож, засаж л амьдрахгүй бол болохгүй. Өнөө Доржпалам гуайн “чамайг монгол болгож хүмүүжүүлнэ” гэдэг шиг үнэхээр л монгол байхгүй бол болохгүй. Тийм учраас тэр хүмүүсийн хэлж байсан шүүмжлэл надад үнэтэй сургамж байсан гэж би боддог. Тийм учраас л, бүх хүмүүсийн санаа сэтгэл шингэсэн кино болсон гэж би бодож байна.

 

ЖҮЖИГЧНИЙ МЭРГЭЖИЛ БОЛ ХҮН СУДЛАЛЫН АЖИЛ ЮМ

 

-Жүжигчин хүний амьдрал юугаараа их онцлог байдаг вэ?

-Хүн чинь амьдралдаа нэг л амьдралаар амьдраад дуусдаг шүү дээ. Жүжигчин хүн бол өчнөөн янзын амьдралаар амьдарч, хэдэн удаа үхэж сэхэж, тэр л тоглож байгаа дүрдээ шингэж орж, амьдралыг нь туулж л байдаг болохоор сонирхолтой л доо. Сонин амьдрал л гэж би бодож байна. Жирийн хүн бол тийм олон амьдралаар амьдарч чадахгүй шүү дээ. Зөвхөн жүжигчин хүнд л оногддог хувь заяа юм даа.

-Урлагийн хүн болно гэдэг амаргүй байх. Авьяас, хөдөлмөр хоёрын аль нь илүү жин дарах ёстой вэ?

-Авьяас, хөдөлмөр хоёр хоёулаа байж л урлагийн тогоонд чи орж болно. Түүнээс биш, хэчнээн хөдөлмөрч байгаад огт авьяасгүй бол хэцүү шүү дээ. Дээр нь хөдөлмөрлөж чаддаг, их тэвчээртэй, тэсвэртэй тийм хүн энэ мэргэжилд ажиллаж чадна. Тэрнээс биш тэвчээргүй, тэсвэр муутай бол энэ мэргэжилд ажиллахад хэцүү. Хувийн амьдралын хувьд ч, мэргэжлийн хувьд ч гэсэн их тэсвэр тэвчээр, хөдөлмөр шаардагддаг. Тийм учраас хэцүү амьдрал.

-Гэхдээ амьдралыг, хүнийг илүү их танин мэдэх боломж байдаг байх?

-Тийм. Хүнийг судлах тусам сонин. Магадгүй, өөр улсууд бол амьдралыг өнгөцхөн хараад өнгөрдөг байж магадгүй л дээ. Бидэнд бол, ялангуяа 1990-ээд оноос хойших амьдралыг харахад маш сонин. Хүнийг битгий хэл өөрийгөө танихад маш сонин байдаг. Энэ чиний амьдрал яг мөн үү, яг өөрөөрөө амьдарч чадаж байна уу, үгүй юу гэдгийг шалгах ийм цаг хугацаа байлаа. 90-ээд оноос хойш хэчнээн хүн яаж хувирч байгааг харна гэдэг маш сонин.

Бүр гайхалтай сонин амьдралыг бид туулж байна. Жүжигчний мэргэжил бол хүн судлалын ажил юм. Жүжиглэнэ гэдэг бол зүгээр нэг үг цээжлээд, цээжилсэн үгээ яриад тоглочихдог ажил биш. Энэ бол хүн судлалын, сэтгэхүйн, оюун санааны маш том судалгаа хийж байж бий болдог ажил учраас их сонин. Маш сонин цаг хугацаанд бид амьдарч байна. Хүнийг бүрэн танина, дүрийг бүрэн судалж бий болгоно гэдэг гайхалтай сонин амьдралыг бид нар туулдаг юм байна. Тэгээд 1990 оноос хойш таньдаг, таньдаггүй янз бүрийн улсуудыг харж байна. Амьдрал гэдэг ямар гайхалтай сонин юм бэ гэдгийг л харж байна даа. Хэдэн төрийн нүүр үзэж байна, энэ төр болгоны өмнө хүн гэдэг амьтан ямар гайхалтай сонин болдог юм бэ гэдгийг ч харж байна. Хүний амьдрал, хүний оюун санаа гэдэг бол барагддаггүй уурхай юм даа.

-Та хайр сэтгэлд хэр азтай байв?

-Би нэг их аз муутай, зовсон гэж өөрийгөө хэзээ ч боддоггүй. Миний хоёр хүүхдийн эцэг байна. Дараа нь би нэг хүнтэй бас 10 гаруй жил хамт амьдарсан. Би өөрийгөө азгүй гэж хэзээ ч хэлэхгүй. Азтай, сайхан амьдралыг туулсан. Хувь хүний хувьд ч гэсэн сонин амьдралыг туулж байна. Бартаатай, жаргалтай, зовлонтой. Хүний л туулдаг амьдралыг туулж байна. Сайхан эмэгтэйн амьдрал илүү их сорилттой байх шиг санагддаг.

-Танд олон захидал ирдэг байв уу?

-Нэг их сүртэй олон захидал аваагүй ээ. Харин наймдугаар ангидаа “Залуучуудын үнэн” сонин дээр гарсан юм. Тэгэхэд л баахан захиа ирдэг байсан. Тэр захиаг би уншихгүй, манай ангийнхан уншдаг. Ер нь л намайг “Чи нэг шилэн хоргоны цаана байгаа хүн шиг байдаг” гэдэг байсан юм. Би амьдралаа дэлгээд “нааш ир” гээд байдаггүй, бас нэг их ярваганаад байхгүй. Миний байж байгаа байдал л ийм. Их олон найз нөхөдтэй бужигнаад байгаа улсууд сайхан л харагддаг. Над руу улсууд тэгж их хошуураад ирээд байдаггүй. Би хүнийг цаашаа гээд нэг их муухай ааш гаргаад байдаггүй. Тэгэхдээ би муухай ааш гаргавал гаргана. Тэр нь ховор л доо.

-Ер нь хүн характертэй байж л амжилт гаргана шүү дээ?

-Тийм ээ, санал нэг байна.

 

БИЕ, ХЭЛ, СЭТГЭЛ ГУРАВ ГЭДЭГ НЬ ЖҮЖИГЧНИЙ МЭРГЭЖИЛ ДЭЭР БОЛ БИЕИЙН ҮЙЛДЭЛ, СЭТГЭХҮЙН ҮЙЛДЭЛ, ХЭЛНИЙ ҮЙЛДЭЛ ГЭЭД ЭНЭ ГУРВАН ҮЙЛДЭЛ НЭГДЭЖ БАЙЖ Л НЭГ ХҮН ГАРНА ГЭЖ ЗААДАГТАЙ ЯГ ТОХИРДОГ

 

-Одоо та СУИС, КУДС-ийн оюутнуудад хичээл зааж байгаа. Манай урлагийн сургуулиудын сургалт, таны сурч байсан сургуулиас хэр их ялгаатай вэ. Эсвэл зарчим нь ерөнхийдөө ижил үү?

-Зарчим нь ижил. Сүүлийн үед нэг ололттой тал нь юу гэхээр, үндэснийхээ уламжлалт арга ажиллагааг судалж, түүгээр баяжуулж байгаа нь их сайн гэж би боддог.

-Станиславскийн системээр явж байгаа гэсэн үг үү?

-Станиславскийн аргачлалаар л бид нар явж байгаа. Энэ аргачлалыг судлаад үзэхээр, манай бурхны шашны сургаалд бие, хэл, сэтгэлийн үйлдэл гэж сургадаг нь, жүжигчний мэргэжил дээр бол биеийн үйлдэл, сэтгэхүйн үйлдэл, хэлний үйлдэл гээд энэ гурван үйлдэл нэгдэж байж л нэг хүн гарна гэж заадагтай яг тохирдог. “Биеэр ариун бай, сэтгэлээр ариун бай, хэлээр ариун бай. Бие, хэл, сэтгэл чинь зөв байх юм бол чи зөв хүн болно” гэдэг сургаал чинь яг л өнөө Станиславскийн систем, аргачлал гээд байдаг тэр жүжигчлэх аргачлал дээр үг үсгийн зөрөөгүйгээр буудаг л даа.

-Ёстой тийм гэж бодсонгүй. Тэгэхээр манай театр Европын театр уу, Азийн театр уу?

-Манай театрынхан 1932 онд Москвад Олон улсын ажилчны театрын фестивальд “Харанхуй засаг” гээд С.Буяннэмэхийн жүжгээр оролцоод хоёрдугаар байр эзэлсан байдаг. Тэр үед “Монголын театр бол Европын биш, яг Азийн биш, их онцлог сонин театр байна” гэсэн ийм чиглэлтэй судлал шүүмж бичигдсэн байдаг юм. Тэгэхээр манай театр бол өөрийн гэсэн нүүр царайтай, өөрийн гэсэн аргатай, Азийн ямар ч орныг дууриагаагүй, Европын биш, гэхдээ анх суурийг нь тавьсан.

Станиславскийн системээр одоо ажиллаж, тэндээс яг өөртөө хэрэгтэй юмыг л авч үлдэж чадсан, ийм сонин өөрийн гэсэн онцлогтой театр юм. Тийм учраас Монголын театр бол жүжиглэх урлаг нь өөрийн гэсэн онцлогтой. “Саран хөхөө” театрыг манай эртний мэргэжлийн театр гэж үзэх юм бол, хоёр гурван зуун жилийн өмнөх театрын суурь нь яг л тэр Станиславскийн орчин үеийн сургалттай их төстэй. Гэхдээ яг өөрийн гэсэн үндэсний энэ амьдралын суурь дээрээ суурилсан ийм театр гэж л боддог юм. Энэ онцлогийг цааш нь улам нарийвчилж судлах эрдэмтэн судлаачид зөндөө гарч ирнэ гэдэгт би итгэлтэй байдаг. Манай залуучууд Монголынхоо театрын хөгжлийг бүр нарийвчлан судалж, шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа хийнэ байх гэж бодож байна.

-Авьяас тэтгэвэрт гардаггүй гэдэг. Оросын жүжигчдийг харахаар, энэ үг үнэн юм гэж боддог...

-Үнэхээр ажиллаж чадвал тийм. Жишээ нь, Оросын 100 настай хүн “Дон Кихот”-д тоглож байна л даа. Чи 90 хүртлээ тайзан дээр байж чадвал сайн байх нь. Гэхдээ тэр хүнээсээ, тухайн хамт олноосоо их шалтгаална гэж бодож байна.

-Та бол ёстой залуухан харагддаг...

-Еэ, үгүй дээ. Нас гэдэг бол нас л юм. Тийм учраас өөрсдийнхөө байгаа насандаа, хүчиндээ тааруулаад, тэгэхдээ залуучууддаа нэг их ачаа болчихгүй байх санаатай. Ачаа болохгүйгээр ажиллах чадвартай байвал ажиллаж болно л гэж боддог юм.

-Жүжигчний амьдралын талаар, жүжигчин болохын тулд мэдвэл зохих зүйлсийн талаар ном бичье гэж та боддог уу?

-Өөрийнхөө бодож санасан юмыг бичнэ ээ, бичнэ. Ялангуяа СУИС, КУДС-ийн багш нар, оюутнуудад хэлэх ярих юмаа хэлээд л, яриад л явдаг юм. Хийсэн, бичсэн юмаа бол эмхэлж янзалж амжаагүй ээ. Тэгэхдээ бичнэ, ярина, хэлнэ.

-Таны аав алдартай сэтгүүлч, орчуулагч хүн байсан. Аавынхаа тухай сэтгэлд хамгийн тод үлдсэн дурсамжаасаа хуваалцвал, танд юу хамгийн хамгийн түрүүнд санаанд ордог вэ?

-Манай аавын ах Баттөмөр гэж хүн 1937 онд хамгийн анх буудуулсан хүмүүсийн нэг. Гэгээрлийн яамны сайд байсан хүн шүү дээ, миний аавын төрсөн ах. Манай авга ахын эхнэр Лхамжав эгч маань “Еэ, энэ Баттөмөр, Намсрай хоёр бүр огт өөр айлын хүүхэд шиг. Нэг нь ерөөсөө гал шиг ноцож байдаг, нөгөө нь номхон дөлгөөхөн. Ийм хоёр сонин хүн байх гэж” гээд л ярьдаг байсан юм. Аавын гал дөл шиг оволзож, уурлаж уцаарлаж байхыг нь бид нар ерөөсөө харж байгаагүй. Манай гэр оронд чанга дуугарч, хоорондоо муудалцаж байхыг бид нар үзээгүй, тийм л орчинд өссөн. Аавыгаа ажлаас ирэхэд нь Шүр бид хоёр ноолоод л, сүүлдээ дүү нартайгаа бид дөрвүүлээ ноолно. Тэгээд үсэнд нь лент зүүгээд, хэвтэхээр нь дээр нь мордчихоод л машин болж тоглоод байхад л хэзээ ч бид нарыг хажиглаж үзээгүй. Бүр сүүлд хүүхдүүдээ дагуулж ирээд, ач гуч нь бужигнаж байхад ч бид нарын дунд инээгээд л сууж байдаг тийм хүн байсан. Ажил нь их хэцүү. “Үнэн” сонин бол нэг үсгийн ч алдаа гаргах эрхгүй. Тийм л хариуцлагатай ажил хийж, Сэтгүүлчдийн холбооны ажлыг авч явж байсан хүн. Аавынхаа мэндэлсний 90, 100 жилийн ойг тэмдэглэх тусмаа л “Ямар оюунлаг хүний үр хүүхэд болж төрсөн юм бэ” гэж ааваараа бахархах юм даа.

-Ааваас тань уламжилж үлдсэн амьдралын ямар хэвшил танд байдаг вэ?

-2018 онд нэг баримтат кино хийгээд үзэж байхад боловсрол, гэгээрлийн салбарт хийсэн ажил, олон улсын хэмжээнд Монгол орноо төлөөлж ажиллаж байсан, НҮБ-д элсэх олон улсын хурал зөвлөгөөнд Монголоо төлөөлөн оролцож, Монголын эрх ашгийг хамгаалах чиглэлээр олон улсад хийсэн ажлууд нь их сонин санагдсан.

Яагаад гэвэл, бид нарыг гар нүүрээ угаахад “Крантны ус бага гоожуул”, “Ямар их хэрэггүй гэрэл асаадаг юм, унтраа” гээд л хэлдэг байсан. Мөн шүдээ угаахдаа наад усаа гоожуулаад байх ямар хэрэгтэй юм гэдэг байлаа. Гэтэл 100 жилийнх нь ойг хийж байсан чинь Монгол Улсын НҮБ-д батлуулсан хамгийн анхны том тогтоол нь Байгаль орчныг хамгаалах сэдвээр байсан, түүн дээр нь аав ажилласан байдаг юм. Тэгэхээр ус, цахилгаан хэмнэх, байгалиа хамгаалах амьдралын хэвшлийг гэртээ ч бид нарт сургаж байжээ. Би аавын тэр занг бүр авчихсан. Шүдээ угаахдаа бол усаа гоожуулж угааж чаддаггүй. Гэрэл чийдэнг хэрэгцээгүй гэж үзвэл шууд л унтраадаг зантай.

-Харин ээжээсээ авсан нь гэвэл?

-Бүх Холбоотын Кино Урлагийн Дээд Сургуульд суралцаж байхад надад шалгалтад өмсдөг улаан цамц байсан юм. Тэр цамцыг өмсөхөөр шалгалтад ороход сэтгэл амар юм шиг санагддаг байж билээ. Ээж их сургуульд шалгалт өгөхдөө нэг тэмдэг зүүдэг байсныг санадаг юм. Тэр л нөлөөлсөн байх. Манай ээж чинь Монгол Улсын Их сургуулийг улаан дипломтой төгссөн хүн л дээ. Одоо бодоход, ээж маань биднийг урлагт дуртай, урлагийг ойлгодог болгож чадсан бол, манай буурай бидэнд амьдралын хар ухааныг суулгасан хүн билээ.

 

 

-Таны амьдралд буурай тань хүндтэй байр суурь эзэлдэг болохыг танай гэр бүлийн дурсамжаас уншиж байлаа.

-Тийм ээ. Буурай маань дандаа зүйр цэцэн үгээр ярина. Бас биднийг ямар ч үед амьдарч чаддаг байх ёстой гээд ажил их хийлгэдэг байж билээ. Бүр хонины толгой хуйхлуулж, гэдэс арилгуулж, мах эвдүүлж сургасан. Энэ нь хожим гэрээсээ хол олон хоног сараар хөдөө гадаа явахад минь надад их хэрэг болсон доо. Миний зан төлөвшихөд буурайгийн минь ажилсаг сайхан чанар, аавын минь гүндүүгүй зан чухал нөлөө үзүүлсэн гэж бодож явдаг даа.

 

 

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
() 0 секундын өмнө

Top