Нэрт зураач Б.Нацагдорж агсны ҮНЭТ БҮТЭЭЛҮҮД галерейд дэлгэгдлээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2024 оны 10 сарын 02


“ТАЙГЫН НАЦАГАА” НЭРЭЭР ОЛНЫ ТАНИЛ БОЛСОН

Балгансүрэнгийн НАЦАГДОРЖИЙН МЭНДЭЛСНИЙ

80 ЖИЛИЙН ОЙН ҮЗЭСГЭЛЭН
 

Түшээт Хан Засгийн хошууны (одоогийн Архангай) Цэрэн-Очир тайжийн хүү Балгансүрэнгийн хойч залгах үр нь болж мэндэлсэн тэрээр ёстой ч нэг олонтойгоо хүн байсан бөгөөд түүний уран бүтээлийн замнал нь Хөвсгөлийн тайгаар овоглогдоход хүргэсэн ажээ. Учир нь Монгол орны хиртэж сэвтээгүй, онгон дагшин байгальтай Хөвсгөлийн цаатан ардын нутаг, хойд хязгаарын байгалийн гайхамшигт дурлан биширсний учир энэ нутагт уяатай ботго шиг 6 жилээ өнгөрөөсөн гэдэг. (1984-1990)

Энэ хугацаанд өөрийн хөтөлсөн өдрийн тэмдэглэл, уулзаж учирсан Цаатан,  Дархад хүмүүсийн түүх намтар, тэдний хууч яриа болон судалж хуримтлуулсан материалдаа түшиглэн ном бүтээсэн байдаг. Зураачийн өөрийн өдөр тутмын тэмдэглэлээс үүдэлтэй номын эзэн, уран бүтээлч Балгансүрэнгийн НАЦАГДОРЖИЙН МЭНДЭЛСНИЙ 80 ЖИЛИЙН ОЙН ҮЗЭСГЭЛЭН Монголын Уран зургийн галерейд дэлгэгдлээ. 

1944 онд Баянхонгор аймгийн Галуут сумын нутагт төрж өссөн Зураач Б.Нацагдорж нь 1964 оноос Монголын Урчуудын эвлэлийн хорооны харьяа Баянхонгор аймаг дахь Урчуудын эвлэлийн салбарт зураачаар ажиллаж эхэлжээ. 1973 онд Улаанбаатар хотод татагдаж ирээд, МУЭ-ийн үзэсгэлэн сурталчилгааны газрын дарга, Залуу урчуудын нэгдлийн даргын сонгуульт ажил давхар гүйцэтгэн, 1983 он хүртэл 10 жил ажиллан, 1983 оноос МУЭ-ийн чөлөөт уран бүтээлч болжээ. 1967 оноос эхлэн өөрийн бие даасан болон хамтын үзэсгэлэнгүүдээ Монгол оронд төдийгүй Герман, Финланд, Япон, Америк, Франц, Испани зэрэг орнуудад гаргаж байв.

Усан будгаар голлон зургаа зурдаг байсан түүнийг зураач нөхөд нь "Байгалийн зураач"хэмээн дүгнэдэг байсан.

Зураач Б.Нацагдорж нь дан ганц зураг зурахаас гадна өөрийн хайрлаж хүндэлдэг байсан зураач “Ван Гогийн амьдрал уран бүтээл”, “Уран зургийн материал”, “Хөвсгөлийн цэнхэр уулс” зэрэг уран зургийн судалгаа, антропологийн, түүхийн чухал номуудыг гаргасан. Түүний уран бүтээлийг Монголын төрөөс үнэлж, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор 2009 онд шагнаж байжээ.

Үзэсгэлэнд түүний Уран зургийн галерейн сан хөмрөгийн бүтээлүүдээс, Урчуудын эвлэлийн сан хөмрөгийн бүтээлүүдээс мөн хувь хүмүүсийн цуглуулгын 60 гаруй уран бүтээл, судалбараас толилуулж байна. Түүний уран бүтээлээс гадна өөрийнх нь сонирхолтой тэмдэглэл, постер, гэрэл зургууд, баримт бичиг, захиа, номын эх дээж зэргийн хэсгээс толилуулж байна.

Нээлтэд хүрэлцэн ирсэн хүндэт зочид, найз нөхөд, гэр бүл үр хүүхдүүд болон нээж үг хэлсэн түүний багын найз, Соёлын гавьяат зүтгэлтэн, Соёл судлалын ухааны доктор, С.Юндэнбат, хүндэт урлаг судлалын ухааны доктор, профессор С.Бадрал, маш сайхан Хөвсгөлийн судалбарын тухай дурсамжаасаа хуваалцсан уран бүтээлч Төрийн соёрхолт Ш.Чимэддорж, Урчуудын эвлэлийн ерөнхийлөгч П.Ганбат, Б.Нацагдоржийн гэргий Т.Нурмаа нартаа мөн Уран зургийн галерейн хамт олон, Урчуудын эвлэлд Б.Нацагдорж агсны гэр бүлээс талархлаа илэрхийллээ. 

Үзэсгэлэн есдүгээр сарын 29-нөөс аравдугаар сарын 9-нийг хүртэл 09:00-18:00 цагийн хооронд дэлгэгдэнэ. 


 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top