Их дүйчэн өдөр үйлдсэн нэгэн тоот буян бум, живаа, сая, дүнчүүр тоонд хүрч АРВИЖНА

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 05 сарын 23

 

Бурхны шашинтнуудын хамгийн чухал баяруудын нэг болох Весак буюу Бурхан багшийн Их дүйчэн өдрийг Билгийн тооллын дөрөв дэх сарын шинийн 15-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ жилийн хувьд Бурхан багшийн их дүйчэн өдөр 5 дугаар сарын 23-ны өдөр тохиож байна.

Эл өдрийг чухам яагаад тэмдэглэн өнгөрүүлдэг тухай болон дүйчэн гэж чухам юу болох тухай дараах мэдээллийг хүргэе. 

 

ЭХИЙН ХЭВЛИЙД ОРШСОН ДҮЙЧЭН

Одоогийн Непалын баруун өмнөд нутаг Энэтхэгийн хилийн ойролцоо эртний Кабилабасду / одоогийн нэр Тилоракоти, Гушинагараас Энэтхэг-Балбын хил хүртэл 146км, Шрабастигаас 188км, Баранасаас 305 км зайд оршино/ хотын туурь байх бөлгөө.

Энд Будда эхийн хэвлийд заларсан юм. Зуны эхэн сарын арван тавны шөнө Махамаяа хатны зүүдэнд гурван мянган ертөнц бүгд үзэгдэж олон мянган тэнгэр, бурхад магтсан зургаан соёотой их заан баруун талаас ирж буй, огторгуйд завилан сууж, уул хаданд авирч, арслант ширээнээ суун ном айлдаж байгаа дөрвөн янзын зүүд зүүдэлжээ.

Мөн хааны зүүдэнд Махамаяа хатныг олон охин тэнгэрүүд "ирд хувилгааны үл бүлээцэх" далай ХЭМЭЭХЭД Хөтлөн аваачиж, угаалга үйлдээд, тэнгэрийн ариун хувцас өмсгөн, далайн ойролцоох мөнгөн уулны доторх алтан уулнаас их цагаан заан буун мөнгөн ууланд авирч байснаа хойд зүгээс цагаан лянхуа цэцэг амандаа зуун өргөөнд орж ирээд хатны хэвтэх ор дэрийг гурван удаа хүндэтгэн эргэж, улмаар түүний баруун сугаар орж хэвлийд нь оршив гэж зүүдэлжээ.

Хаан бээр энэ сонин зүүдний учрыг тайлах гэж жаран дөрвөн бярманг дуудан ирүүлжээ. Тэд тайлахдаа эхний зүүд бол хүү төрөх бөгөөд хаан ширээг залгамжилбал ертөнцийг эзэлсэн хаан болно. Хэрэв тойн хувраг болбол гэгээрэлд хүрсэн бурханы хутгийг олно. Хоёр дахь нь их ирд хувилгаан хүч чадал ихтэйн шинж, гурав дахь нь хуврагуудад их гэгээрлийн ном зааж сургах, дөрөв дэх нь тэнгэр бурхан бүгд хүндэтгэн тахихын бэлгэ хэмээн шинжив.

Лам Хан хүүг эхийн хэвлийд орших үед газар хөдлөн, алтан өнгөт гэрэл зүг бүхнээ сацрахуй амьтны зовлон амарлиж, долоо хоног хааны өргөөнд цэцэгс болон эрдэнэсийн хур бууж, тэнгэрээс яруу дуун эгшиг цуурайтаж байлаа.

 

 

АРИУСАН ГЭГЭЭРЧ БУРХАНЫ ХУТГИЙГ ОЛСОН ДҮЙЧЭН

Энэтхэгийн нийсэл Делигээс зүүн зүгт Бихар мужийн Гаяа хотын ойролцоо бурхан Буддагийн ариусан гэгээрч бурханы хутгийг олсон Бодьгаяа хэмээх үзэсгэлэнт газар байдаг.

Тэнд бярман эмэгтэй Засагийн хүү Тачун босгосон Гандола суварга /бодь суварга/, өмнө нь бурхан багш заларч гэгээрлийн хутгийг олсон бодь мод, /Бодив- ригша/ чулуун дээрх Буддагийн өлмийн мөр, төгс гэгээрлийн олоод анхан газар залрахад их гэрэл гарч бодь модноос бусад мод шатсан тул тэр газар босгосон гэрэлт цагаан суварга, Махабоди буюу Бурхан багшийн дүр зэрэг бурхан багшийн түүх дурсгалтай холбогдолтой олон зүйл бий.

Гаяагын зүүн талаар урсах Нирэнзана мөрний дэргэд зургаан жил хатуужил даяаныг хийгээд, Нирэнзана мөрнийг гатлан, бодь модны өмнө дороо гүш өвс дэвсэн, очирт суудалд хөдлөшгүй бат сууж, үдэш нь тэгш агуулсан гэгээрлийн хутгийг олоход саад зэтгэр болдог шуламсыг номхотгон, шөнө нь тэгш агуулсан бясалгалд оршиж зуны эхэн сарын их тэргэл сар ургах өдрийн үүрээр илтэд ариусан гэгээрсэн Бурханы хутгийг олсон юм.

 

 

ТААЛАЛ БАРЬСАН ДҮЙЧЭН

 

Энэтхэгийн зүүн Утар мужийн Корокапур хотын зүүн талд Буддагийн таалал барьсан газар Гүшнагар байх бөлгөө. Буддагийн шарилыг хайлсан газар босгосон Мукатавандаан суварга, Бирмүүдийн босгосон алтан суварга, бурхан багшийн таалал барьсанд зориулсан чулуун хөшөө, шинээр босгосон түвэдийн хийд байдаг.

Будда наян нэгэн сүүдэр зооглосон зуны эхэн сарын шинийн арван тавны өдөр Гарбибузангийн өргөсөн зоогийг зооглон "Гэлэнгүүдээ бурханыг үзэх нь олдохуйяа бэрх.. "гэх зэрэг эцсийн сургаалаа айлдаад бөхчүүдийн орон гэх Гушнагарт морилон саласүн модод ойн дунд олон бодисадва шавь нарын дунд тэргүүнээ умар зүг хандуулан, нигуураа баруун зүгт харуулан хажуулдаж, арслан хэвтэх байдлаар мөнх нойрсох дүрийг үзүүлвээ.

Тэр үед газар хөдөлж, од гариг унаж, жижиг гол горхи ширгэж, ертөнц нилэнхүйд түнэр харангуй нөмрөн, хамаг амьтан ертөнц хоосров хэмээн олон амьтад орилон зовлонгоор нэрвэгдэн гашуудсан юм.

Эртний Энэтхэгийн заншил ёсоор шарилыг хайлж чандрыг хуваан, найман газар залж хүндэтгэн шүтэв. Тэр газарт нь "таалал барьсан суварга" босгож мөнхжүүлжээ.

Гандантэгчэнлин хийд уг өдөр "Түвийн чог" хэмээх Бурхан багшийг тахин баясгах уншлага зан үйлийн хурал хурдаг юм.

Энэ өдөр үйлдсэн нэгэн тоот буян тань бум, живаа, сая, дүнчүүр тоонд хүрч арвидахыг сударт зарлигласан тул хүн бүр бие, хэл, сэтгэл явдал мөрөө ариунаар сахиж, ном буяны цагаан зүгт аль чадахаар шамдах хэрэгтэй.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top