Сүүлчийн улирал

2024 оны 04 сарын 06

Сурагчдын долоо хоногийн амралт дүүрлээ. Ирэх даваа гарагаас энэ хичээлийн жилийн сүүлчийн улирал эхэлнэ. “Хүүхдүүд ээ, гэрийн даалгавар ямар үүрэгтэй вэ” гэдэг асуултад нэг “сайн эр” “Эцэг эх хүүхдүүдийн дунд яс хаяж, гэр бүлийг муудалцуулах...” хэмээн хариулж толгойгоо майжаад зогсож байсан гэдэг явган яриа бий. Хүүхэд сургахад хамгийн халширмаар хэсэг нь үнэндээ энэ л байдаг. Бусад нь аандаа болдог доо. Зарим нь ч буугаад өгчихсөн бүхнийг хувь тавиланд нь даатгаад нүдээ аниад явж байгаа нь нууц биш.

Хүүхэд яагаад заавал хичээл хийх ёстой юм бэ л гэж боддог. Харин яагаад гэдгийг сайн ойлгуулан тайлбарлаж, хичээл хийх хүслийг өдөөж, хөөргөн дэмжих нь багш, эцэг эх, асран хамгаалагчийн үүрэг юм. Ингэхдээ “Чи хичээлээ хий” гэж загнаад ч, зэм өгөөд ч, бүр зодоод ч үр дүнгүй.

Харин чин сэтгэлээсээ хүүхдийнхээ хүсэл мөрөөдөл, ирээдүйн тухай ярилцах нь жинхэнэ амьд харилцаа, хүмүүжил, сэтгэл зүйн хувьд ч ихээхэн ач холбогдолтой байдаг гэнэ. Учир нь, ирээдүйд хүрэх зорилгодоо тэмүүлэн хүсэл мөрөөдлөөр жигүүрлэн яваа хүүхэд төрмөл авьяас, “ургамал” чадвараа хөгжүүлэн хурдан хугацаанд сурлагын амжилт үзүүлдэг байна. Яваандаа хүүхэд, яаж суралцах, гэрийн даалгавраа хэрхэн яаж хийхээ мэддэг, хэнээр ч шахаж шаардуулдаггүй болдог аж.

Ингэхдээ эхний удаад хамт хичээл хийх замаар хүүхдээ хөтлөн алгуур биеийг даалгахад л болно. Хүүхэд уншсан зүйлийнхээ 10 хувийг, сонссон зүйлийнхээ 20 хувийг, харсан зүйлийнхээ 30 хувийг, хараад сонссон зүйлийнхээ 50 хувийг, хэлсэн зүйлийнхээ 80 хувийг, биечлэн хийж, үйлдсэн зүйлийнхээ 90 хувийг санаж хоногшуулдаг байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top