2030 онд дэлхий даяар багшийн хомсдолд орох тооцоо гарчээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2024 оны 03 сарын 30

Дэлхий дээр багш нарын тоо улам бүр цөөрсөөр байна. 2030 он гэхэд багш нарын хомсдол дэлхий даяарын асуудал болно гэж ЮНЕСКО-гоос гаргасан International Task Force on Teachers for Education 2030 тайланд дурджээ. Багш нарын хомсдол бий болсноор дэлхий даяар боловсролын чанар муудна гэдгийг ч цохон тэмдэглэжээ. 

Боловсролын салбарт томоохон өөрчлөлт хийхгүй бол 2030 он гэхэд одоогийн багш нарын 50 хувь нь ажлаа орхин, өөр ажил хийх шинжтэй байгааг International Task Force on Teachers for Education 2030 тайланд дурджээ. Ингэснээр бага болон дунд сургуульд 44 сая багш дутагдах юм байна. 

Ялангуяа Сахарын цөлийн өмнөд хэсэгт орших Африкийн улс орнуудад 2030 гэхэд 15 сая багшийн ажлын байр хоосрох төлөвтэй. Зөвхөн Африк ч гэлтгүй Европ, Хойд Америкт багшаар ажиллах хүн цөөрч байгаа гэнэ.

2022 онд дэлхий даяарх багш нарын 9.06 хувь нь ажлаасаа гарчээ. Гэтэл 2015 онд энэ тоо 4.62 хувь байсан юм байна. Нэг анхаарах зүйл нь ажлын эхний 9 жилдээ ажлаасаа гарч буй тохиолдол олон байгаа аж. 

Багш нарын ийм том хомсдол үүсгэхгүйн тулд яаралтай зөв бодлого явуулж, багш нарыг дэмжих хэрэгтэй болжээ. Үүнд, эхний ээлжинд багш нарын цалинг нэмэх. Дараа нь багш нарын урам зоригийг сэргээх бодлого явуулах. Мөн ихэвчлэн эмэгтэйчүүд багш болдог байдлыг тэнцвэржүүлэхийн тулд эрчүүдийг багшийн мэргэжилд уриалан татах чухал байгааг дурдсан байна. 

Бага сургуулийн багш болох сонирхлыг төрүүлэх, сонирхлыг татахын тулд дэлхий даяар жилдээ нийтдээ 12.8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хэрэгтэй байгааг цохон тэмдэглэсэн бол дунд сургуулийн багш нарт зориулан жилдээ 106.8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хэрэгтэй байгаа ажээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.212.119.216) 2024 оны 03 сарын 30

Хүүхдүүд дэлгэцийн донтолд орсон тул багш хичнээн хичээл заагаад ойлгох хүүхэд цөөрсөн үүнээс болж багш нар ажиллах хичээл заахаас зугтааж бна

0  |  0
Top