Шилжилтийн насны “түргэн тусламж”  

2024 оны 02 сарын 25

 

Хүүхдийн шилжилтийн нас 1-2 жилээр урагшилсан гэдгийг эмч, нийгмийн ажилтнууд хэлж байна, цаана чинь. Өөрөөр хэлбэл, орчин үед зарим хүүхдийн шилжилтийн нас бага ангид буюу 8-9 насанд нь эхэлдэг болчихжээ. Гэтэл зарим айлд томчууд үр хүүхдийнхээ учрыг бүр олохоо байчихсан “Утас ухахаас өөр хийх ажилгүй боллоо, чи. Одоо наадахаа боль. Хичээлээ хий” гэж дээрээс харж, шүүмжлэн загнахаас өөр харилцаа огт байдаггүй. Иймэрхүү хандлага, үг хэлээ цэгнэн хүүхдээ анзаарч байгаарай гэдгийг сэтгэлзүйч болоод багш нар сануулж байна.

Бяцхан үр чинь шилжилтийн насныхаа учрыг олохыг хичээж өөрийн бие, сэтгэлтэйгээ дахин танилцаж, сайн, муугаа ойлгон хүлээн зөвшөөрч, нийгэмд эзлэх байр сууриа олохоор зүтгэж байгаа. Энэ үед тэдэнд сэтгэл зүйн “түргэн тусламж” хамгийн их хэрэгтэй. Та хүүхэддээ чанартай цаг гаргаж, тэдэнтэйгээ чин сэтгэлээсээ ярилцаад үзээрэй.

Ангийн хүүхдүүд, багш нар, найз нөхөдтэйгээ энгийн сайхан харилцаатай байна уу. Магадгүй сургууль, байрны ойр орчимд үе тэнгийн дээрэлхэлтэнд өртөөд байгаа юм биш биз. Аль эсвэл анхны хайрын нандин мэдрэмж төрж дурлалдаа догдлон явна уу. Буруу зуршилтай хэн нэгэнд уруу татагдан хохирох вий. Цахим орчноос дийлэнхдээ ямар мэдээлэл үзэж байна вэ. Хэнтэй нийлж, ямар тоглоом сонирхож байна вэ гэх мэтээр хараа хяналтаа сайжруулах ухаалаг арга бол хүүхдээ эхлээд сайн сонсох. Тэгээд ойлгох юм. Үр хүүхэддээ хайртай байж, тэднийхээ сэтгэл зүйн хэрэгцээг ханган болзошгүй эрсдэлээс хамгаалъя!

Г.Ганчимэг

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top