ТОЙМ 2023 | Улс төрийн салбарын ОНЦЛОХ ТАВАН сэдэв

Б.Төрбат | Zindaa.mn
2023 оны 12 сарын 31

Мэдээллийн ZINDAA.MN сайт, "Өглөөний сонин" хамтран 2023 оны онцлох үйл явдал, тодотгох сэдвүүдийг салбар тус бүрээр тоймлон хүргэж байна.

Өнөөдөр улс төрийн салбарт өрнөсөн "ОНЦЛОХ ТАВАН СЭДЭВ"-ийг онцоллоо. 


-ЕРӨНХИЙЛӨГЧИЙН АЙЛЧЛАЛ БА ГАДААД ХАРИЛЦАА-

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн гаднын оронд хийсэн томоохон хэмжээний айлчлал, уулзалтуудыг 2023 оны онцлох үйл явдлын эхэнд нэрлэж байна. У.Хүрэлсүх Төрийн тэргүүний хувиар өнгөрсөн нэг жилийн хугацаанд олон оронд албан ёсны айлчлал хийж гадаад харилцааг нэг шат ахиулж, дээд хэмжээний хэд хэдэн уулзалтад оролцжээ.

Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Францын Ерөнхийлөгч Э.Макроны урилгаар тус улсад өнгөрсөн аравдугаар сарын 10-14-нд төрийн айлчлал хийсэн.

Энэхүү айлчлал нь "гуравдагч хөрш”-ийн бодлогоо үр дүнтэй хэрэгжүүлж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг эдийн засаг, хөрөнгө оруулалтын агуулгаар баяжуулж, “Монгол, Францын хамтарсан тунхаглал”-ын хүрээнд харилцан тохиролцсон зэрэг асуудлыг бодит ажил хэрэг болгоход чиглэгдсэн. Энэ үеэр Монгол Улсын Засгийн газар болон Франц улсын "Орано майнинг” компанийн хооронд байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний төсөл боловсруулах Ажлын хэсгийн хэлэлцээний протоколд гарын үсэг зурсан нь онцлох үйл явдал байлаа.

Уг протоколын талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Энэ төслөөс Монгол Улс 30 жилийн хугацаанд нийт дүнгээрээ 3.2 тэрбум орчим ам.долларын орлогыг татвар, АМНАТ, ногдол ашиг хэлбэрээр хүртэхээр болж байгаа нь өндөр ач холбогдолтой. Франц улс ТЭЗҮ-ийг боловсруулсан. Үүнээс 4.5 тэрбум ам.долларын цэвэр ашигтай байна гэсэн тооцоолол бий. Энэ үнийн дүнгээс 1.6 орчим тэрбум ам.долларыг Монгол Улс АМНАТ хэлбэрээр авч буй нь нийт төслийн ашгийн 25 орчим хувийг баталгаатай авах нөхцөл бүрдлээ гэж ойлгож болно. Төсөл ашиглалтад орох хугацаа гурван жилээр хэмжигдэж байгаа. Ашиглалтад орсон жилээс эхлээд жил бүр татвар болон АМНАТ хэлбэрээр 100 орчим сая ам.долларыг тогтмол авах нөхцөл бүрдэж байгаа юм" хэмээн тодотгосон байдаг.


-ПАРЛАМЕНТ 126 ГИШҮҮНТЭЙ БОЛНО-

УИХ-ын дарга Г.Занданшатарын парламент Үндсэн хуульд дахин гар хүрч, "Сонгуулийн тогтолцоо"-г өөрчиллөө. Ингэснээр 76 гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа парламент ирэх 2024 оны УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнд 126 гишүүнтэй болно.

УИХ-ын 126 гишүүний 78 нь тойргоос сонгогдох бол үлдсэн 48 нь жагсаалтаар орж ирнэ. Энэ нь парламентыг илүү төгөлдөржүүлэх, олон намын тогтолцоотой болгох зэрэг ач холбогдолтой гэдгийг улстөрчид онцолж байгаа билээ.

Өөрөөр хэлбэл, 2024 оны УИХ-ын сонгуулийг холимог системээр явуулж, 78 гишүүнийг мажоритари тойргоос, 48-ыг нь хувь тэнцүүлсэн системээр намын жагсаалтаар сонгохоор тогтоод байна. Түүнчлэн Сонгуулийн тойрог байгуулах тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэрийн төвийг тогтоох тухай тогтоолын төслийг хэлэлцэж баталлаа.

Тогтоолын төсөлд УИХ-ын сонгуулийн тойргийг орон нутагт бүсчилсэн 7, нийслэл Улаанбаатарт 6 нийт 13 байхаар тусгажээ. Тодруулбал, Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийг нэгтгэн 1-р тойрог, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймгийг нэгтгэн 2-р тойрог, Баян-Өлгий аймаг 3-р тойрог, Булган, Орхон, Хөвсгөл аймгийг нэгтгэн 4-р тойрог, Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгийг нэгтгэн 5-р тойрог, Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийг нэгтгэн 6-р тойрог, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймгийг нэгтгэн 7-р тойрог байхаар тусгажээ. Харин Баянзүрх дүүрэг 8-р тойрог, Баянгол дүүрэг 9-р тойрог, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийг нэгтгэн 10-р тойрог, Сонгинохайрхан дүүрэг 11-р тойрог, Хан-Уул дүүрэг 12-р тойрог, Багануур, Багахангай, Налайх дүүргийг нэгтгэн 13-р тойрог байхаар тооцсон аж.


-Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ЗАСГИЙН ГАЗРЫН "5Ш" АЖИЛЛАГАА-

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын шударга ёсны тэмцэл "5Ш" ажиллагаагаар үргэлжиллээ. Товчхондоо, "Шүгэл", "Шүүр", "Шувуу", "Шилжүүлэн авах", "Шилэн" гэх таван ажиллагааг төрийн бүх шатанд хэрэгжүүлж эхэлсэн нь үр дүнгээ өгч эхлээд байгаа юм.

Өөрөөр хэлбэл, авлигатай тэмцэх чиглэлээр авч хэрэгжүүлэх ажиллагаа, арга хэмжээний хэрэгжилтийг хангаж, бүх талын дэмжлэг үзүүлж ажиллахыг Засгийн газрын гишүүд, хэрэгжүүлэгч агентлагийн дарга нар, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосон нь яах аргагүй шинэ зүйл байлаа.

Тухайлбал, “Шувуу” бол авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байх явцдаа эх орноосоо оргон зайлсан этгээдүүдийг эх оронд нь авч ирэх ажиллагаа юм. Энэ хүрээнд УИХ-ын гишүүн асан, “Авлигын загалмайлсан эцэг” гэгддэг Т.Бадамжунай нарыг эх оронд нь авч ирсэн байдаг. Түүний араас Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Н.Удаанжаргал нарыг эх оронд нь авч ирэхээр ажиллаж байгаа билээ.


-Б.ГАНХУЯГГҮЙ СОНСГОЛ-

Хоёр он дамжсан "НҮҮРСНИЙ ХУЛГАЙ" гэх тодотголтой хэрэг эцэслэгдээгүй, шүүхийн болон мөрдөн байцаалтын шатанд явна. Улс төрд нөлөө бүхий олон хүн холбогдсон эл хэрэг тэр хэрээр олон нийтийн анхаарлыг татсан сэдэв хэвээр байна. Хамгийн сүүлд УИХ-ын Хяналт шалгалтын түр хорооноос "НҮҮРСНИЙ СОНСГОЛ"-ыг хоёр үе шаттай зохион байгууллаа. Сонсголыг ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр ахалсан.

Гэрчээр Ерөнхийлөгч асан Х.Баттулга, Ц.Элбэгдорж, Сангийн сайд асан С.Баярцогт, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, Сангийн сайд Б.Жавхлан, Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, А.Адъяасүрэн, НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ, Ж.Мөнхбат, Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж нараас гадна "Эрдэнэс Тавантолгой", орон нутгийн "Тавантолгой" ХК-ийн үе, үеийн удирдлагууд болон хил, гааль, тагнуул, прокурорт ажиллаж байсан дарга нарын 577 хүнийг дуудсан ч 419 нь ирж, тайлбар өглөө.

Есөн өдөр үргэлжилсэн "Нүүрсний сонсгол"-оор 60 сэдвийн хүрээнд нотлох баримтыг шинжлэн судаллаа.

Харин хэрэг нь шүүхийн шатанд хянагдаж байгаа "Нүүрсний хулгай"-н хамгийн том гэрч гэж өөрийгөө зарласан "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Ганхуяг оролцсонгүй. Тэрбээр гэрчээр оролцох хүсэлтэй байгаагаа, өөрт нь нүүрсний хэрэгтэй холбоотой ярьж, хэлэх 512 хуудас бүхий материал байна гэдгээ зарласан ч шүүхээс зөвшөөрсөнгүй. Гэсэн ч "Нүүрсний сонсгол"-д оролцсон, дуудагдсан нөхдийн хэн нь хэн бэ гэдгийг олон нийт ялгаж, салгаж тодорхой хэмжээний ойлголт авсан нь сайн үзүүлэлт байлаа.


-МОНГОЛ УЛС ДЭЛХИЙН ТОМООХОН ТОГЛОГЧДЫН НЭГ ГЭДГЭЭ ЗАРЛАЛАА-

Монгол Улсын Засгийн газар "Оюутолгой"-н гүний уурхайн зэсийн олборлолтыг эхлүүлсэн явдал нь 2023 оны онцлох үйл явдлын нэг байлаа. Гүний уурхайн нээлтийг гадаад, дотоодын 70 гаруй сэтгүүлч, зураглаач сурвалжилсан. Энэхүү уурхай нь ил болон далд уурхайгаас 2028-2036 онд жилд дунджаар 500 мянган тонн зэс үйлдвэрлэх бөгөөд түүнээс цааш жилд дунджаар 350 мянган тонныг олборлох тооцоо гарчээ.

Тус гүний уурхай ашиглалтад орсноор ямар үр ашиг өгөхийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Гүний уурхай бүрэн ашиглалтад орсноор Монгол Улс дэлхийд тавд эрэмбэлэгдэх өндөр технологийн гүний уурхайтай болж, олон улсын зах зээлд зэсийн томоохон тоглогчдын нэгд тооцогдож, Монгол Улсын эдийн засаг болон төсөвт оруулах үр өгөөж багадаа гурав дахин нэмэгдэх боломжтой. Оюу толгойн бүтээгдэхүүн гурав дахин нэмэгдсэнээр жилд тав орчим тэрбум ам.долларын борлуулалт хийж, Монгол Улсын нэг жилийн эдийн засгийн тэн хагасыг Оюутолгой компани дангаар үйлдвэрлэх боломж бүрдэх юм. Энэ хэмжээгээр Монгол Улсад төлдөг татвар, ашигт малтмалын нөөц ашиглалтын төлбөр гурав дахин өсөх урьдчилсан тооцоолол гарч байна" хэмээн тодотгосон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top