Чаг, чаг, чаг чаг... "Цөмөөхэй"-н СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ эхлэх гэж байна

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 09 сарын 14

Яг одоо өвөл байвал гоё уу? Яг одоо шинэ жил болж байвал догь уу?

Будрах цасны чимээ, шинэ жилийн өнгө, гэрэлтэй өө сэвгүй зохицдог "Цөмөөхэй"-н ертөнц амилах гэж буйг төсөөлөхөөр өөрийн эрхгүй догдолмоор...

Монголын балетын хөгжил сангийн үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат жүжигчин, балетчин Д.Алтанхуяг 2014 оноос эхлэн "Цөмөөхэй" бүжгэн жүжгийг Монголын тайзнаа толилуулж, түүнд нь зуу зуун хүүхдүүд хүсэл мөрөөдлөө шингээн бүжиж, мянга мянган үзэгчид зул сарын баярт сэтгэлээ тээн очсоор дадсан билээ.

"Цөмөөхэй" балетын шинэ улирлын тоглолтын Сонгон шалгаруулалт эхлэх гэж байгааг Монголын балетын хөгжил сангаас зарлалаа. Баярт мэдээ хүүхдүүдэд ирлээ.

Сэтгэл догдлон догдлон хүлээдэг "Цөмөөхэй" балетын нэг тоглолтод 200 гаруй хүүхэд оролцож, тоглолт бүр өвөрмөц онцлог, сонин, содон дэглэлтээр арвиждаг. Дүр бүтээн, бүжиглэх хүүхдүүд тоглолтоос тоглолтод солигдож, шинэ дүр төрхтэйгөөр үзэгчдэд хүрдэг нь цаанаасаа хөөр баяр, догдлол, хүлээлт нэмдэг. Энэ жил хэн  Кларад тоглох бол... Авга ах Дроссельмайерий хэн байх бол? Өнгөрсөн удаагийнх шиг Д.Алтанхуяг багш "Цөмөөхэй"-д бүжиглэх болов уу?

Эрэлхэг модон цэргүүд, хөгжилтэй хурганууд, сахиусан тэнгэрүүд, орон орны хүүхэлдэйнүүд... Ямар хүүхдүүд энэ жил "Цөмөөхэй"-н тайзнаа уригдан ирэх болоо?

Энэ олон гэгээн хүлээлтүүдийн тайллыг маргаашнаас хайж эхлэх гэж байна. Юу гэхээр, "Цөмөөхэй" балетын шинэ тоглолтын Сонгон шалгаруулалт эхлэхэд бэлэн болжээ. Аав, ээжүүд маань хүүхдүүдээ дагуулаад, Балетын үндэсний сургуулиа зорин очих хүлээлт өдөр ирсэн байна. Чаг чаг чаг чаг.... Цаг явлаа, яараарай.
 


Сонгон шалгаруулалт дараах хуваарийн дагуу 3 өдөр үргэлжилнэ. 
 

  • 9-р сарын 15-нд 15:00 цагт
  • 9-р сарын 16-нд 16:30 цагт
  • 9-р сарын 17-нд 15:30 цагт
     

Цахим бүртгэлийн хуудас: https://form.jotform.com/232482224489057


Бүртгэл баталгаажих алхмууд
 

1. Цахим бүртгэлийг хуудсыг 9-р сарын 14-ний дотор гарын үсэг зурж, илгээнэ.

2. Бүртгэлийн хураамж шилжүүлсэн байх.

3. Сонгон шалгаруулалтын өдөр биед эвтэйхэн дасгалын хувцас, чешкитэй, хоцрохгүй ирэх.

4. Цээж зурагтай ирэх (Сүүлийн 6 сард авахуулсан, 3х4 хэмжээтэй)

5. Шалгалтаас 20 минутын өмнө ирж, хувийн бэлтгэлээ хангана. 8-16 насны хүүхэд, залуучууд оролцох боломжтой.


Хаяг: Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хойно, "Нарлаг" төв, 5 давхар
Утас: 77070808
Имэйл хаяг: info@mongolianballet.com
 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top