Жон Петерсон: Монгол Улс нүдэн дээр өөрчлөгдөж байна

Автор | Zindaa.mn
2023 оны 06 сарын 14

АНУ-ын алдарт бөх, чөлөөт бөхийн олимпын аварга Жон Петерсон өөрийн нэрэмжит чөлөөт бөхийн өсвөр үе, залуучуудын олон улсын тэмцээнээ Монгол Улсад зохион байгуулдаг уламжлалтай. Түүний нэрэмжит тэмцээн манай тамирчдын оролцох дуртай тэмцээний нэг. Энэ жилийн Жон Петерсоны нэрэмжит тэмцээн зургаадугаар сарын 9-11-нд Орхон аймагт боллоо.
 

Жон Петерсоныг тэмцээний дараа Улаанбаатарт ирээд байхад нь уулзаж, сэтгэгдлийг нь сонслоо.


-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Та бол Монгол Улстай маш олон жил хамтран ажиллаж байгаа хүн. Ирсэн ажил амжилттай юу?

-Анх би 1992 онд Монголд ирж байсан. Ид барилддаг байхдаа монгол бөхчүүдтэй олон удаа таарч барилдаж байсан. Маш олон монгол найзтай. Тэр үеэс хойш олон жилийн турш Монголын чөлөөт бөхтэй холбоотой байгаа. Хөгжилд нь өөрийн хувь нэмрээ бага ч гэсэн оруулаад явж байгаадаа баярладаг. Онцгойлж хэлэхэд Женко бөхийн клубтэй ойр хамтран ажилладаг.

-Энэ жилийн тэмцээн сайхан боллоо. Тэмцээнээс гадна өөр ямар ажилд оролцов?

-Би 2001 оноос Монголд нэрэмжит тэмцээнээ зохион байгуулж байгаа. Тэмцээнд маань Монгол, Америк, Буриад, Өвөр Монголын тамирчид оролцдог болжээ. Мөн 2010 оноос хойш хүүхэд багачуудын дунд хамтарсан бэлтгэл хийж эхэлсэн. Энэ удаад бид тэмцээн, бэлтгэлдээ орон нутгийн хүүхдүүдийг онцгойлон оролцууллаа. Би АНУ-ын Висконси гэдэг Монгол шиг сайхан хөдөө талтай мужид төрж, өссөн. Монголд ирэх болгондоо төрсөн нутагтаа ирсэн юм шиг мэдрэмж төрдөг. Энэ жил бид гурван тамирчинтай цомхон бүрэлдэхүүнтэй ирсэн. Нэг нь аварга болж, нэг нь хүрэл медалийн төлөө барилдаж, амжилттай сайхан оролцлоо.
 


-Та монгол бөхчүүдийг сайн мэднэ. Монголчуудад америк бөхийн юуг заавал монголчууд улам хүчирхэг болно гэж бодож байна вэ?

-Анх Монголд ирэхэд нэг хүний хэлсэн үг одоо болтол санаанд тодхон байдаг. Нэгдүгээр сарын тун хүйтэн өдөр байлаа. Уулзсан хүнээсээ “Монголд барилддаг эрэгтэй хүн хэд байдаг вэ” гэж асуулаа. Тэгсэн нөгөө хүн маань гайхаад “Монголд эр хүн болгон барилддаг” гэж хариулж байлаа. Өнгөрсөн жил Сербид болсон дэлхийн аваргын тэмцээнд Монголын эрэгтэй шигшээ баг багаараа дөрөвт орсон. Би “Монгол гуравхан сая хүн амтай. Харин манай АНУ 350 саяуулаа. Ийм цөөхүүлээ байж яагаад ийм сайн, чадалтай байна вэ” гэж Америкийн шигшээ багийнхандаа хэлж байсан.

-Монгол бөхчүүдээс 2024 оны Парисын олимпод медаль хүртэх бөх гэвэл хэнийг нэрлэх вэ?

-Сербийн ДАШТ-д багаараа дөрөвт орсон амжилтаа тогтвортой хадгалж чадвал бүгд олимпод яг адилхан л амжилт гаргаж чадна. Олимп, дэлхийн аваргад өрсөлдөх тамирчид ижилхэн. Монголчууд Парист амжилт гаргана гэдэгт итгэлтэй байна. Сая бэлтгэл дээр монгол залуусын бэлтгэлийг харахад үнэхээр сайн юм. Монголын бөхийн ирээдүй гэрэлтэй байна гэж харж байна.
 


-Та Монголын алдарт Х.Баянмөнх, Ж.Мөнхбат нартай нэгэн үед барилдаж байсан хүн. Тэдний талаар ямар дурсамж байна вэ?

-Би 1972 оны олимпод мөнгө, 1976 оны олимпод алтан медаль авсан. Миний дүү манай дээд жинд барилддаг, 1972 оны олимпод алтан медаль, 1976 оны олимпоос мөнгөн медаль авч байсан. Дүү минь жин өгсөж барилдаад ДАШТ-д дөрөвдүгээр байрт ороход Монголын Х.Баянмөнх мөнгөн медаль хүртэж байлаа. Миний хувьд 1973 оны Дэлхийн Цомын тэмцээн их тод санагддаг. Тэр үед Монгол Улсыг үзэгчид битгий хэл бид ч сайн мэддэггүй байлаа. Гэтэл Монголын баг ирээд АНУ-ын шигшээ багийг ялж байсан. Ялагдчихаад бид ихэд гайхаж байснаа санаж байна.

-Монголд та олон удаа ирж байсан. Монгол Улсад юу өөрчлөгдөж байна вэ?

-1992 оны өвөл анх ирж байхад гудамжаар маш цөөхөн машин явдаг байлаа. Одоо 30 жилийн дараа харахад Улаанбаатарын машины тоо эрс нэмэгджээ. Үүнээс энэ улс ямар хурдан хөгжиж байгааг харж болно. Хүмүүсийн харилцаа гээд олон зүйл нүдэн дээр минь өөрчлөгдөж байгааг харахад надад их таатай байдаг. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top