Т.Бадамжунайг цагдан хорих хугацааг НЭГ САРААР СУНГАЛАА

Б.Гантуяа | Zindaa.mn
2023 оны 05 сарын 31

Засгийн газраас хэрэгжүүлж буй "Шувуу" ажиллагааны хүрээнд УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд асан Т.Бадамжунайг Филиппиний Сэбү хотоос өнгөрөгч дөрөвдүгээр сарын 3-ны өдөр тус улсын Цагдаагийн газрын дэмжлэгтэйгээр баривчлан, Монголд авчирсан.  

Түүнийг Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, /Хахууль өгөх/, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт /Мөнгө угаах/, заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татан шалгаж байгаа юм.

Өнгөрсөн хугацаанд түүнийг ШШГЕГ-ын харьяа Урьдчилан хорих 461 дүгээр ангид хорьж байгаа бөгөөд өчигдөр /2023.05.30/ Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнийг цагдан хорих хугацааг сунгасан байна.

Тодруулбал, өмнө Т.Бадамжунайд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгуулах тухай саналыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлснийг тус шүүх хянан хэлэлцэж, яллагдагч Т.Бадамжунайг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэлээр түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс дахин 1 сарын хугацаагаар сунгажээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top