Татвар хөнгөлүүлэх болохоор ГЭРЭЭНИЙ ЗААЛТ яриад, эрчим хүчээ шийдэлц гэхээр гэрээгээ үгүйсгээд байх уу?

2023 оны 05 сарын 25

Тавантолгойн дулааны цахилгаан станц баригдаагүйгээс болж  “Оюутолгой” компани жил бүр 120 сая ам.доллар гадагшаа шилжүүлсээр өнөөдрийг хүрч буй тухай байнга л яригддаг. Жишгийн дагуу спикер саяхан индэр дээрээсээ үүнийг сануулсны сацуу Засгийн газар болон Эрчим хүчний яам цахилгаан станцууд барих ажлыг яаравчлах, эрчим хүчний өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангахын тулд дан ганц нүүрснээс бус бусад эх үүсвэрийг судлах шаардлагатайг дурдсан.

Г.Занданшатар дарга ийм шаардлага тавихаас өмнө буюу дөрөвдүгээр сарын 12-нд Засгийн газрын хуралдаанаар, уг станцын асуудлыг хэлэлцээд, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд даалгавар өгсөн юм.

Гэвч Б.Чойжилсүрэн сайдын салбар хариуцаж буй энэ үед буюу сонгуулиас өмнө Тавантолгойн станцын ажил  гараанаас гарах эсэх нь эргэлзээтэй л асуудлуудын нэг юм.

Засгийн албан мэдээлэлд дурдсанаар, Өмнөд бүсийн уул уурхайн болон Оюу Толгой төслийн эрчим хүчний хэрэгцээг хангах зорилгоор Тавантолгойн нүүрсний орд газрыг түшиглэн байгуулах Тавантолгой дулааны цахилгаан станцын төслийг 300MBт+150MBт гэсэн хоёр үе шатад хуваан, эхний ээлжинд 300 MBт хүчин чадлаар ашиглалтад оруулна.

Тус төслийг санхүүжүүлэх талаар бүхий л хэлбэрийн санхүүгийн арга механизмыг хэрэглэх, банк санхүүгийн байгууллагуудтай хамтран ажиллах, төслийн барилга угсралт болон санхүүжилтийг хамтатгасан (EPC+F) хэлбэрээр, тендерт оролцогчийн төслийн санхүүжилтийг шийдвэрлэх хувилбарыг хязгаарлахгүй санхүүгийн саналыг нээлттэй нөхцөлтэйгөөр сонгон шалгаруулах, гүйцэтгэгч, санхүүжүүлэгч талтай гэрээ хэлцэл хийх, төслийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Эрчим хүчний сайдад даалгалаа гэсэн.

Төслийн 300 MBт-ын I үе шатны EPC+F гэрээний 30 хувийг санхүүжүүлж, “Тавантолгой дулааны цахилгаан станц” ТӨХХК-ийн үйл ажиллагааны зардлыг хариуцаж, Монгол Улсын Хөгжлийн банкнаас Тавантолгой цахилгаан станц төсөлд олгосон зээл, зээлийн хүүгийн үлдэгдлийг төлөх, эдгээр зардлыг “Эрдэнэс Тавантолгой” ХК болон төрийн өмчийн хувь эзэмшилд оруулж тооцохыг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-д даалгасан байгаа юм.

Тэгэхээр өмнөх сайд нарын хувьд тендер зарлаад амжилт олбол Хөгжлийн банкны өрийг барагдуулах үүрэг хүлээж байсан бол Б.Чойжилсүрэн сайдын хувьд “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай асуудлаа хуваалцан шийдвэрлэх боломжтой болсон гэж ойлгогдож байна.

Хөгжлийн банкнаас авсан зээлийг нь сануулахад:

2014 онд Хөгжлийн банкнаас Эрчим хүчний яамны “Тавантолгой нүүрсний орд газрыг түшиглэн 450 Мвт хүчин чадалтай цахилгаан станцыг барих төслийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны бэлтгэл хангуулах” төсөлд олгосон 14.81 сая ам.долларын зээл байсан.  2022 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн байдлаар уг зээлийн үлдэгдэл 58.36 тэрбум төгрөг байгаа аж.

Сайд асан Н.Тавинбэхийн хэлснээр   зээлийг огт үр дүнгүй зарцуулсан зүйл байхгүй ч, зээлийг эргэн төлөх эх үүсвэргүй болсон.  Эх үүсвэр бий болгох гээд станцын барилга угсралтын ажил гүйцэтгэх тендерийг засгаас зарласан нь ч бүтэлгүйтсэн.  Салбарын экс сайд Ц.Даваасүрэнгийн хувьд уг зээлийг яах гэж авсан талаар хариулах боломжгүй гэсний сацуу Тавантолгойн станцыг барьж, Оюутолгой төсөл дотоодоос эрчим хүчээ авах асуудал хөрөнгө оруулалтын гэрээнд тусгагдсан ч, асуудал аль аль талаас шалтгаалан удааширч өнөөдрийг хүрсэн хэмээн байр сууриа илэрхийлсэн. Тэрбээр, Оюутолгойг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүл гэж шаардахаар  танай Засгийн газар өөрсдөө хийнэ гээд үүрэг хүлээсэн гэх тайлбар хэлдэг гэсэн юм.

2009 оны аравдугаар сарын 6-нд үзэглэгдсэн Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний Долоодугаар зүйлд эрчим хүчний талаар тусгасан байдаг. Тэндээс харахад хөрөнгө оруулагч тал ч ҮҮРЭГ ХҮЛЭЭСЭН байдаг. Тухайлбал:

7.3.  Хөрөнгө оруулагч нь Үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эхэлсэн өдрөөс хойш 4 /дөрөв/ жилийн дотор Оюу толгой төслийн эрчим хүчний нийт хэрэгцээгээ Монгол Улсын нутаг дэвсгэр дэх дор дурдсан нэг буюу түүнээс дээш эх үүсвэрээс сонгон хангана:

7.3.1. Хөрөнгө оруулагчийн санхүүжүүлсэн, эсхүл барьсан, нүүрсээр ажиллах цахилгаан станц;

7.3.2. Гуравдагч  этгээдийн  санхүүжүүлсэн, эсхүл  барьсан, нүүрсээр ажиллах цахилгаан станц;

7.3.3.  Монгол Улсын цахилгаан эрчим хүчний сүлжээ.

7.4.  Засгийн  газар  Хөрөнгө  оруулагчийг  эрчим  хүчээр  хангах  тохиолдолд эрчим хүчний эх үүсвэр нь арилжааны болон үл ялгаварлах нөхцөлтэй байх  бөгөөд  Оюу  толгой  төсөлд  хангалттай  хэмжээний  эрчим  хүчийг тогтвортой, найдвартай, тасралтгүй нийлүүлнэ гэхчлэн зохицуулалтыг тусгасан байдаг.

Тэгэхээр эндээс харахад, хөрөнгө оруулагч ямар ч байсан үйлдвэрлэлээ эхлүүлснээс хойш дөрвөн жилийн дотор эрчим хүчний хэрэглээгээ дотоодын эх үүсвэрээс хангах үүргээ биелүүлэх ёстой. Үүний тулд төслийн 66 хувийг эзэмшигч хөрөнгө оруулагч болон 34 хувийг эзэмшигч Монгол Улсын Засгийн газар аль аль нь хамтран ажиллах шаардлагатай юм.

Оюутолгойн хөрөнгө оруулагч тал,  тухайлбал "Рио Тинто”  Монгол Улсад төлөх татвар хураамжийн төлбөрөө хөнгөлүүлэх болохоор хөрөнгө оруулалтын гэрээг өмнөө барьж зөвтгөдөг хэрнээ эрчим хүчний хэрэглээгээ дотоодоос хангах үүргээ биелүүлэх болохоор хөрөнгө оруулалтын гэрээгээ үгүйсгэдэг байж болохгүй.

Түүнчлэн эрчим хүчний эх үүсвэрээ гэрээний хүрээнд шийдвэрлэх тал дээр шийдэл ярих бус аргацаан өнгөрүүлэх арга барил хөрөнгө оруулагчдаас харагдсаар өнөөдрийг хүрсэн байна.

Монголын Засгийн газар ч шаардах ёстойгоо шаардаад явах, шаардлагатай бол хамтраад хэрэгжүүлэх тал дээр бодитой манлайлалгүй өдийг хүрчээ.

Өнгөрсөн арав гаруй жил энэ асуудал улс төрийн түвшинд яригдаж, Засгийн газар, “Оюу Толгой” компани хооронд 2018 онд  Эрчим хүчний зохицуулалтын тухай гэх гэрээ байгуулаад, дараа нь гэрээндээ өөрчлөлт оруулаад л байсан. Тухайлбал, талууд эрчим хүчний ерөнхий шийдэлд сэргээгдэх эрчим хүчийг хэрхэн тусгаж болохыг судална” гэж тусгасан байсан л даа. Энэ тохиолдолд Хөрөнгө оруулалтын үндсэн гэрээнд өөрчлөлт оруулах тухай яригдаж таарна л даа.

Мөн  2020 оны зургаадугаар сард Эрчим хүчний эх үүсвэрийн зохицуулалтын тухай гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан байдаг. Засгийн газрын 2020 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдрийн хуралдаанаар төрийн өмчийн хөрөнгөөр Тавантолгойн цахилгаан станцыг барьж, эрчим хүчээр Оюутолгой төслийг хангах тухай 124 дүгээр тогтоолыг гаргасан.

Тухайн үед Эрчим хүчний сайд Н.Тавинбэх хэлэхдээ “Оюутолгой төслийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг дотоодоос хангаснаар  жилд 120 сая ам.доллар Монгол Улсын эрчим хүчний салбарт үлдэнэ. Цогц арга хэмжээний нэг нь 450 мВт хүчин чадалтай Тавантолгой цахилгаан станцыг байгуулна. Цахилгаан станцын эхний блокийг  2024 онд ашиглалтад оруулна” гэж байлаа.

Улмаар Оюутолгойг эрчим хүчээр хангах “Тавантолгойн”-н станцын барилга угсралтын ажлыг гүйцэтгэх гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг 2021 оны аравдугаар сарын 21-нд зарласан.

Ингэхдээ мөн л  “Эрдэнэс-Тавантолгой” ХК төслийн нийт санхүүжилтийн 30 хүртэл хувийг санхүүжүүлэхээр тусгасан. Тендерт оролцогч үлдэгдэл санхүүжилтийг Засгийн газрын баталгааг үндэслэн өөрөө санхүүжүүлэх (EPC+F) хувилбар санал ирүүлэх олон улсын нээлттэй тендер сонгон шалгаруулалтыг 2021 оны аравдугаар сарын 21-ий өдөр зарлаж, 90 хоногийн хугацаанд гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахаар шийдвэрлэж байв.  

Тендерийг зохион байгуулснаар 2022 оны эхний улиралд багтаан гүйцэтгэгчтэй барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, 2025 онд 450 МВт-ын шинэ дулааны цахилгаан станц, 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамыг байнгын ашиглалтад хүлээн авна гэж Засгийн газраас мэдэгдсэн ч,  зарласан тендер нь  гүйцэтгэгч шалгараагүй гэх үндэслэлээр бүтэлгүйтсэн юм.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (192.82.88.27) 2023 оны 05 сарын 25

3 нь ч гэрээ байгуулсан, бариагүй станцад зарцуулсан хөрөнгө нь хэдэн зуун сая болсон, ОТ тайлан тэнцэлд хөндлөнгийн хяналт хийвэл гараад ирнэ, монголчуудыг молиго умхүүлж хор найруулагч нь Риог төлөөлөад ТУЗ- д сууж буй, ОТ монголоос цахилгаан авах сонирхол огт байхгүй яагаад бүтээгдэхүүнээ борлуулдаг зохилох зах зээлээ эзэмшигч Хятадад тал алдахыг тэд хүсэхгүй шүү

0  |  0
9086(66.181.191.205) 2023 оны 05 сарын 25

ЕРС F. Энэ хувилбарыг Хятадын хөгжил шинэтгэлийн хорооноос хорьчихсон гээд байхад тендер зарлаад ямарч үр дүнгүй. Чойжилсүрэн өөрийнх нь барилга байсан бол хэзээ ч ингэж алдаа дутагдалтай бизнес хийхгүй байлаа. Улсын ажил хийж байгаа дүр төрхтэй л байвал амжилттай болох хэрэгжих бол ердөө чухал биш.

0  |  0
zochin(66.181.187.83) 2023 оны 05 сарын 25

magnai hogjol bank baigulsan bilee

0  |  0
zochin(66.181.187.83) 2023 оны 05 сарын 25

magnai trade bank baigulsan magnai impor bank bagulah ajii ehelsen.

0  |  0
zochin(66.181.187.83) 2023 оны 05 сарын 25

magnai tarade abnk baiglsna magnai import bank baiguljjina.

0  |  0
Top