Засгийн газрын шийдвэр ба сайд нарын тайлбар

Автор | Zindaa.mn
2023 оны 05 сарын 19

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр боллоо. Хуралдаанаас гарсан шийдвэрийг Сангийн сайд, ХНХ-ын болон Соёлын, ЗТХ-ийн танилцуулсан. байр суурийг тоймлон хүргэж байна.


 

САНГИЙН САЙД Б.ЖАВХЛАН: ХӨГЖЛИЙН БАНК АШИГТАЙ АЖИЛЛАХГҮЙ БОЛ УДААН ҮРГЭЛЖЛЭХ БОЛОМЖГҮЙ

Хөгжлийн банкны захирал Б.Мандуулын удаа дараа гаргасан хүсэлтийн дагуу түүнийг албан тушаалаас нь чөлөөлсөн. Хоёрдугаарт, Хөгжлийн банкны үзүүлэлтүүд нь дампуурч, татан буугдахуйц хэмжээнд байлаа. Жил гаруй хугацааны үр дүнд тус банкны санхүүгийн үзүүлэлтүүд нь дээрдсэн. Манай улсын дефолт болох эрсдэл бүрэн арилсан. Харин энэ есдүгээр сард төлөх Евро бондын 400 сая ам.долларыг төлөх том даваа үлдээд байна. Хөгжлийн банкны чанаргүй зээлүүдийг төлүүлэх ажил эрчимтэй үргэлжилсэн. Хэдийгээр Хөгжлийн банкны жилийн баланс ашигтай гарсан ч банкны үндсэн үүрэг болох цэвэр хүүгийн зөрүүнээс ашигтай ажилласан гэх зүйл байхгүй.

Цаашид тус банк нь ашигтай ажиллахгүй бол удаан үргэлжлэх боломжгүй. Хөгжлийн банк хуульд заасан банкны чиглэлээр үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх хэрэгтэй. Үгүй бол урт хугацаанд ажиллана гэх баталгааг өгч чадахгүй. Жилийн эцэс гэхэд тэнцлийг дахин сайжруулж, аудит хийлгэнэ.

Мөн Төсвийн тухай хуулийг эхэлж харах хэрэгтэй. Манай Төсвийн тухай хууль тус жилийн орлого дутаад, зарлага танах зарчмаар баталдаг. Тиймээс төсвийн тодотгол хийх хүнд нөхцөл байдал үүсээгүй гэдгийг хэлмээр байна. Гэвч цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэхийн тулд зохицуулалт хийх шаардлагатай байгаа. Цалин, тэтгэвэр нэмэх гэхээс илүүтэй зөрүүг арилгахаар тооцоо хийж байна. Мөн эдийн засаг тогтворжиж ирлээ. Өнгөрсөн долоо хоног гэхэд 20.7 сая тонн нүүрс гаргасан байна. Энэ жил 36 сая тонныг гаргана гэх тооцоотой байгаа. Цалин орлого нэмсэн ч гэсэн инфляц өсөх эрсдэлтэй туллаа. Цалин дагасан инфляцын тойрогт ороод байна. Бүх талаа харж шийдвэр гаргахгүй бол макро эдийн засаг эмзэг байгаа гэдгийг санах хэрэгтэй.

 

ЗТХ-ИЙН САЙД С.БЯМБАЦОГТ: ШИВЭЭХҮРЭН-СЭХЭЭ ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫГ 10 ДУГААР САРД АШИГЛАЛТАД ОРУУЛНА

-Засгийн хуралдаанаар баруун босоо төмөр замын эхлэл болох Шивээхүрэн-Сэхээ чиглэлийн нарийн царигийн төмөр замыг барьж байгуулах ажлыг хэлэлцсэн. Үүнийг барих эрхийг "Нарийн сухайтын төмөр зам" компанид өгөх шийдвэр гаргалаа. Нарийн сухайтын бүлэг ордоос өмнөд хөрш рүү нүүрс экспортод гаргах чухал ач холбогдолтой зам. Бүтээн байгуулалтын ажлыг энэ тавдугаар сард эхлүүлнэ. Аравдугаар сар гэхэд ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа.

Замын нийт урт нь долоон, салаалах замын урт 20 км, 200 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хувийн хэвшил хийж хэрэгжүүлэн зургаан жил ашиглаж, төрд 100 хувь үнэ төлбөргүй шилжүүлж өгөх нөхцөлтэй. Мөн үүнтэй холбоотойгоор Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн 1250 км төмөр замыг барьж байгуулах ажлыг сонгон шалгаруулалтаар шалгаруулж, Эссэнс саплайс ХХК-д олгосон. Энэ оны зургаадугаар сард багтаж концессын гэрээ байгуулна. Энэ онд багтаж барилга угсралтын ажил эхлүүлэх төлөвтэй байна.

Мухар төмөр зам гэж яригддаг Гашуунсухайт-Ганцмод чиглэлийн холболтын төмөр замыг барьж байгуулах, ТЭЗҮ-г боловсруулах сонгон шалгаруулалт өнгөрөгч хоёрдугаар сард зарлааад "Хятадын төмөр замын зураг төслийн хоёрдугаар товчоо" шалгарсан. Богино хугацаанд зураг төслийг боловсруулж, энэ ондоо багтааж хятадын төмөр замтай холбохоор төлөвлөн ажиллаж байна. Зүүн босоо төмөр зам гэж яригддаг Хөөт-Бичигт чиглэлийн 426 км төмөр замын барилга угсралтын ажлыг эхлүүлэхээр сонгон шалгаруулалт хийгдсэн. Мөн энэ оны зургаадугаар сард багтан концессын гэрээ хийгдэж, барилга угсралтын ажил эхэлнэ.

 

ХНХ-ЫН САЙД Х.БУЛГАНТУЯА: ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ЦАЛИН ХУВИЙН ХЭВШЛЭЭС 400 МЯНГАН ТӨГРӨГӨӨР БАГА БАЙНА

-Төрийн албан хаагчдын цалин хувийн хэвшлийн дундаж цалингаас 400 орчим мянган төгрөгөөр бага байдаг. 2021 оноос ковидын хүндрэлээс үүдээд төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдэл хийж чадаагүй. 2022 онд төрийн үйлчилгээний байгууллагуудын шатлалуудыг багасгаж, бэхжүүлж өгсөн.

Жишээлбэл, ТҮ4 нь дотроо таван шатлалтай байсныг нэгтгэж нэг болгосон. Үүний үр дүнд найм орчим хувийн нэмэгдэл бий болсон. Төрийн үйлчилгээний салбаруудын цалингийн хэмжээ харилцан адилгүй байгаа. Төрийн үйлчилгээ дотроо боловсрол, эрүүл мэнд, шинжлэх ухаан, соёлын салбараас хамгийн бага нь соёлын салбарын цалин байна. Дээрээс нь төрийн албан хаагчдын цалин, нийгмийн баталгаатай холбоотой асуудлуудыг салбарын 30 гаруй хуулиудаар зохицуулдаг. Орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа босоо удирдлагатай байгууллагуудын нэмэгдэл нь хэвтээ удирдлагатай байгуул­лагаас бага байна. 2023 оноос аймаг, орон нутагт ажиллаж байгаа төрийн албан хаагчдын нэмэгдлийг төсвөөс 20 хувь, орон нутаг өөрсдийн төсвөөс 80 хувь санхүүжүүлдэг болсон. 80 хувийн нэмэгдлийг аймаг орон нутгууд хэвтээ буюу өөрсдөө томилгоо хийдэг албан хаагчдын цалинг нэмээд, босоо удирдлагатай албан хаагчдын цалинг нэмээгүй. Энэ нь төрийн албан хаагчдын бухимдлыг үүсгэсэн.

 

СОЁЛЫН САЙД Ч.НОМИН: СОЁЛЫН САЛБАРЫН ЦАЛИНГ БШУ-НЫ САЛБАРТАЙ ДҮЙЦҮҮЛЖ НЭМНЭ

-Соёлын салбарт ажиллаж байгаа ажилтан, албан хаагчдын цалин хөлсний асуудал байнга яригдаж байдаг. Энэ бол сүүлийн 20 гаруй жил бугшсан Соёлын яамгүй байснаас үүдэн гарсан асуудал. Соёлын салбарт ажиллаж байгаа ажилтан, албан хаагчдын цалин 570-995 мянган төгрөгийн хооронд байгаа. Энэ нь 452 байгууллагын 6245 ажилтан, албан хаагчид хамрагддаг. Ер нь дундаж цалин 760 мянган орчим төгрөг байгаа.

Тэгэхээр энэ бол бусад төрийн байгууллагууд буюу боловсрол, соёл, шинжлэх ухааны байгууллагуудаас ойролцоогоор 6-25 хувь бага. Соёлын яам байгуулагдсан цагаасаа хойш эдгээр салбарын цалин хөлсийг ойролцоогоор 25 хувь нэмэгдүүлсэн. Энэ нь ч өнөөдрийн байдлаар бусад салбартай харьцуулахад бага.

Соёлын салбарынхантайгаа уулзахад дөрөв, таван асуудал байгаа. Соёлын салбарын цалингийн харьцаа бусад төрийн салбараас доогуур байна, амьжиргаанд хүрэлцэхгүй байна, бидний онцлог байдлыг ойлгож үзээд үндсэн цалин, урамшууллыг онцлогт нь тохируулж өгөөч ээ, инфляцтай уялдуулж цалинг нэмэгдүүлж өгөөч ээ гэх саналууд гарсан. Эдгээр саналыг бид авч үзээд сүүлийн хоёр жилийн хугацаанд ХНХЯ болон Сангийн яамтай хамтран ажиллаж, 12 удаагийн уулзалт, хэлэлцүүлэг хийсний хүрээнд өнөөдөр тодорхой шийдвэрт хүрч байна. Энэ нь соёлын салбарын ажилтан, албан хаагчдын цалин хөлсийг боловсрол, шинжлэх ухааны салбартай дүйцүүлнэ. Үүнийг энэ ондоо шийдвэрлэнэ гэсэн шийдвэрт хүрсэн. Үүнийг цалин хөлсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад цалингийн сүлжээг нэгдсэн системийн бодлого зохицуулахыг үүрэг болгосон.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top