Байнгын хороодыг “БҮТЭН” болгоё

2023 оны 04 сарын 19

Өнгөрсөн 2020 оны Улсын их хурлын сонгуулиар бүрдсэн парламент өдгөө 11 байнгын хороотойгоор үйл ажиллагаа явуулж буй. Дээрх байнгын хороод 10-19 гишүүний бүрэлдэхүүнтэй. Хууль зүй, Төсөв, Төрийн байгуулалт, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуй зэрэг байнгын хороод 19 гишүүнтэй бол Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо 10, Инноваци, цахим бодлогын байнгын хороо 11 гишүүнтэй.

Тэгэхээр нэг гишүүн 3-4 байнгын хороонд харьяалагддаг гэсэн үг. Мэдээж хурал хуй нь давхцах үе бишгүй гардаг учраас гишүүд байнгын хороодын хурлаас хурлын хооронд явах нь байдаг. Аливаа хууль тогтоомж, УИХ-ын тогтоолын төсөл эдгээр байнгын хороодоор дамжин, гишүүдийн олон талт үзэл бодлоор шигшигдэн жинхэнэ шүүсийг нь шахаж байх учиртай. Тэгж гэмээнэ чанартай хуулиуд чуулганаар батлагдах боломжтой гэсэн үг.

Харамсалтай нь өнөөдөр энэ байдал алдагдсаныг олон нийт, улс төрийн хүрээнийхэн төдийгүй Их хурлын гишүүд нь хэлж байна. Хамгийн их буюу 19 гишүүнтэй байнгын хорооны ирц 10 гишүүнээр бүрддэг. Өчигдөр хуралдсан Хууль зүйн байнгын хорооны хурал л гэхэд 10 цагаас эхлэх байсан ч гишүүдийн ирц бүрдэхийг хүлээж 11 цаг өнгөрөөж эхэлсэн.

Нэг ёсондоо ард түмэнд хамгийн их хамааралтай, чухал хуулийн төслүүдийн хувь заяа зургаан гишүүний саналаар шийдэгдэж байна. Ийм үзүүлэлтээр нь авч үзэх юм бол хамгийн бага буюу 10 гишүүнтэй байнгын хорооны ирц зургаан гишүүнээр бүрдэж, дөрвөн гишүүний саналын эрхээр асуудлууд шийдэгддэг байх нь. Энэ нь парламентын чадамжийг сулруулах, чадамжгүй харагдуулах нэг үзүүлэлт болж байна гэх хүмүүс ч байгаа юм.

Мэдээж энэ бүхэн байнгын хороодын тоо нэмэгдсэн, нэг гишүүн олон байнгын хороонд зэрэг харьяалагдаж байгаатай холбоотой боловч Засгийн газрын дийлэнх гишүүд нь УИХ-аас томилогддог болсонтой холбоотой аж. Учир нь сайд нар тэр бүр байнгын хорооны хуралдаандаа суудаггүй гэдгийг сөрөг хүчний гишүүд нь ч хэлж байсан. Сайд нар байнгын хорооны хуралд суудаггүйгээс хууль тогтоомжуудын хувь заяа цөөхөн гишүүний саналаар эргэж байна.

Сүүлийн үед манай гишүүд, дарга нарын хамгийн их ярьдаг зүйл нь парламентын засаглалыг төгөлдөржүүлэх, УИХ-ын чадамж болсон. Гэсэн ч ам, ажил хоёр нь энэ мэт чухал зүйл дээрээ зөрөөд байна. Тиймээс байнгын хорооны хуралдаа гишүүдийг хариуцлагатайгаар суудаг, асуудалд ул суурьтай ханддаг болгох тал дээр ямар нэгэн зохицуулалт хэрэгтэй болжээ.

Цар тахлаас өмнө бол байнгын хороодын хуралдаан хэвлэл мэдээллийнхэнд нээлттэй явагдаж, санал хэлж, асуулт асууж байгаа гишүүдийн яриаг үзэгч, уншигчдад хүргэдэг байсан. Харин одоо бол байнгын хорооны хуралдаанаас гишүүдийн дүрс, яриа түүж проткол хөтлөх боломжгүй болсон юм билээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор хэдийгээр сэтгүүлч хуралдаанд сууж болох ч зураг авах, бичлэг хийх хориотой. Гар утсаа оролдох төдийд л ажлын албаныхан ирж сануулж, зураг дарсан, бичлэг хийсэн байвал харж байгаад устгуулдаг болсон байна билээ. Гишүүдийн хуралдаа суухгүй байгаа нь ч энэ мэтчилэн хэвлэл мэдээлэлд улам хаалттай болж байгаатай холбоотой байж мэднэ. Тиймээс нэн яаралтай байнгын хороодыг бүтэн болгож, гишүүдийг хуралдаа бүрэн суудаг болгох хэрэгтэй байна.

М.ЗУЛ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top