Бодлогын хүүг 13 хувьд хэвээр хадгалах ШИЙДВЭР гаргалаа

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 03 сарын 15

 

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо энэ сарын 14, 15-ны өдөр ээлжит хуралдаанаа хийлээ. Энэ удаагийн хуралдаанаар  эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал гадаад, дотоод орчны төлөв, эрсдэлийг харгалзан үзээд дараах шийдвэрийг гаргаснаа танилцууллаа.  

 

  • Бодлогын хүүг 13 хувьд хэвээр хадгалах;
  • Бодлогын хүүний коридорыг бодлогын хүүнээс +1, -1 нэгж хувийн өргөнтэй болгох;
  • Банкны гадаадын зах зээлээс бонд болон зээл хэлбэрээр шинээр татсан 360 хоног хүртэлх хугацаатай эх үүсвэрийг заавал байлгах нөөц тооцох эх үүсвэрээс хасаж тооцох шийдвэр гаргалаа.

 

Мөнгөний бодлогын хорооны мэдэгдэлд, жилийн инфляц 2023 оны 2 дугаар сард улсын хэмжээнд 12.2 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд 12.1 хувьтай гарав. Инфляц сүүлийн саруудад өмнөх төсөөлөлтэй нийцтэйгээр алгуур саарахад импортын барааны тээврийн зардал буурсан нь голлон нөлөөллөө. Нийлүүлэлтийн шалтгаантай хүчин зүйлсийн нөлөө алгуур багасахын зэрэгцээ шатахууны үнийн төсөөлөл буурснаас инфляцын төсөөллийг өмнөхөөс бууруулав. Ийнхүү инфляц цаашид алгуур саарах хүлээлттэй байгаа хэдий ч валютын ханш, эрэлтийн хүчин зүйлсийн нөлөө нэмэгдэж болзошгүй байна.

Эдийн засгийн идэвхжил 2022 оны 4 дүгээр улиралд хүлээлтээс өндөр байхад БНХАУ-ын “Тэг Ковид” бодлогын арга хэмжээ суларч, эрчим хүч болон худалдааны салбараас бусад салбарын идэвхжил хүлээлтээс өндөр гарсан нь нөлөөллөө. Хилийн хязгаарлалт суларч, уул уурхайн салбарын үйлдвэрлэл нэмэгдсэнээр эдийн засгийн өсөлтийн төлөв өмнөхөөс сайжрах хүлээлттэй байна.

Гадаад эрэлтийн төлөв сайжирч, манай улсын экспортын гол нэрийн барааны үнийн төсөөлөл өмнөхөөс нэмэгдлээ. Түүнчлэн глобал эдийн засагт инфляцын эрч саарч, бусад төв банкууд бодлогын хүүгээ нэмэгдүүлэх хурдаа сааруулж эхлээд байна. Гадаад болон дотоод нөхцөл байдал хүлээлтээс сайжирсан хэдий ч дэлхийн эдийн засгийн өсөлт саарах, нийлүүлэлтийн сүлжээний доголдол нь геополитикийн асуудлаас үүдэн даамжрах эрсдэл хэвээр байна.

Гадаад эрсдэл, тодорхой бус байдал өндөр байгаа өнөөгийн нөхцөлд Мөнгөний бодлогын хороо бодлогын хүүг хэвээр хадгалах, хүүний коридорыг нарийсгах болон банкны гадаад зах зээлээс шинээр татсан 360 хоног хүртэлх хугацаатай эх үүсвэрийг заавал байлгах нөөц тооцох эх үүсвэрээс хасаж тооцох бодлогын шийдвэр гаргав. Энэхүү бодлогын арга хэмжээ нь төгрөгийн өгөөжийг хадгалах болон банкны гадаад валютын эх үүсвэр татах хөшүүргийг бий болгосноор эдийн засгийн гадаад, дотоод тэнцвэрийг хангах, улмаар инфляцыг зорилтот түвшин рүү илүү хурдан бууруулахад эерэг нөлөө үзүүлнэ.

Гадаад, дотоод эдийн засгийн орчинд гарах өөрчлөлт болон инфляц, эдийн засгийн төлөв хэрхэн өөрчлөгдөхөөс хамаарч Мөнгөний бодлогын хороо бодлогын дараагийн алхмуудыг авч хэрэгжүүлнэ гэсэн байна.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(103.26.194.14) 2023 оны 03 сарын 15

reket noolurin reket sergelenbaatar bimbahuu ih olon gemgui jijig chenk alad zoodl mongo bulaaj absan bilee.odoo bodhod martahin argagui shuu

0  |  0
zochin(103.26.194.14) 2023 оны 03 сарын 15

reket etged sergelenbaatar yadin chini huug ohinig alsan yaidn gene.

0  |  0
зочин(112.72.15.198) 2023 оны 03 сарын 15

одоо оюу толгойн валютыг зах зээлрүү нийлүүлэх шаардлагатай тэгвэл ханш тогтоно

0  |  0
Top