Дундговь аймгийн нутгаар 2023 оны гуравдугаар сарын 09-ний өдрийн 18 цагаас гуравдугаар сарын 10-ний өдрийн 06 цагийн хугацаанд салхи баруун хойноос 18-24 м/с зарим үед 34 м/с хүртэл хүчтэй шороон шуурга шуурсан.

Энэ үеэр Онцгой байдлын газрын шуурхай дуудлагын утсанд ирүүлсэн мэдээллээр Гал түймрийн зөрчлийн 2, Эрэн хайх аврах ажиллагааны 3 дуудлагаар гарч ажиллан 2 хүний амь насыг авран хамгаалж ажиллалаа.

Өнөөдрийн 10:20 минутын байдлаар Дэлгэрхангай суманд төөрсөн гэх насанд хүрсэн 1, бага насны 1 хүүхдийг эрэн хайх ажиллагааг тус сумын мэргэжлийн ангийн бүрэлдэхүүн Эрдэнэдалай сум дахь Эрэн хайх аврах салбарын алба хаагчид хамтран зохион байгуулж байна.

Ойрын өдрүүдэд салхи шуургатай байх тул иргэд аюулгүй байдлаа хангаж, анхаарал болгоомжоо нэмэгдүүлэн малаа ойр бэлчээх, бага насны хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настныг хараа хяналттай байлгах, хол замд гарахаас зайлсхийх зайлшгүй тохиолдолд техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж, шатахууны нөөцтэй явахыг анхааруулж байна.