Шатрын ноён уу, шатрын хүү юу

Автор | Zindaa.mn
2023 оны 03 сарын 07

Өөрийгөө шатрын ноён гэж ойлгодог ч магадгүй хүү байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ үүнийг ирээдүйн улс төр нь харуулах учраас өнөөдөр шуудхан дүгнэх боломжгүй юм. Шатар гайгүй нүүдэг гэхээрээ амьдралд заавал ялагч байх албагүй. Гэхдээ тэр өнөөдөр Төрийн эрх барих дээд байгууллагыг тэргүүлж суугаагаас харвал шатрын ноён мэт. Эзэмшсэн мэргэжил, улс төрд замнасан туршлага гэвэл яах аргагүй зузаан намтар цуглуулсан гэдгийг бултаараа мэдэх болсон биз ээ. Одоо бол тэр 20 жил улс төрийн тогоонд чанагдаж, хат суусан эр. Төрийн талбар, энэ тогтолцоог шатрын хөлөг гэж үзээд бүтцийг тэмээ, морь, тэрэг, ноён, хүү гэж харвал тэр энэ хөлөг дээр буруу нүүдэл хийхээргүй туршлага хуримтлуулсан тоглогч байх учиртай. Тухайн шатрын дүрмийг ч сайтар мэддэг нэгэн.

Хүн нь зөв гэдэг ч улс төрд явж байгаа замыг нь харвал бас маргаан гарч таарна. Хамгийн тод жишээ гэвэл түүнийг улс төрд хөл тавих үеэс эхэлсэн ах нарын нүүдэл хаашаа чиглэж байсныг тоглогч өөрөө харж байгаа учраас өнөөдрийн нүүдэл зөв зүгт байгаа болов уу. Ямартай ч Үндсэн хуулийн хоёр удаагийн өөрчлөлтийг тэргүүлэн ажиллаж, ард нь гарлаа. Энэ бол Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт гэхээсээ илүүтэй эрх баригчид өөрсдийнхөө талд эрх зүйн орчин бүрдүүлсэн гэх шүүмжлэл дагуулдаг.

Атаа жөтөө, алив бүхэн байгаа байх. Ямартай ч төрийн тогтолцоо, системын гажуудлыг засах гэж оролдсон. Бүх зүйлийг нэг дор засах боломжгүй учраас түүний гаргаж өгсөн жимээр дараа дараагийн залуус явж засаж залруулах нь дамжиггүй. Энэ утгаараа Г.Занданшатарыг улс төрд зөв жим гаргаж өгсөн хүмүүсийн нэг гэж үздэг.

Уг нь тэр 1992 онд ОХУ-ын Эрхүү хотын Улсын ардын аж ахуйн дээд сургуулийг төгсөж ирээд Санхүү, эдийн засагч мэргэжлээр эдийн засаг, санхүүгийн чиглэлд багшилж байсан нөхөр. Банкны салбар руу хальтирч, 2003 онд гэнэт Хүнс хөдөө аж ахуйн Дэд сайдаар ажиллах болсон. Энэ үед Н.Энхбаяр МАН-ын бүхий л асуудлыг шийдэж байсан. Өнөөдөр улс төрд өндөр авах болсон Сү.Батболдоос эхлээд бүгдээрээ л Н.Энхбаярын халаасаар дамжсан даа, нуух зүйл биш болов уу. Тэр ч тэдний нэг байж мэдэх юм. Ийнхүү 33 настай залууг Хүнс хөдөө аж ахуйн сайдаар залж, улмаар 2004 онд Баянхонгор аймагт нэр дэвшүүлэн, УИХ-д оруулж ирсэн түүхтэй. Үүнээс хойш баянхонгорчууд ч итгэл үзүүлсэн, МАН ч дээш нь өргөсөн. Энэ хугацаанд тэр сул гишүүн бараг л байгаагүй.

Нэг зүйл бий. Тэр “Төрөөс төрсөн тэрбумтан”, “Гучин гэр бүл”, “МАНАН бүлэглэл”, “Шударга бусын хонгил” гэх мэт нэршилтэй бүлэглэлд хамаардаггүй хашир золиг. Уг нь тэр өнөөдөр “Төрөөс төрсөн тэрбумтан”-тай нэг танхимд сууж, “Гучин гэр бүл”-ийн төлөөлөлтэй хундага тулгаж, “МАНАН бүлэглэл”-тэй хууль баталж, “Шударга бусын хонгил”- ынхонд хууль бэлдэж өгч байгаа л хүн. Гэтэл өөрөө үүнд нэрлэгдэхгүй байгаа нь хоёр талтай. Нэгдүгээрт, хэдийгээр тэдний аль алинтай нь ойр ч зайгаа барьж, замаа засдаг. Хоёрдугаарт, аль алинд нь хамааралгүй ажлаа явуулдаг хүн байх. Аль нь ч бай тэр тэдэнтэй нэг тогооноос хооллож байгаа хүн.

Олны ярих нь “Г.Занданшатар бол парламент удирдахад тохирсон буурьтай суурьтай, төрийн албаны дадлага туршлагатай, хууль, эрх зүйн өндөр мэдлэгтэй” гэж ярих нь олон байдаг. Нөгөө талаар “Дэндүү зөөлөн хүн. Цаадуулынхаа үгэнд оромтгой” гэх нь ч бий. Аль нь ч бай, өөрийгөө улс төрийн өндөрлөгт барьж чадаж байна. Бүр 33 настайгаасаа рейтингээ бараг алдаагүй улстөрч гэвэл Г.Занданшатар байх. Гэвч “Зөөлөн, үгэнд оромтгой” гэж шуудхан дүгнэж болохгүй. Өнөөдөр парламентаас олон гишүүдийг яллагдагчаар татаж, шударга ёсны төлөө явж байгаа нь үүнийг үгүйсгэх шалтгаан болж байна. Ганцхан жишээ дурдахад Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байхдаа Салхитын мөнгөний ордыг харийнхны мэдлээс авч, тэндээс олох орлогоор ахмадуудынхаа тэтгэврийг тэглэж байсан зэргээс харахад тийм ч бусдыг аялдан дагалддаг сул дорой хүн биш. Энэ үйл явдал бол жинхэнэ төрийн хүний зангаргийг харуулсан.

Г.Занданшатар өдгөөгөөс хориод жилийн өмнө буюу 2003 онд Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайдаар улс төрд хөл тавьж, 2004 онд 34 насандаа Баянхонгор аймгаас УИХ-ын гишүүнээр сонгогдож байв. Мөн 2004, 2008, 2016, 2020 онд УИХ-ын гишүүнээр дөрвөн удаа сонгогдож, дунд нь Гадаад харилцааны сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар тус тус ажиллаж, өнөөдөр Төрийн эрх барих хамгийн дээд байгууллагыг удирдаж байна. Сонгуулийн тогтолцоонд өөрчлөлт орж, нам нь нэрээ сольж сонгуульдсан 2012 онд тэр Баянхонгор аймагт унасан нь рейтинг тийм ч өндөр байгаагүйг харуулсан уу, эсвэл намаас нь болсон уу гэх таамаг явж л байдаг. Өөрөөр хэлбэл жалга довны улс төрд гаршсан байсныг илрүүлсэн хэрэг.

Тодотговол, мажоратари тогтолцоо буюу жижиг тойрогт тэр гурван удаа ялалт байгуулсан бол томсгосон буюу порпорцониаль тойрогт ялагдал хүлээсэн улстөрч. Ийнхүү ялагдаад байхдаа МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын сунгаанд өрсөлдөж ялалт байгуулсан ч 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН ялагдал хүлээж, тэр дүрмийн дагуу суудлаа өгсөн. Нам нь ялагдсан, өөрөө ялагдсан улстөрч олигархиудын жишиг даган, 2015 он хүртэл АНУ-ын Стэнфордын их сургуулийн Хөгжил, Ардчилал Хуулийн засаглалын хүрээлэнд судлаачаар ажиллаж байгаад эргэн улс төрд ирсэн. Ирсэн даруйдаа энд тэндгүй хууль засаглал ярьж, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хөнддөг хүний нэг болов. Тус нэмэлт өөрчлөлт нь өнөөдрийн зөв замын эхлэл болсон.

Энэ нь зүй ёсны хэрэг байсан ч ихэнх нь айсуй 2016 оны сонгуульд бэлдсэн хувь улстөрчийн акц төдий зүйл байсан гэх нь ч бий. Гэвч энэ нь МАН-ын ихэс ахсын анхааралд орж, эцэст нь УИХ-ын даргын суудалд залрах шалтгаан болов. Эрх баригчдын дараа дараагийн ялалтад Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт зайлшгүй шаардлагатай байсан учраас алдаатай оноотой ч Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хоёр удаа гардан гүйцэтгэв гэх мэдээлэл ч тэнэж л байсан.

Тэр айсуй 2024 он хүртэл өндөрлөгөөс буухгүй. Баянхонгор аймагт нэр дэвшээд очсон ч ялах нь гарцаагүй байх. Учир нь Засгийн газрын хэрэг эрхлэх газрын суудал дээрээс Баянхонгор аймгийн хэд хэдэн сумдад бүтээн байгуулалтын төсөв хуваарилсан гэдэг. Өдгөө УИХ-ын даргын суудал дээрээс бас бус зүйлийг Баянхонгорт шийдвэрлэж байгаа биз. Нөгөө талаар түүний эцэг Д.Гомбожав нутаг усандаа төдийгүй нэртэй хөдөлмөрч зарчимч хүн байсан нь нөлөөлсөн хэрэг.

Эцэг Д.Гомбожав нь 1957 оноос багийн тоо бүртгэгч, багийн дарга, сум нэгдлийн даргын ажил дамжиж, Намын дээд сургуулийг удирдах ажилтнаар, улмаар 1972-76 онд тус сургуулийн үндсэн ангид суралцан дүүргэж, намын даалгавар авч, Хэнтий аймгийн Чандганы Сангийн аж ахуйг үүсгэн байгуулах зэргээр социалист бүтээн байгуулалтад анхан шатнаас нь гар бие оролцсон Хөдөлмөрийн баатар юм.

Тэр хэдийгээр ороо бусгаа улс төрд унаж босож яваа ч сайн эцгийн нэрийг бодож явдаг гэдэгт найддаг хүн олон байдаг. Г.Занданшатар боловсролын хувьд 1987 онд 10 жилийн 77 дугаар дунд сургууль, 1992 онд ОХУ-ын Эрхүү хотын Улсын Ардын Аж Ахуйн дээд сургуулийг Санхүү эдийн засагч мэргэжлээр, 2012 онд ОХУ-ын Байгалийн Эдийн засаг, эрх зүйн улсын их сургуулийг ту тус дүүргэсэн хүн. Сургуулиа дүүргэж ирээд 1995 он хүртэл багшаар ажилласан ч Хөдөө аж ахуйн банкинд Эдийн засагч, Валютын хэлтсийн ажилтан, бүтцийн өөрлөлтийн менежер, Валютын хэлтсийн захирлаар ажиллаж эхэлсэн. Харин 1998 онд Монгол Банкны Сургалтын төвийн менежер, эргээд Хөдөө аж ахуйн банкинд Монгол банкны бүрэн эрхт төлөөлөгч, Эрх хүлээн авагчийн багийн гишүүн, 2000 оноос улс төрд иртлээ Хаан банкны Дэд захирлаар ажилласан банк санхүүгийн тал дээр чамгүй туршлага хуримтлуулсан нэгэн. Тэр хэдийгээр тавин насны босго давсан ч улстөрчийн хувьд идэрхэн эр. Манайд л хүүхэд шахам амьтдыг улс төрд өргөж тэтгээд байдгаас бусад хөгжилтэй оронд бол улс төрийн амьдрал тавин наснаас эхэлдэг жишиг бий. Тэгэхээр Г.Занданшатар чухам шатрын хүү юу, ноён уу гэдгийг ирээдүйд туулах зам нь харуулна биз ээ.

 

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангараг(192.82.84.93) 2024 оны 03 сарын 15

Занданшатар коммунист намын гишүүн учраас коммунист хүн юм. Коммунистууд монголын өнөөдрийн бүхий л муу муухайг бий болгож нийгмийг дампууруулсан.

1  |  0
чимэд(124.158.65.63) 2023 оны 03 сарын 07

УИХ-н дарга гэдэг хүн аймаар эрх мэдэлтэй нэгэн биш Гэхдээ асуудалд нөлөөлөх боломж асар их Занданшатар энэ талаар злоупотребовалж байгаа зүйл огт байхгүй УИХ-н даргад тун таараад байгаа нэгэн Ямарч байсан шатрын хүү лав биш

0  |  0
зочин(202.179.25.171) 2023 оны 03 сарын 07

шатрын хүү

0  |  0
зочин(202.179.25.171) 2023 оны 03 сарын 07

анугийн төлөөнийх гэж хардаг. 2015 суралцаж ирээд л гэнэт ҮХӨ ярьж эхэлсэн. өмнө нь тэр талаар ганч гэдэггүй л байсан даг.

0  |  0
Top