Гандантэгчэнлин хийдийн ШҮТЭЭН УРЛАЛЫН дээжсийг үзүүлж байна

2023 оны 02 сарын 10

Богд хааны ордон музей, “Манчирын наран” ТББ-тай хамтран “Гайхамшигт өв соёл-Монгол уран хатгамал” үзэсгэлэнг тав дахь удаагаа зохион байгуулж байна. 

Уран хамгамал, үйл урлах монгол ухааныг судалж, эрт цагаас эдүгээ хүртэл монголчуудын бүтээсэн гайхамшигт соёлын өвийг олон нийтэд сурталчлах зорилготой энэ үзэсгэлэнд Монголын Бурханы Шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн алтан сан хөмрөгт хадгалагдаж буй шүтээн урлалын дээжээс заллаа.

Шүр, сувд зэрэг эрдэнээр чимж, алт, мөнгөн утас дарж оёсон зээгт наамал бүтээлүүд буюу Сандуй, Жамсран, Нархажид зэрэг монгол түмний шүтээн, хамгаалагч сахиус бурхдыг 19 дүгээр зуунд урласан бөгөөд урьд зөвхөн тусгай хурал номын үеэр залж, алтан сан хөмрөгөөс гаргаж байсан удаатай. 

Мөн үзэсгэлэнд, зүү ороох хатгамлаар урласан Атистидийн дээдийг хайрлагч эх Жанлавцогзол судар бүхий Өндөргэгээн, Алтан соёмбо, зээгт наамлаар урласан Эгшигт охин тэнгэр Янжинлхам, зүү ороож хатгасан Хаан төрийн 7 эрдэнэ зэрэг уран нарийн хийцтэй бүтээлүүдийг дэлгэжээ.

Түүнчлэн энэ жилийн үзэсгэлэнд бүтээлийн эх зургаа өөрөө гаргадаг хатгамалчдын бүтээл томоохон байр суурь эзэлж байгаа бөгөөд бартай, луутай, 9 луут, 10 луут даалин, Гомбо, Жанрайсэг нагтан бүтээлүүд нь өмнө нь давтагдаж байгаагүй өнгө, дүрслэлийн өвөрмөц шийдэлтэй юм байна. 

Энэ талаар Монголын Бурханы Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдийн сан хөмрөгч лам М.Ганхуяг “Олны өмнө төдийлөн гаргаад байдаггүй цагийн бурхад Богд хааны ордонд Цагаан сарын өмнө заларч байгаа нь их сайхан ерөөл юм. Тиймээс сүсэгтэн олон маань урлагийн бүтээлээс гадна шүтээн гэдэг талаас нь хандаасай гэж хүсэж байна. Бурханы шашинд орны жанлав гэж байдаг. Богдын ордон бол адистэд жанлавтай газар. Ийм сайхан адистэд жанлавтай газар энэ олон шүтээн залагдан ирнэ гэдэг давхар жанлав оршиж буйг илтгэнэ. Гандантэгчэнлин хийд эдгээр бурхдын уншлага, тахилгыг тасалж байгаагүй. Тогтсон номынхоо дагуу, шүтээнүүдээ байнга амьтай байлгадаг гэж ойлгож болно. Богдын ордны дагшин газар эдгээр шүтээнд ирж мөргөөд, адистэд жанлав, энерги аваад гарна гэдэг бол буян юм. Эдгээр шүтээнийг хараад баясал төрж буй нь шүтээний буянд даган баясаж, өөртөө нэг төрлийн буян хурааж буй хэрэг” гэлээ.

Үзэсгэлэн энэ сарын 17-ны өдрийг хүртэл Богд хааны ордон музейд үргэлжилнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top