Г.Лхагвасүрэн: Ипотекийн зээлдэгчид 2030 онд “НЭН ЯДУУ” ангилалд орно

Ч.Үл-Олдох | Zindaa.mn
2023 оны 02 сарын 08

Монгол Улсын үндэсний зөвлөх, Эх орон, цэвэр байгаль компанийн ТУЗ-ийн гишүүн, судлаач Г.Лхагвасүрэнг “Өглөөний зочин”-оор урилаа.


-Улаанбаатар хотын замын түгжрэл, утаа гамшгийн хэмжээнд хүрээд удлаа. Хөгжлийн гарцыг та хэрхэн харж байна?

-Уг нь хүний бөөгнөрөл гэдэг эдийн засгийн болоод тухайн хот сууриныг   хөгжүүлэх асар том боломж байдаг. Тэрийг нь бараг гай боллоо гэж ойлгоод байдаг тал манайханд байна. Дээр нь хэрэгжүүлэх ёстой арга замаас шинжлэх ухааны үндэслэл гэдгийг авч яриад, цаад хэрэгжүүлэх гэж байгааг нь орхигдуулаад байдаг.Өөрсдөө мэдэхгүй бол зөвлөх үйлчилгээ авч зөвлүүлдэг. Зөвлөж байгаа хүмүүс нь “ийм байдаг юм” гэж гаднын хог новшийг ухаж танилцуулдаг. Түүнээс болж шийдвэр гаргах түвшинд дандаа алдаатай шийдвэрүүд гарч ирснээс болж өнөөгийн байдал буюу ДНБ-ний 60 гаруй хувийг үйлдвэрлэдэг, бүх аж ахуйн нэгжийнх нь 60 гаруй хувь байдаг, хүн амынх нь 50-аад хувь /албан ёсоор бол 48 хувь/ суурьшаад байгаа энэ хот уг нь эдийн засгийн хувьд хөгжих бүрэн боломжтой.

Ийм боломж бололцоогоо олсон. Үүнийгээ УИХ-аар батлуулсан ерөнхий төлөвлөгөө хүртэл байсаар атал хэрэгжүүлэхгүйгээр шийдвэр гаргах түвшинд дандаа буруу шийдвэр гаргаж ирсэн. Шийдвэр гаргагчдад мэдээлэл өгч байгаа газар, хэлтсийн дарга нар бол тухайн ирсэн, сонгогдсон нам, дарга, тэдний мөрийн хөтөлбөр таалагдаж ажилтай, амьдралтайгаа үлдэхийн тулд аргацаасан мэдээ, мэдээлэл өгснөөс буруу шийдвэр гардаг. Үүнээс нь болж нийслэл хот нь нүүж, Улаанбаатар хот нь үлдэх, ипотекийн зээлтэй хүмүүс нэн ядуугийн алхам руу орох, Улаанбаатар хот 2030 он гэхэд усны хомсдолд орох, дээр нь дулаан, цахилгаан, бусад суурь дэд бүтцийн хангамж буруу төлөвлөлтөөр явж байна.

-Тэгэхээр төлөвлөлтийг хэрхэн хийх ёстой байсан гэсэн үг вэ?

-Тухайн хороо, хэсгийн газарзүйн байршил түүний онцлогт тохирсон бие даасан болон хэсэгчилснээр төлөвлөж, тэнд оршин сууж байгаа иргэд, аж ахуй нэгж байгууллагууд  Үндсэн хуульд заасан заалтаа өөр өөрсдийн үүргийг биелүүлж, тэндээ ажиллаж, амьдрах нөхцөлийг нь бүрдүүлэхгүй байна. Түүнээс болж өнөөдөр Улаанбаатар хот маань Улаанбаатар хот гэж ярихад маш хэцүү болсон. Монгол Улсын хүн амын 50 гаруй хувь нь ямар нэгэн байдлаар гамшгаас илүү байдалд, өөрөөр хэлбэл жирэмсэн эхийн хэвлий дэх ураг  мэндлэхээсээ өмнө 4-5-аараа   эндэж байна, төрөөд гарахаараа нэгээс бусад нь ямар нэг өвчин эмгэгтэй төрж байна. энэ бол агаар, орчны бохирдлоос болж байна гэж яриад байдаг. Уг нь агаар, орчны бохирдлоос болж байгаа нь үнэн боловч  хөрсний эсвэл усны гэх мэтчилэн орчны бүхий л бохирдлыг үүсгэгч нь хүн өөрөө юм.

Ипотекийн зээлдэгчид 2030 онд “нэн ядуу” ангилал руу орж, Улаанбаатар усгүй болох тул нийслэл нүүхээс аргагүй

Аж ахуй нэгж, төрийн шийдвэр, тогтоомж журмууд мөн адил бохирдлыг үүсгэгч мөн. Үүнийгээ зөв ойлгож, ойлголцож, “Шинэтгэлийн” гээд гараад ирсэн тэр бодлогоо хэрэгжүүлэх алхамдаа болж өгвөл Монгол Улсын, монгол хүний, тодруулбал  Үндсэн хуулийн  долоодугаар зүйлийн 7.2-т заасан “Иргэний туурвисан бүтээл нь туурвигчийн өмч, үндэсний баялаг мөн” гэсэн заалтыг хэрэгжүүлээсэй. Үндсэн хуульд үндэсний баялаг гэсэн үг хоёрхон байгаа. Нэг нь монгол хүний зохион туурвисан бүтээл, нөгөө нь мал үндэсний баялаг гэж бий. Зохиогчийн эрх нь зохиогч, бүтээгчийн эрх  гэж байна. Нөгөө талаас аж үйлдвэрийн өмч гэж бий. Дээр нь шинжлэх ухаан технологийн өмч гэж байна. Дотроо ийм гурван ангилалтай байхад хольж хутгаж, журмаа хэрэгжүүлдэггүй. Өнөөдөр Үндэсний баялгийн сангийн тэргүүн нь Ерөнхий сайд байгаа. Иймд үндэсний баялгаа байгалийн баялгаас ангид авч үзэж, шинэтгэлийн бодлогоо үндэсний баялгаараа засаж, сэлбэнэ гэвэл хот, хөдөөгийн шинэтгэлээ тухайн аймаг, орон нутаг, газарт байгаа байгаль, мал амьтан, бусад түүхий эд материалд тулгуурласнаар тэрийг дагаж хийгдэх техник, багаж төхөөрөмж нь Монголд, Монголын зохион бүтээгчдэд бэлэн байгаа учраас түүнийг дагаад  хүмүүс аль болох эрүүл, аюулгүй амьдрал руу гаа тэмүүлэх нь ойлгомжтой.

-Улаанбаатар  хот усны хомсдолд орох тухай судалгаагаа  тайлбарлана уу?

-Би Улаанбаатар хотын 2020 оны Ерөнхий төлөвлөгөөний тодотгол,  2030 оны хөгжлийн чиг хандлагын усны менежментийн судалгааг манай Эх орон, цэвэр байгаль компани гардан боловсруулсан. Ус олборлолт, ашиглалт, нөөцийн асуудалд шинжилгээ, судалгаа хийсний үндсэнд бусад мэргэжлийн байгууллагын үйл ажиллагаанд дүгнэлт хийсэн. “Унд, хүнсний хангамжийн ус”, “Унд, хүнсний хангамжийн бус ус” гэж хоёр зааглан бусад хангамжийн усан дээр, ялангуяа цахилгаан станцуудын усан хангамжийг төв цэвэрлэх байгууламжийн технологийг биохими технологид шилжүүлснээр биохими технологиор боловсруулагдаж гарч ирсэн усыг тухайн цөөрөмд нь технологийн процессыг суулгаж цэвэршүүлээд, бүх цахилгаан станцыг хангах боломжтой гэж үзсэн. Мөн барилгын материалын үйлдвэрлэл, ногоон байгууламж бусад техникийн хэрэглээнд бүрэн ашиглах боломжтой гэдэг үндэслэлээр төлөвлөж байсан.

Хамгийн чухал зүйл нь гүний ордууд, өөрөөр хэлбэл геологийн тогтоцоороо хэдэн зуун мянган сая жилд тогтчихсон энэ нөөцийг хажуу талд нь худаг өрөмдчихөөр, БОАЖЯ  “Жайкагийн нөөц”, “Койкагийн нөөц” гэх мэтчилэнгээр БОАЖЯ нөөцөөр бүртгээд, тэгээд мөнгө зарлагадаад байдаг. Түүгээрээ хүмүүсийн тархийг угааж, үймүүлээд байдаг. Ингээд үнэнийг хэлчихээр арай ч “Найрамдалт харилцаанд сэв суулгалаа” гэхгүй байх гэж бодож байна. Дээр нь Мянганы сорилтын сангийн гэрээ гээд 360 сая ам.долларын буцалтгүй тусламж орж ирэхэд Монгол Улсын Ерөнхийлөгчид хүмүүс буруу мэдээ, мэдээлэл өгсөн. Ингээд Ерөнхийлөгч маань “ Монгол Улс  саарал усыг ашигласнаар 100 жил усаар айхгүй боллоо” гэж нээлтийн үг хэлсэн. Ийм бусармаг зүйлүүдийг явуулж байгаа нь харамсалтай.

-2020 оны хотын ерөнхий төлөв­лөгөөний тодотголын болон 2030 оны хөгжлийн чиг хандлагын усны нэгдсэн менежмент дээр яаж төлөвлөсөн байсан юм бэ?

 -Энэ менежментэд голуудын, ялангуяа Толгойт, Сэлбэ голыг нэг улиралтай болгох, хотын дундуур өвөл зунгүй урсгах, тухайн бичил төвүүд болон дэд төвүүдийн бохир  усыг хэсэгчилсэн  болон бие даасан байдлаар цэвэршүүлж, нэртэй, нэргүй 28 гол горхиныхоо талбайд хуримтлуулна гэж байсан.

Түүгээрээ гүний усныхаа тэжээмжийг хийж, тэрийг хийхийн тулд санд хадгалсан Толгойтын голын цөөрөм, Сэлбийн  голын цөөрөм, Улиастайн голын цөөрөм зэргээр дээшээ гадаргынхаа усыг, ялангуяа айл өрхийн гадаргын усны хэрэглээг хангах байтал энэ менежментийг огт хэрэгжүүлээгүй. Тэгээд дахин АНУ-ын Мянган сорилтын сангийн гайхалтай технологиор ганц тэжээлттэй орд болох төв цэвэрлэх байгууламжийн усаар тэжээгддэг нөөцүүдийг цэвэршүүлж, ерөнхий төлөвлөгөө дээр гурван км шугам татах байсныг 10 гаруй км шугам татахаар болгож, тэнд 30 худаг нэмж гарган, бохир усыг цэвэршүүлснээр асуудлыг бүрэн шийдсэн гэдэг асуудал ярих гэж  байна. Энэ бол хэдэн жилийн дараа “Нүүрсний хулгай” гэдэг шиг яригдаж, эзэн холбогдогчид нь алга болчихсон байж мэдэхээр байна. Энэ нөхцөлд Улаанбаатар хот нь үлдэж, нийс­лэл нь нүүх асуудал 2030 онд үүсэхээр байна.

-Хотын хог хаягдлын тухайд ямар төлөвлөлт байв?

-“Хог хаягдлын цогц менежмент”-ийг мөн хотын ерөнхий төлөвлөгөөнд оруулан батлахдаа мөн Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2, 16.2-ыг хамт хэрэгжүүлж, тухайн хороо, хэсгийн тохижилт, нийтийн аж ахуйн үйлчилгээний бичил төв дээр тухайн хорооны иргэдийн хоршоон дээр татаж авах гэж оруулсан. Өөрөөр хэлбэл,  ландфил технологийн ангилан ялгах, булах гэдгийг сайн ойлгоогүй, түүнийгээ  зөрчиж, зүгээр техник хэрэгсэл, автомашин, тоног төхөөрөмж нийлүүлэх, дарж булах гэдэг рүү орж буй асуудлыг өөрчлөх  шинэ менежмент хийхдээ хувь хүн, өрх, албан байгууллагын  норм, нормативыг тухайн хорооны онцлог, боломж, байдалд тааруулж хийх хэрэгтэй юм.

Хаягдал маск гэхэд л тэрийг хаана хэрхэн хадгалж, хэдий хугацаанд хэрхэн яаж хүлээлгэн өгөх зэрэг огт  тусгагдаагүй  байсан асуудлыг тодотгож, 24 цагийн дотор шилжүүлэх, түүнийг хариуцсан нэгжийн аюулгүй болгох, хоргүйжүүлэх нэгжид  хорооны иргэд байна. Хог хаягдлын устгалыг хурдасгах, боловсруулах гэдэг менежментийг хийгээгүйгээс өнөөдөр аливаа хог хаягдал үүсгэгч нь тодорхой бус, эзэнгүй байгаагаас амьдралын мөчлөгийн хугацаанд нь буюу, нөлөөллийн хугацаанд нь ямар нэгэн арга хэмжээ авахгүй, нөлөөлөл нь буурсны дараа, агаар, ус, хөрс, ургамалд нөлөөлж дууссаны дараа зөвхөн орон зайг нь зайчлах гэж л зөөж тээвэрлэж, тонн бүрийг 2080 төгрөгөөр булж байгааг Үндсэн хуулийн буруу гэх үү. Энэ бол хариуцлага, ханд­лага, харилцааны л асуудал. Тэгэхээр ерөнхий төлөвлөгөөнийхөө шийдэл, гарц гаргалгааг ойлгоогүй хүмүүс ийм зүйлүүд хийж байна.

-Үүний хариуцлагыг хэн хүлээх ёстой бол?

-Ерөнхий төлөвлөгөөг аль нам, хэн боловсруулсан, аль нам нь УИХ-аар батлуулсан гэдэг нам, улс төр яриад, шинжлэх ухааны үндэслэл, гарц гаргалгааг хаяснаас өнөөдөр асуудал ийм хэмжээнд хүрсэн. Дээр нь агаар болон орчны бохирдол гэх мэтээр жил болгон маш олон тэрбум төгрөгийг зарцуулахдаа зуухаа гадаадаас авна, шахмал түлшнээс боллоо, найрлагаас нь болж байна гээд сууцгааж байна.Гэтэл азотын давхар исэл, хүхэрлэг хий нь хаачсан юм бэ. Тэгэхээр эрүүл мэндийн төв, эмнэлгүүдийг  олноор байгуулах чиглэл рүү оруулбал, даатгалын тогтолцоо бусад зүйл өөр болж ирнэ шүү дээ.

Тэгэхээр хийх ёстой ажлаа хийгээгүй, эсвэл Хотын даргын мөрийн хөтөлбөр хэрэгжүүлэх үед орхисон гэх мэт асуудлыг төр хариуцахгүй. Үндсэн хууль хариуцахгүй. Тухайн үед ажил хариуцаж байсан Хотын зургаан дарга л  хариуцах ёстой. Тэр хүмүүс өнөөдөр алдар гавьяа байгуулсан мэт, нэг л их “Найрсаг Улаанбаатар, “Аз жаргалтай Улаанбаатар”, “Хүн төвтэй Улаанбаатар”-ыг байгуулж явлаа гэж ярих гэж байгаа бол эмгэнэлтэй. Харин тэдний баг бүрэлдэхүүн, төсөл хөтөлбөрөөр цалинжиж байсан хүмүүсээс тэрхүү  төсөл хөтөлбөрөөр нь Улаанбаатар хотын хүн ам буюу Монгол Улсын хүн амын 48 хувь нь эрүүл аюулгүй  орчинд амьдрах биш, өвчинтэй, зовлонтой, нэн ядуу, хэцүү, халамж хайсан нөхцөлд байгаагийн хариуцлагыг нэхэх шаардлагатай.

Үргэлжлэл бий

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
.(64.119.22.11) 2023 оны 02 сарын 08

Усгүй блох нь бол үнэн!!!!!!!!!!!!

1  |  0
чимэд(124.158.64.226) 2023 оны 02 сарын 08

mash zub sanal baina togtoz jarilsval ih jum todruulmaar hun baina

0  |  0
Top