“Rappler” сайт Монголд шинээр батлагдсан хуулийг хүний эрхэд заналхийлж байна гэв

2023 оны 01 сарын 30

“Rappler.com”-д нийтлэгдсэн Монголын тухай нийтлэлийг орчуулан хүргэж байна.


Монголын парламент энэ сарын 20-ны баасан гарагт "Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл дэх хүний эрхийг хамгаалах" шинэ хуулийг баталсан ч хүний эрхийн байгууллагууд  үг хэлэх эрх чөлөөнд заналхийлж, технологийн платформ дээрх контентыг зохицуулах эрх мэдлийг төрд олгосон хууль болсон гэж шүүмжилж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хориг тавиагүй тохиолдолд уг хууль 2023 оны хоёрдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ.

Хуульд дараах төрлийн агуулгын зөрчлийг жагсаасан болно.

-Монгол Улсын төрийн бэлгэдэл, үндэсний түүх, соёлын үнэт зүйл, соёл, зан заншлыг гутаасан

-Нийгмийн сүлжээг ашиглан залилан мэхлэх

-Хүүхдийн бие, оюун ухаан, ёс суртахуунд сөргөөр нөлөөлөхийг дэмжих, уриалах, дарамтлах

-Хүчирхийлэл, садар самуун явдлыг хөхиүлэн дэмжих,

-Бусдыг заналхийлэх, амиа хорлох, бие махбодид хор хөнөөл учруулахыг дэмжих

мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хэрэглээг дэмжих, сурталчлах

-Хэт даврагч үйл ажиллагаа, үндэсний эв нэгдлийг бусниулах, төрийн болон албаны нууцыг задруулах, алан хядах ажиллагаа, үндэсний аюулгүй байдлын эсрэг  гэмт хэрэгт өдөөн хатгасан болон уриалсан

-Үндэс угсаа, хэл, арьсны өнгө, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, шашин шүтлэг, үзэл бодол, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, хөгжлийн бэрхшээл, эрүүл мэндээр нь хувь хүн эсвэл тодорхой бүлгийг ялгаварлан гадуурхах

-Оюуны өмчийн эрхийг зөрчсөн

-Гэмт хэрэг, зөрчил үйлдэхийг  дэлгэрэнгүй зааварлах, эсхүл гэмт хэрэг, зөрчил үйлдэхийг хөхиүлэн дэмжих, турхирч, өөгшүүлэх, сурталчлах, дэмжих

-Хүүхдийг гуйлга гуйх, тэнүүчлэх, хараа хяналтгүй амьдрахад уруу татах, ятгах, турхирч, сурталчлах,

Түүнчлэн уг хуульд олон нийтийг хамарсан эмх замбараагүй байдал үүссэн тохиолдолд харилцаа холбооны сүлжээг хэсэгчлэн буюу бүрмөсөн хязгаарлах эрхийг Монгол Улсын Засгийн газарт олгосон байна. "Нест" сэтгүүлзүйн инноваци, хөгжлийн төв ТББ болон Монголын баримт шалгах төвийг удирдаж буй Б.Дууяа "Шинэ хуулийг олон нийтэд танилцуулснаас хойш гурав ч хоноогүй байхад яаран батлуулсан. Энэ бол урьд өмнө тохиолдож байгаагүй, цар тахлын хуулиас ч хурдан" хэмээн ярилаа. Нэгдүгээр сарын 18-ны лхагва гарагийн үдээс хойш УИХ-д өргөн мэдүүлсэн хуулийн төслийг 48 цагийн дараа буюу нэгдүгээр сарын 20-ны оройн 17 цагийн үед баталсан. УИХ-ын чуулганы хаалтын хуралдаанд оролцсон 52 гишүүнээс 40 нь хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ.

Ц.ДАВААСАМБУУ

 

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top